“Э.Бат-Үүл баатрыг хүндэлж явдаг, заамдалцсан асуудал байхгүй”

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

“Э.Бат-Үүл баатрыг хүндэлж явдаг, заамдалцсан асуудал байхгүй”

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын ажлыг зогсоох талаар хотын даргын захирамж гарсан билээ. Эдгээр барилгуудын дотор Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 40 мянгатын 40, 41 дүгээр байрны ард УИХ-ын гишүүн Г.Баярсайханы мэдлийн барилга баригдаж байна. Энэхүү барилга нь тэр хавийн орон сууцны цонхнуудыг хааж байгаа учир оршин суугчид нь бариулахгүй гэж эсэргүүцсэн учир уг барилгыг цаашид бариулахгүй гэсэн шийдвэрийг хотын захиргаанаас гаргасан байна. Харин дээрх барилгатай холбоотой маргаанаас үүдэж  УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Хотын дарга Э.Бат-Үүлтэй муудалцаж, заамдалцсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас өөрөөс нь тодрууллаа. 

-Таныг Хотын дарга  Э.Бат- Үүлтэй муудалцаж, заамдалцсан гэсэн мэдээлэл байна. Та энэ тал дээр  тайлбар хэлэхгүй юү?

-Сүүлийн үед манай намыг дотроос нь хагалах бутаргах сонирхолтой зарим улс төрийн хүчнүүдэд байх шиг байна. Хүний хийгээгүй зүйлийг хийсэн болгож гүтгэх нь хэрээс хэтэрлээ. Хотын дарга Э.Бат-Үүлийг заамдсан, муудалцсан гэж байна. Энэ мэдээлэлд албан ёсоор тайлбар хэлэхэд, нэгдүгээрт Э.Бат-Үүл Монгол Улсын баатар хүн. Миний хүндэлж явдаг хүний нэг. Энэ хүний ардчилалд оруулсан хувь нэмрийг нь хүндэлдэг. Бидний хооронд ямар ч тийм асуудал үүсээгүй. Өөрөөр хэлбэл, биднийг зориуд муудалцуулах гэсэн явуургүй үйл ажиллагааны нэг гэж ойлгож байна. Хэрвээ зарим улс төрийн хүчний захиалгаар энэ асуудлыг дэвэргэж хөөрөгдөхийг хүсч байвал тухайн хүмүүст бүтэхгүй гэж хэлмээр байна.

-Тэгвэл таны нэр дээр байгаа гэх барилгын компанийн тал дээр юу хэлэх үү?

-Надад ямар ч хувийн барилгын компани байхгүй. УИХ-ын гишүүд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчихсөн.Тиймээс намайг ямар эд хөрөнгөтэй эсэхийг хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно гэж хэлмээр байна.

С.СҮНДЭР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж