”Зээлийн хүүг нэг оронтой тоо руу буулгана”

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

”Зээлийн хүүг нэг оронтой тоо руу буулгана”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гишүүд төв банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь дэд ерөнхийлөгч Н.Золжаргалыг томилуулах тухай УИХ-ын дарга З.Энхболдоос гаргасан хүсэлтийг хэлэлцээд дэмжлээ. Гэхдээ энэ асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж батлагдах ёстой. Ямар ч байсан байнгын хорооны төвшинд эл асуудлыг хэлэлцэх шатанд Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Золжаргал нь “Арилжааны банкны одоогийн зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд шилжүүлэх боломжтой. Ийм боломж нээгдсэн. Ер нь арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулахгүйгээр бодит эдийн засгийг дэмжих, нөгөө талаас инфляцийг бууруулах боломжгүй” гэдэг тайлбар хэлж байна.

Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нэр дэвшигчид хандан “Дэлхий дахинд эдийн засгийн хямрал гүнзгийрэх төлөвтэй байна. Энэ нь Монгол Улсад нөлөөлөх магадлалтай, ийм үед төв банк ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ. Уул уурхайгаас хэт хамааралтай улсын хувьд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ ханш унаж байгаа нь маш их сөрөг үр дагавар дагуулна, түүнээс хэрхэн сэргийлэх бололцоо байна вэ” гэдэгт хариулт өгөхийг хүссэн юм.

Н.Золжаргал:-Банкны систем дэх эрүүл байдал түрүүчийн хямралтай харьцуулахад харьцангуй сайн. Гэхдээ ирж байгаа хямралын үр нөлөө, хэр удаан үргэлжлэх вэ гэдгээс нэлээд зүйл шалтгаална. Тэр дундаа Европ, Хятад зэрэг орнуудад үүссэн хямрал нь Монголд шууд нөлөөлж эхэлж байна. Монгол Улсын хувьд дотоодын үйлдвэрлэл сул, валютын нөөц хангалттай хэмжээнд бүрдээгүй, гадаад зах зээлд уул уурхайгаас гаралтай бүтээгдэхүүний үнэ унаж байгаа зэрэг нь Монголын эдийн засгийг улам хэврэгшүүлж байна. Өөрөөр хэлбэл, энэ мэт шокноос эдийн засгийг тогтмол хамгаалж байх ёстой ч орчин нь хараахан бүрдээгүй гэсэн үг. Хэдий нөхцөл байдал амаргүй ч Монголбанкны хувьд холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллана” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Монголбанкны удирдлагыг эхэлж намын бүлгээр ярилцдаг практик байдаг шиг санагдана. Энэ удаад намын бүлгээр ярилгүй шууд байнгын хороонд асуудлыг оруулаад ирэв үү гэж бодогдлоо. Дээр нь ганц хүн нэр дэвшүүлсэн нь өрсөлдөгчгүйгээр оруулж ирлээ гэж ойлгох болох уу. Үүнд УИХ-ын дарга хариулт өгөх хэрэгтэй байна” гэсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд:-Монголбанк өөрөө онцлогтой байгууллага, бүлгийн хурлаар төв банкны удирдлагад нэр дэвшигчийг хэлэлцэх үү, үгүй юу гэдэг асуудлыг өөрсдөө шийднэ. Хуулиараа төв банкны ерөнхийлөгчийг УИХ-ын дарга нэр дэвшүүлнэ хэмээн заасан байдаг, өрсөлдөгч нарын хувьд хуулиар заагаагүй тул сонинд зар тавих боломжгүй хэмээв.

С.Дэмбэрэл гишүүн дараагийн асуултаа төв банкны ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Золжаргалд хаягласан юм. Тэрбээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт банкны зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд аваачна. Инфляцийг бууруулна, бодит эдийн засгийг дэмжинэ гэсэн. Энэ бүхнийг давхар хийх боломжтой юу” хэмээн лавлав.

Н.Золжаргал:-Арилжааны банкуудын зээлийн хүүг бодитойгоор бууруулах боломжтой. Зээлийн хүүг бууруулахгүйгээр бодит эдийн засгийг дэмжих бололцоогүй. Инфляцийн өсөлт нь бага, дунд орлоготой иргэдэд хүндээр тусч байгаа. Тиймээс төв банкны хувьд инфляцийг бууруулах арга замаа өөрчлөх шаардлагатай болж байгаа” гэсэн хариу тайлбар хийлээ. Мөн валютын ханшийн чангарал нь дотоодод ажлын байр нэмэгдүүлэхэд бодитоор хор учруулж буйг онцоллоо. Гэхдээ төв банкны хамгийн нэн тэргүүний зорилт нь валютын ханшийг аль болох тогтвортой болгох. Өөрөөр хэлбэл, валютын ханш нэг бол өсч нөгөө бол сулраад байх бус урт удаан хугацаагаар тогтворжуулах нь эмзэг эдийн засагтай Монгол Улсад хамгийн чухал үзүүлэлт болохыг тэрбээр дуулгалаа.

Ийнхүү ямар ч байсан өнөөдрийн байнгын хорооны хуралдаанд гэнэт төв банкны ерөнхийлөгчийн томилгоотой холбогдох асуудал орж ирсэн нь нэг талаараа өнгөрсөн хугацаанд төв банкны ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн олон таамагт хариулт өглөө. Учир нь дээрх албан тушаалд дан ганц Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалын нэр яригдаад зогссонгүй МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугараас эхлээд Нийслэлийн Засаг даргын орлогч асан Да.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ нарын нэр дуулдсан ч өрсөлдөгчгүйгээр ийн цойлж гарч ирлээ. Гэхдээ эх сурвалжуудаас авсан мэдээллээр бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж Монголбанкны удирдлагын асуудлыг хэлэлцэх шатанд байр суурь зөрөлдсөн байна. Өөрөөр хэлбэл, 100 хувь Н.Золжаргалыг нэр дэвшүүлнэ гэж санал нэгдээгүй, өөр хүнийг нэр дэвшүүлэх саналтай гишүүд байжээ. Хэдий нөхцөл байдал ийм байсан ч УИХ-ын дарга З.Энхболдын зүгээс Н.Золжаргалыг хүчлэн санал болгосон, араас нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хүч өгсөн гэх мэдээлэл байгаа юм.

Ямартай ч хямрал айсуй энэ өдрүүдэд Монголбанкны мөнгөний бодлогыг атгах ерөнхийлөгчөөр Н.Золжаргал томилогдох нь тодорхой болж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж