Уул, уурхайнхны хүлээлт

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Уул, уурхайнхны хүлээлт

Шинэ Засгийн газрын зүгээс уул уурхайн салбарт баримтлах бодлого, хөтөлбөр хаашаа чиглэх бол гэсэн тодорхой ганц асуулт ялангуяа гадна талд хүлээлт үүсгээд байгааг анзаарах тун амархан. Учир нь олон улсын чанартай мэдээллийн агентлагууд сүүлийн өдрүүдэд өдөр алгасахгүй шахам Монголын уул уурхайн асуудлаар мэдээлэл цацаж байна. Олон нийтийн санаа бодол төдийгүй тухайн улсын шийдвэр гаргах төвшинд нөлөөлөх хамгийн хүчтэй хөшүүрэг гэгдэж буй  медиа салбарт уул уурхайн хөрөнгө оруулагчид цаанаа зорилго тээсэн мэдээллийг зориудаар түгээж байгааг ч үгүйсгэх хэцүү. Тэдгээр мэдээллийн дийлэнх нь Монголын уул уурхайн салбар улс орныхоо эдийн засгийг төдийгүй улс төрийн чиг хандлагыг  тодорхойлох хэмжээнд хүртлээ хурцадсан болохыг сануулахын зэрэгцээ Хятадын зах зээлээс үлэмж хамааралтай гэдгийг нотлох гэсэн гаргалгаануудаар бөмбөгдөж байх аж. Мөн уул уурхайн салбарт баримтлах бодлого өнөөг хүртэл тодорхой болохгүй байгаагаас үүдээд гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй компаниудын хувьцаа унаж буйг сануулаад үүнээс үүдэж эдийн засаг, төсөв хямарч болзошгүй гэдэг таамаглалыг дэвшүүлж байна. Засгийн газар эдгээр мэдээллүүдэд ямар дүн шинжилгээ хийж, хэрхэн хариу реакц үзүүлэх нь жичдээ хэрэг. Юутай ч уул уурхайн салбарын бодлого гадна талд хөрөнгө оруулагчид, эдийн засагчдын анхаарал, сонирхлыг татаж, хүлээлт үүсгэж байна гэдгийг тэдгээр мэдээллүүд санууллаа. 

Уул уурхайн сайдын үг, үйлдэл бүрээс хариулт хүлээж байгаа хөрөнгө оруулагчид медиа салбарт хэсэг зуур тоглолт хийж, Засгийн газрын бодлого, баримтлалыг тандаж, хатгаж үзсэн. Тэгвэл одоо ингэх шаардлагагүй болж байна. Учир нь УИХ-аар яг одоо хэлэлцэж байгаа мөрийн хөтөлбөрөөс уул уурхайн салбарын бодлого, концепци албан ёсоор тодорхой болох юм. Н.Алтанхуягийн Засгийн газрын уул уурхайн салбарт баримтлах бодлого “Хариуцлагатай, ил тод” гэсэн тодорхойлолтоор илэрхийлэгдэнэ гэж Уул уурхайн сайд хэллээ. Гэхдээ үүнээс илүү тайлбарыг мөрийн хөтөлбөр батлагдсаны дараа өгөх боломжтой гэв.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хариулт хүлээж буй бас нэг асуулт нь хөрөнгө оруулалтыг цаашид дэмжих үү, эсвэл хязгаарлах уу гэдэг асуудал юм. Өөрөөр хэлбэл, өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан Стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг эргэн харах эсэх асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй. Шинэ Засгийн газар уг хуулийн концепцийг үргэлжлүүлэх нь мөрийн хөтөлбөрийн төслөөс харагдаж байгаа гэж УИХ-ын зарим гишүүд хэлж байна. Тэр тусмаа тухайн улсын төрийн өмчит аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд хязгаарлана гэдэг концепцийг үргэлжлүүлэх аж. Энэ нь төрийн оролцоот аж ахуйн нэгжээр дамжаад тухайн улсын улс төрийн оролцоо Монголд бий болохоос урьдчилан сэргийлэх арга зам болох юм байна. Түүнээс биш хувь хүн, хувийн өмчид суурилсан аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг сааруулах, хүнд суртлаар дарамтлах нь хуулийн зорилго биш гэж гишүүд хэлж байгаа.

Хариуцлагатай, ил тод уурхайг хөгжүүлэх гэдэг үзэл баримтлал дотор байгаль орчин, хүн амд аюулгүй үйлдвэрлэл эрхлэх, хамгийн гол нь асуудал хуулийн хүрээнд ил тод шийдэгддэг байх зарчмууд багтаж буй бололтой. Н.Алтанхуягийн танхим дотоод дахь томилгоо, хүний нөөцийн асуудлаа шийдэхэд өнгөрсөн хугацааг зарцуулсан бол УИХ-аар мөрийн хөтөлбөр батлагдсаны дараагаас бодлого, үйл ажиллагаагаа ил тод зарлах юм байна. Үүний дараа салбарын сайдууд өөр өөрсдийн чиглэлээрх үзэл баримтлалаа мэдэгдэж, гадна, дотно талд үүссэн хүлээлтэд хариу өгнө гэж үзэж буй юм байна.

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж