Э.Амартүвшин Онегинд гоцлоно

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин Онегинд гоцлоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр ирэх аравдугаар сарын 7-нд 50 дахь жилийн уран бүтээлийн нээлтээ хийх гэж байна. Дуурийн нээлтийг  ОХУ-ын суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээхээр болсон юм.

Учир нь анх 1963 оны тавдугаар сарын 15-нд ДБЭТ “Евгений Онегин” дууриар нээлтээ хийж байсан түүхтэй.  Тиймээс ДБЭТ-ын хамт олон  50  дахь жилийн уран бүтээлийн  нээлтийн үйл ажиллагаагаа тус дууриар хийх гэж байна. Манай тайзнаа 67 дахь удаагаа эгшиглэх гэж буй тус дуурийн гол дүрд буюу Онегинд Гавьяат жүжигчин, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин дуулахаар болжээ.

Харин түүний хайрт бүсгүй Татьянад Соёлын тэргүүний ажилтан, сопрано Ө.Уянга, Ольгод меццо сопрано Ц.Ариунаа, Ларинад  меццо сопрано М.Дариймаа, асрагч эхэд Соёлын тэргүүний ажилтан меццо сопрано Р.Доржхорлоо, Ленскийд тенор Г.Шижирболд, Греминд басс О.Хүрэлбаатар, Трикед борса тенор Б.Гомбо-очир, сумангийн даргат баритон Э.Бумхүү, Гельод басс О.Батбаатар, Испани элчинд тенор Б.Мөнхтөр нар тогложээ.

Алдарт “Евгений Онегин” дуурийг найруулагч Л.Эрдэнэбулганы найруулгаар, удирдаач Ж.Бүрэнбэр дохино.

1877 онд гурван бүлэг долоон үзэгдэлт тус дуурийг бичиж байх үед нь хөгжмийн дээд сургуулийн нэгэн оюутан түүнд хайр сэтгэлтэй болсноо илэрхийлж, олон удаа захидал ирүүлсэн байжээ. Тэр эмэгтэйн сэтгэлийг туурвиж байсан дуурийнхаа Татьянатай зүйрлэн өрөвдөж хайрлахдаа өрх гэрийнхээ эзэгтэй болгожээ. Гэтэл тун удалгүй авааль гэргийнх нь ааш танигдаж,  хийсвэр хөнгөн болохыг нь мэдсэн тул П.И.Чайковский сэтгэл санаагаар гутран, уран бүтээл нь ахихаа байжээ. Гэвч тэрбээр эрс шийдвэр гарган бэртэгчин амьдралтай зууралдан суухаа ор тас мартан Петербург болон гадаадын орнуудаар аялсан гэдэг. Энэ хугацаанд тэрбээр дөрөвдүгээр симфонио бүр мөсөн дуусгаж, “Евгений Онегин”, “Орлеанй хүүхэн” дууриудаа бичиж, “Их жүжигчний дурсгалд” гурвал болон хийлийн найрал концерт, “Италийн Капричио” зэрэг алдарт бүтээлүүдээ туурвижээ. Түүнийг “Евгений Онегин” дууриар А.С.Пушкиний романы баатруудын дүрийг хөгжмийн хэлээр улам тодорхой, ойлгомжтой болгон дахин амьдруулж, дуурийн урлагийг шинэ хэлбэрээр баяжуулсан хэмээн урлаг судлаачид дүгнэдэг юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж