-“Номин талст” хамтлаг “Бид” дуугаа дахин клипжүүлэн фенүүдээ хүргэлээ. Яагаад заавал энэ дууг сонгох болов?
-Манай хамтлагийнхан “Бид”, “Дурласан сэтгэл” гээд хоёр дуугаа шинээр бичүүлсэн. Дурласан сэтгэл дуугаа жазз, поп стилиэр, “Бид” дуугаа дахин шинэчилж, поп альтернатив стилиэр хийлгэсэн. Энэ төрөл жанрууд одоо орчин үед дэлхий нийтээр тоглогдон моданд орж байгаа гэх юм уу даа.
Тийм болохоор тухайн үеийн үзэгч, сонсогчдод хүрч байсан тэр бичлэг өнөөдрийн шаардлагыг мэдээж хангахгүй. Тиймээс бид энэ дуунуудаа 15 жилийн дараа илүү ур чадвартайгаар буюу мэргэжлийн талаасаа дуулалт, хоолойны тавилт, хөгжмийн дуугаралт гээд бүх зүйлийг мэрэгжлийн өндөр төвшинд хийлгэсэн байдалаар өнөөгийн залуучуудад хүргэхээр анхны хоёр уран бүтээлээ сонгон авсан.
-Тун удахгүй 15 жилийн ойдоо зориулсан тоглолтоо хийх гэж байгаа шүү дээ. Бэлтгэл ажил хэр явагдаж байна?
-Тоглолтын бэлтгэл ажил эхэлчихсэн явж байна. Энэ хугацаанд бид нар бэлтгэл сургуулалтын ажлаа хийж байгаа. Ерөнхийдөө бүх дуунуудын аранжровк, найруулга, дуугаралтуудыг сайн байхаар бодож, шинэчлэн янзалж, өөрчилөн хийж байгаа. Бүх дуунууд амьдаар дуулагдах учраас нэлээд их бэлтгэл , сургуулалт шаардлагатай. Бид нартай харьцангуй олон жил ажилласан мэргэжлин хөгжимчид хамтарч тоглож байгаа учраас хөгжмийн дуугаралт, ур чадвар дээр айхгүй байна. Гол нь өөрсдөө бид дуунуудаа маш сайн бэлдэж, сайн дуулах ёстой. Тийм болохоор үүндээ л анхаарлаа хандуулаад явж байна. Тоглолт маань 29, 30-нд “UB Palace”-ын концертын их танхимд болно. Манай “Total music”-ынхан хөгжим, гэрэл, дуугралтын тал дээр хамтран ажиллаж байна. Мөн БНХАУ-аас дууны инженер, гэрлийн инженер урьж ирүүлэхээр тохиолцсон байгаа.
-Гитарчин Өөжгийг танай хамтлагийн шинэ цомог, тоглолт дээр продюсерээр ажиллаж байгаа гэж дуулсан?
-Өөжгий ах манай хамтлагийн хөгжмийн продюсераар буюу хөгжмийн асуудлыг хариуцан ажиллаж байна. Мөн дээр нь манай хамтлагт шинэ дуунууд зохиож өгсөн. Түүний “Намайг” гэдэг дууг бид дуулсан. Удахгүй бас уянгын нэг дууг нь дуулах гэж байна. Түүний дараа “Монголоо хайсан Монгол” гэдэг томоохон хэмжээний бүтээл дээр гээд ер нь он дуустал бид хамтарч ажиллана.
-Хамтлаг дуучид ойгоо тэмдэглэхээр ихэвчлэн хуучны “хит” дуунуудаа хүргэдэг. Шинэ тоглолтод сүүлийн үеийн уран бүтээлүүд багтав уу?
-Манай хамтлаг шинээр хийсэн найм, есөн уран бүтээл байгаа. Тийм болохоор хүмүүст хүргэж амжсан шинэ дуунуудаа дуулна. Онцлох дуу гэвэл “Sweetymotion” хамтлагтай хамтран дуулсан дуэт дуу байгаа. Энэ нь өөрөө хоёр хамтлаг 15 жил болж байгаа гэдэг утгаараа санал тавин цаг хугацаа залуу нас гэсэн сэдэвтэй дуу хийж байна. Удахгүй болох тоглолтынхоо өмнө энэ дуугаа хүмүүст хүргэх ажиллаж байна.
-Бас 15 жилийн ойдоо зориулан шинэ цомог худалдаанд гаргана гэсэн?
-Шинэ цомгийн зургаан дууг бид бичүүлчихсэн байгаа. Бидэнд цаг хугацаа хэрэгтэй байна. Хугацаа байж бид дуунууддаа клип хийлгэн үзэгчдийн хүртээл болгоно. Бага багаар шинэ дуундаа клип хийн үзэгчдэд хүргэж байна даа.
-Шинэ цомог хэдэн дуутай байх вэ?
-Есөөс арван дуутай байхаар төлөвлөсөн. Цомог маань шинэ оноос өмнө буюу ирэх шинэ жилийн үеэр л худалдаанд гарна даа.
-Хэсэг хугацаанд түр завсарлаад эргээд хамтлагаараа нэгдэн уран бүтээлийн ажилдаа орлоо. Мэдээж эрч хүчээр дүүрэн байгаа бол уу?
-Мэдээж энэ амралт бол бидэнд эрч хүч өгсөн. Тийм болохоор уран бүтээлүүд нэлээд чанаржлаа. Энэ хугацаанд дуучдынхаа хувьд 10 жилийн өмнөхөөсөө нэлээд чадваржсан зүйлүүд ч бас байгаа. Тийм болохоор бид тоглолт дээрээ өөрсдийнхөө ур чадварыг хэр зэрэг өссөн бэ гэдгийг харуулах үүднээс тоглоно гэж бодож байна. Дээр нь шинэ уран бүтээлийн хувьд ч та бүхэн сонсоход, дуулалтын чадвар мэргэжлийн төвшинд дээшилсэн гэж хэлж болно.
Тэд энэ сарын 29, 30-нд “UB Palace”-д “Номин талст 15 жил” бие даасан тоглолтоо хийх гэж байгаа юм.