“Цагаандариум” арт галерейд зураач Х.Ууганбаяр “Сансраас унасан үлгэр” хэмээн нэгэн өвөрмөц үзэсгэлэнгээ нээх гэж байна. Бид хүүхэд ахуй цагаасаа л үлгэр сонсон түүгээр хүмүүжин өсдөг.
Харин уран бүтээлчийн нүдээр тэрхүү төсөөллийн ертөнц маань ямархан өнгө будгаар хэрхэн буусаныг энэ үзэсгэлэнгээс ирж тольдож болох нь ээ. Зураачдын ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээ бусдаас тун ч өвөрмөц, онцгой. Тиймдээ ч тэдний бүтээлүүдэд цэнхэр морь, далавчтай бүсгүй, улаан од гээд энгийн хүний хэзээ ч зүйрлэн бодож байгаагүй зүйлс буудаг бол уу.
Зураач Х. Ууганбаяр “Сансраас унасан үлгэр”-ийн ертөнцөөр аялуулахаар орчин үеийн оюун сэтгэлгээний мөн чанаруудыг үлгэр, домгийн хийсвэр сэтгэлгээтэй хослуулан уран зурагтаа буулгажээ. Тэрбээр хүн байгалийн хоорон дахь салшгүй холбоосийг өөрийн хэв маягаар дүрслэн илэрхийлсэн байна.
“Сансраас унасан үлгэр” үзэсгэлэн энэ сарын 16-наас үзэгчдийн хүртээл болох ба энэ сарын 19-нд 18.30-д албан ёсны нээлтээ хийх юм. Үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 7-н хүртэл үргэлжлэх тул та зав гаргаад бийрний үзүүрээр буусан үлгэрийн ертөнцөөр аялаарай.
Зургийг ЭНД дарж үзнэ үү.