”Таван саяыг тараасан, тэгээд яах юм”

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

”Таван саяыг тараасан, тэгээд яах юм”

Унтаад босоод ирсэн чинь энэ сонгуулийн дүн өөрчлөгдчихдөг нь ямар учиртай юм бэ гэж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг СЕХ-ны даргаас асууж байсан. Харин хариуд нь СЕХ-ны дэд дарга Ч.Содномцэрэн “Бид нэг л удаа хуралдсан. Нэг л шийдвэр гаргасан” гэсэн цаанаа нэг зүйлийг хэлээд байсан болов уу. Гэхдээ Ерөнхийлөгчид УИХ-ын сонгуулийн дүнг айлтгахаас өмнө гарсан хурлын шийдвэр Ерөнхийлөгчид айлгах болохоор хувирчихсан нь хачирхалтай. Тиймээс ч Ерөнхийлөгч эргэлзэн өөр дүнтэй байх ёстой юм биш үү гэдгийг лавлаж байсан. Гэсэн ч асуудал удалгүй намжиж чимээгүй болсон. Угтаа бол Увс аймагт сонгуулийн хуулийг зөрчсөн гэх МАН-аас нэр дэвшигчдийн хэргийг тагнуулынхан шалгаж байсан учраас өргөн мэдүүлэхийг түр азнасан шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгчид танилцуулахдаа Өвөрхангайтай солиод өргөн мэдүүлчихсэн. Үүнийг одоо хэр нь ярихгүй байгаа нь хачирхалтай. Үүнээс болоод нэгэн яриа ил цагаандаа гарчээ.

    -Би таван саяыг нь тараасан.
    -Тийм үү, намайг гуравхан саяыг л тараа гэсэн.
    -Өөртөө авч үлдсэн үү?
    -Үгүй ээ, чадаагүй. Шалгахгүйг нь мэдсэн бол өөртөө ахиухан хэдэн төгрөг авч үлдэх байсан юм. Чи яасан?
    -Оройхон гараад л гялалзуулчихсан. Бас авч үлдээгүй ээ. Гэхдээ юмтай хүн шиг цацсан даа…

Иймэрхүү баярхсан аястай яриа Увсад яг одоо “хит” болж байна. Захын залуутай уулзахад ингэж онгирох бөлгөө. Хуульд зааснаар бол эдгээр залуус төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан ялтай. Хууль энэ улсад үйлчилдэггүй гэж бодсон уу. Тэрийг нь мэдээгүй ч юм уу, бүү мэд. Ямар ч байсан биенийхээ дээр гарах гэсэн залуус зүүдээ ярих гээд хулгайгаа гэгчээр л хөөрөлдөх аж.

Тэднийг тийм үйлдэл хийл­гүүлсэн гээд байгаа хоёр эрхэм өдгөө УИХ-д суугаа. “Чойжоо, Хүрлээ хоёртоо саналаа өгөхтөөн” гээд өгсөн мөнгөнийг нь зарим иргэд хууль хяналтын байгууллагад өгсөн агаад тэд нотлох баримт болгон авчээ. Асууж сураглавал сонгуулиар иргэдийн саналыг худалдаж авах гэсэн мөнгөний зарим хэсэг нь ТЕГ-т хүргэгдсэн сурагтай. Тагнуулчид мөнгөний эзэн хэн байсныг тогтоох биз. 

Дээр нь энэ хэргийг нийс­лэлийн Захиргааны хэргийн шүүхэд өгчээ. Гэхдээ саналыг нь худалдаж авах гэсэн луйварчдыг илчилсэн шударгуу нэг нь нутагтаа хавчигдаж, хүндхэн байдалд оржээ. Байж суух газраа олохгүй хавчигдсан нэг нь эхнээсээ Ерөнхийлөгчид хан­дан асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ.

Үүнээс нь болсон уу, Ерөнхийлөгч Увс руу их тахилга хийхээр явахдаа Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг багтаа оруулаагүй.

Ямартай ч энэ сарын сүүлээр шүүх хурал нь болох байх гэсэн тодорхойгүй хариулт олдлоо. Мөн мөнгө тарааж буй бичлэг нь www.youtube.com –оор цацагдав. Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын рефрентээр ажиллаж байгаад халагдсан Ш.Чинбат нар өдгөө хэргээ шалгуулсаар буй аж. Харин саналаа худалдаж буй оюутнууд юу хийж явааг чөтгөр л мэдэх байх.

“Увс аймгийн нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэх асуудал яригдсан. Увсын нэр дэвшигчдийн хувьд буруутай нь шүүхээр шийдэгдээгүй, шалгаг­даж байна” гэж СЕХ-ны дарга Н.Лувсанжав хэлээд байгаа. Шүүх тэднийг гэм буруутайг нь тогтоовол мань хоёр эрхэм УИХ-ын гишүүнээс татагдана.

Өөр бас нэг шүүхийн шийдвэр хүлээж буй тойрог бол Өвөрхангай. Бас МАН-ын нэр дэвшигчид мөнгө тараасныг анхан шатны шүүх тогтоосон. Гэхдээ нийслэлийн Шүүх энэхүү хэргийн харъяаллыг нь Өвөрхангайн шүүхэд хамаатай гээд шилжүүлчихсэн. Тиймээс асуудал болсон газартаа шийдэг­дэнэ гэсэн үг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээвэл МАН-аас УИХ-ын 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар УИХ-д орохгүй. Тэдний оронд 28 хувиас дээш санал авсан дараагийн эрхмүүд орж ирнэ гэсэн үг. Гэхдээ энэ их хурлын бүрэн эрхийн дөрвөн жилийн хэд дэхээс нь орж ирэх вэ гэдгийг бурхан л мэдэх байх. 2004 онд Өвөрхангайд Ардчилсан намаас нэр дэвшсэн З.Энхболд шүүхээр маргаанаа шийдүүлж явсаар байгаад хоёр жилийн дараа тангараг өргөж байлаа. Харин 2008 оны УИХ-ын сонгуулийн Баянгол дүүргийн маргаан жилийн дараа эцэслэн шийдэгдэж С.Эрдэнэ тангараг өргөсөн билээ.  

Үүнээс гадна будилаан гарсан Сонгинохайрхан, Баян­­­зүрхийн тус бүр нэг нэг мандатыг эзнийг дахин сон­гууль явуулж тодруулахаар болоод буй. Дахин сонгуулийг орон нут­гийн сонгуультай хамт явуул­на гэсэн мэдээлэл байна. Энэ талаар СЕХ-ны дэд дарга Ч.Содномцэрэнгээс лавлавал “Хуралтай байна” гэсэн хариул­тыг өглөө.  

Харин өөр нэгэн суудал эзгүй байгаа нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар. Тэрээр “Би тангаргаа удахгүй өргөнө” гэх товчхон хариултыг хэлээд буй. Түүний удахгүй гэдэг нь ямар хугацаа болохыг харж л сууя. Үнэндээ бол тэрээр тангаргаа өргөхгүй байгаа шалтгаан нь намынх нь дарга Н.Энхбаяртай холбоотой. Тэрээр өөрийг нь нэрсийн жагсаалтаас хассан асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Энэ асуудлаас болоод Ц.Оюунбаатар тангараг өргөхөө хойшлуулаад буй.

Энэ мэт шалтгаанаар УИХ-ын 76 суудлыг тав нь эзгүй байна. Дээр нь шүүх, тагнуулынхан шалгаж байгаа хоёр суудлыг тооцвол 7 суудлын төлөөх маргаах үргэлжилж байна. Тэр чинээгээрээ сонгог­чид төлөөлөлгүй байна гэсэн үг.

Сонгуулийг луйваргүй, санал худалдаж авахыг хориг­лосон, мөнгөний бус сонгууль болгоно гэж баталсан хуулиар нь явуулсан сонгууль урьд урьдынхаас ч илүү маргаантай болжээ. Сонгуулийн луйврын эсрэг заалтуудыг оруулахад хамгийн их хүчин чармайлт тавьсан хүн нь өнөөгийн УИХ-ын дарга өөрөө.

Гэтэл танхим нь таван гишүүнээр дутуу хоёр сарын нүүрийг үзлээ. Уг нь энэ асуудлыг шийдвэрлүүлэхийг хамгаас илүү чухалчлах нь УИХ дарга өөрөө. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлнө гэсэн үг биш. Харин асуудлыг хурдасгахын тулд УИХ-ын даргын хувьд анхаарлаа хандуулах л хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр дээрх мар­гаан­тай тойргуудын хэрэг хэрхэн шийдэгдэхээс Монгол Улсын шүүх шударга эсэхийг олон түмэн харна. Мөнгийг аваад саналаа худалдчихсан нь нотлогдсоор байтал шүүх хэрхэн шийдэх бол гэж иргэд хүлээж суугаа. Шүүхийн шийд­вэрүүдээс л хамаарч цаашид сана­лаа худалдаж болдог юм байна эсвэл худалдвал хуулийн өмнө хариуцлага хүлээх юм бай­на шүү гэсэн ойлголт тогтоно.

Энэ нь дараа дараагийн сонгууль шударга болох уу, шударга бусаар үзэлцэх гэх жишгийг тогтооно. Тэгэхгүй бол “Таван саяыг тараасан, тэгээд яадаг юм” гээд хээв нэг бурагсдын тоо хэдэн мянгаар тоологдох вий. Энэ улсын хууль ижил тэгш үйлчилдэг гэж л найдья.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж