“Спортын төв ордон”-оо аварцгаая!

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

“Спортын төв ордон”-оо аварцгаая!

Монгол улсын Ерөнхий сайдын 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн захирамж гарч, Спортын төв ордны барилгыг нийтийн дуудлага худалдаагаар оруулан зарж борлуулах тухай оруулжээ. Монголын спорттой холбоотой хэний ч толгойнд багтамгүй энэ шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг яагаад гаргах болов гэхээс илүү олон заалтын дотор ганц муу “ордон”-оо устгах заалтыг хэн шургуулав гэдэг нь сонин. (“Шургуулсан” заалтыг зурагт хавсаргав.)

Монголын ард түмний хэдэн арван жилийн турш хүлээсэн олимпийн аваргыг бэлтгэж, тэднийг магнай хагартал баярлуулсан олон амжилтын уурхай болсон энэ ордноос дэлхий дахинд монголын охид, хөвгүүдийн эр зоригийг харуулсан түүхэн гавьяатнууд ээлж дараалан төрөн гарсаар байна. Нийтийн дуудлага худалдаагаар худалдсан тохиолдолд авсан эзэн нь яаж ашиглахаа мэднэ гээд ордон маань спортын ордон биш болох нь ойлгомжтой. Спортын төв ордныг буулгаж нураалаа гэсэн үг дээ. Хувьчилж авсан нөхөд яаж дураар дургидгийн жишээ бидэнд олон байна. Гэвч спортынхон, Монголын ард түмэн ганц ордноо зүгээр ч нэг “буулгуулахгүй” байх. Ерөнхий сайд ч шийдвэрээ эргэн нэг нягтлах нь зүйтэй.

Нэмж хэлэхэд энэхүү шийдвэр нь Монгол улсын биеийн тамир, спортын тухай хуулийн 21-р зүйлийг зөрчих үйлдэл болно гэдгийг анхааруулмаар байна. Тус хуулийн 21.2-т зааснаар “…төрийн өмчлөлд байгаа биеийн тамир, спортын байгууламжийг адил байгууламж барихгүйгээр буулгахыг хориглоно.” гэжээ. Энэ нь дээрх шийдвэрийн гүйцэтгэлийг хуулиар хориглосон гэсэн үг л дээ.


"Монгол улсын Биеийн тамир, спортын тухай" хуулиас

Эрүүл чийрэг монгол хүн хөтөлбөр дэвшүүлж байгаа энэ Засгийн газар ийм шийдвэр гаргасанд үнэхээр гайхаж, бас харамсаж байна. Уг нь эрүүл чийрэг хүн төрөх жинхэнэ уурхай бол спортын ордон байгаа юм. Энэ ордоноос төрөн гарч байгаа дэлхийд дийлдэхгүй, бяр тэнхээ, авхаалж самбаатай тамирчин залуусыг хараад Монголын ард иргэд үлгэр дуурайл авч, эрүүл чийрэг иргэн болон төлөвших ёстой гэж боддог. Хүн бүрийг эрүүл чийрэг байлгахын төлөө энэ ордонд байгаа хүмүүс ажил, үйл ажиллагаа явуулж, олон арван спортын арга хэмжээ, тэмцээн, наадмыг зохион байгуулж байна. Харин ордныг зориулалтаар нь ашиглах, төрөл бүрийн спорт хөгжих менежментийг сайжруулж, Монгол улсад биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх шинжлэх ухаан, бэлтгэлжилтийн төв бааз суурь болгон ашиглах тухай бодох цаг нь болсон. “Буулгах” биш улам тордох, болж өгвөл суурин дээр нь шинэ ордон сүндэрлүүлэх тухай шийдвэр хэрэгтэй байна. Өнөөгийн Ерөнхий сайдыг Тэргүүн шадар сайдаар ажиллаж байх үеийн Засгийн газар энэ талаар хэлэлцэж, судалгаа төсөл хийсэн асуудал байдаг сурагтай.

Одоогоор энэ ордон бүр болохоо байчихсан юм алга. Олимпийн тамирчдаа амжилттай бэлтгэн сүүлийн хоёр олимпоос 2 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Үндэсний шигшээ багийн 10 орчим төрлийн 250-280 тамирчин, дасгалжуулагч тогтмол бэлтгэлээ хийн, спортын эмнэлэг, эрдэм шинжилгээний алба ажиллаж, хүүхдийн спортын сургалттай ЕБСургуульд 800 хүүхэд сурч, спортын холбоод болон төрийн байгууллага үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг ажээ. Жил бүр спортын төв ордонд 300 орчим тэмцээн зохиогдож, 175 000 үзэгч, спорт сонирхогчид ирдэг аж.

Ерөнхий сайдын захирамжид хэн гээч этгээд ийм атгаг санаа шургуулав, тэр хүн энэ санаанаасаа ухрахыг хүсэж байна. Н.Алтанхуяг сайд шийдвэрээ эргэн харна гэдэг итгэл алдраагүй байна. Тамирчид, дасгалжуулагчид, спорт сонирхогчид, үзэгчид “Спортын төв ордон”-оо авран хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.

Хүндэтгэсэн,

МҮОХ-ны гишүүн Чимэддоржийн Бат-Эрдэнэ

Эх сурвалж: http://chbata.blogspot.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж