“Импортын бараанд 20 хувийн татвар ногдуулах нь эрсдэлтэй”

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

“Импортын бараанд 20 хувийн татвар ногдуулах нь эрсдэлтэй”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж байна, түүгээр Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг хийж буй юм. Ингэхдээ хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд гишүүд горимын санал гаргаж буй ч ихэнхдээ дэмжлэг хүлээж чадахгүй унасаар байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун импортын бараанд ногдуулах татварыг Дэлхийн худалдааны байгууллагаас тавьдаг шаардлагад нийцүүлье гэдэг санал гаргав. Дэлхийн худалдааны байгууллагын зүгээс импортын бараанд ногдуулах татварыг 20 хувь хүртэл тогтоох боломжтой хэмээн заадаг байна. Гэвч УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Барилгын материалыг бид дотооддоо 100 хувь үйлдвэрлэж чаддаггүй. Ийм нөхцөлд импортын бараанд ногдуулах татварыг нэмэгдүүлэх нь эрсдэлтэй. Өмнө нь Монгол Улс хүнсний ногоогоо гадаадаас импортоор авдаг байхад улирлын чанартайгаар 15 хүртэл хувийн татвар ногдуулж үндэсний тариаланчдаа хамгаалдаг байсан. Иймэрхүү уян хатан чанартайгаар татвар ногдуулахдаа дотоод байдал ямар вэ гэдгийг мэдэрч санал хураахгүй бол олон олон сөрөг үр дагавар дагуулна” гэсэн юм. Үүнтэй УИХ-ын бусад гишүүд санал нэг байгаагаа хэлээд эл асуудлыг эргэж нягтлах нь зүйтэй хэмээн үзлээ.

Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монголбанк, Хөгжлийн банк нь улстөрийн нөлөөллөөс ангид байх ёстой” гэсэн горимын санал гаргаж санал хураалгасан ч дэмжлэг хүлээсэнгүй уналаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Баруун, зүүн бүсийн төвийн тулгуур төвийг холбох мянганы төмөр зам төсөл боловсруулъя” гэсэн санал гаргасан юм. Харин УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “УИХ-аас 2010 оны зургадугаар сард Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Түүнд гурван үе шаттайгаар төмөр замыг хэрхэн барьж байгуулах тухай туссан. Тиймээс эл асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт давхар тусгаад байх нь зохисгүй юм аа” гэж байв. Харин Шадар сайд Д.Тэрбишдагва “Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд хааш нь хэдэн км төмөр зам тавих вэ гэдэг нь маш тодорхой байх ёстой, тэр утгаараа саналыг дэмжих нь зөв” гэсэн юм. Эл асуудлаар гишүүдээр санал хураалгахад дэмжлэг хүлээсэнгүй мөн л уналаа. Энэ мэтчлэнгээр Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн төсөлтэй холбоотойгоор гишүүдээс гаргасан горимын саналаар санал хураалгасаар байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж