Хөшөө “хуулсан” гадаад иргэд хуулийнхны амыг таглажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Хөшөө “хуулсан” гадаад иргэд хуулийнхны амыг таглажээ

Швейцар улсын хоёр иргэн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган, Төв зэрэг аймгийн нутгаар явж түүх соёлын хосгүй үнэт дурсгал болох гэрэлт хөшөөний бичээс, хадны сүг зургийг тусгай цаасанд буулган авсан төдийгүй хүн чулуу болон бусад хөшөө дурсгалын хэвийг ч мөн хуулбарлан авч байсныг илрүүлэн, цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн.

Швейцарь иргэд манай улсын түүх соёлын хосгүй үнэт өв дурсгалыг яах гэж хуулбарлаж авсан, ямар зорилгоор ашиглах гэж байсан тухай мэдээллийг тодруулахаар өчигдөр бид сурвалжиллаа.

Баувар, Треза гэх эрэгтэй, эмэгтэй хоёр өнгөрсөн наймдугаар сарын дундуур манай улсад иржээ. Тэд Улаанбаатарт хоёр хоноод орчуулагч хөлслөн авч хөдөө орон нутгаар аялахаар явж. Аль аймгийн аль сумын нутагт ямар хөшөө, дурсгал байгааг маш тодорхой тэмдэглэсэн газрын зургийг авч явсан бөгөөд зураг дээр тэмдэглэсний дагуу бүх газруудаар явсан байна. Хүн чулуу, хөшөө дурсгал дээр тусгай цаас нааж байгаад наанаас нь хор түрхэж хэвийг нь яг адилхан буулгаж авч байсан төдийгүй хөшөө дурсгалд хэмжилт хийж, хэмжээг нь ч авчээ. Энэ ажлаа тун ч мэргэжлийн, чадмаг хийж буй нь орчуулагчид сэжигтэй санагдсанаар орчуулагч энэ хүмүүсийн тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Бид орчуулагчтай утсаар холбогдож, энэ тухай тодрууллаа. Тэрбээр “Анх аялана гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ хөшөө дурсгалын бичээс, хэвийг хуулбарлаж аваад зогсохгүй хэмжилт хийж зургийг нь зурж аваад байсан. Гэрэл зургийг нь ч авсан. Сүүлрүүгээ анхнаасаа ийм зорилготой ирсэн нь илтэд болсон. Ямар ч албан ёсны зөвшөөрөлгүй хэрнээ тусгай цаас наачихаад наанаас нь хор шиг юм түрхэж яг адилхан хувилж авч байна лээ. Энэ бүхэн нэг л биш, онцгүй санагдсан болохоор тэдэнд ингэж болохгүй, хууль журманд заасны дагуу зөвшөөрөл авах ёстой гэсэн ч хүлээж аваагүй. Хамгийн сүүлд Булган аймгийн Дашинчэлин сумын нутаг, Цогтын цагаан балгас, Хар балгасанд очиж гэрэлт хөшөөний бичээс хуулбарлаж байхад нь цагдаад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллага шалгаад эхэлсэн гэж сонссон. Нэг сар орчим явахдаа замгүй их юм хуулбарлаж авсан. Тэрийг нь цагдаагийнхан хураасан гэж байна лээ” хэмээн ярилаа. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэдэг шиг манай улсад ирчихээд хамаг л өөдтэй, өнгөтэй түүх соёлын хосгүй үнэт дурсгалуудын бичээс, хэвийг хуулбарлаж, зураг хөргийг нь авч явсан тэднээс цагдаагийнхан байцаалт авахад өөдөөс нь “Танай хууль гэж юу байдаг юм” хэмээн амыг нь тагласан сурагтай. Хувилж авсан зураг, хөрөгөө юунд ашиглах гэж байгаагаа ч хэлэхгүй үл тоомсорлож буй гэсэн. Эртний хөшөө дурсгал дахин давтагдашгүй хосгүй үнэт өв, соёл гэдэг утгаараа хууль бус бизнес эрхлэгчдийн хувьд ашигтай наймаа болдог гэдэг. Магадгүй тэд ашиг хонжоо хайж явагсдын нэг ч байж мэднэ. Уг нь гадаад иргэд сурталчилгаанд ашиглах зорилгоор хөшөө, дурсгалын зураг, хөргийг авч болдог аж. Гэхдээ энэ тухайгаа заавал мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой. Засгийн газрын баталсан тогтоолын дагуу салбарын сайд тушаал гаргаж зөвшөөрөл өгдөг дүрэм журамтай аж. Харамсалтай нь үүнийг дээрх хэргийг өдүүлсэн Швейцарь иргэд үл тоомсорложээ. Захын гадаад иргэнд ингэж хэлүүлчихээд сууж байгаадаа бид ч ичмээр юм. Монголын хууль гууль болсон гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж, ийнхүү дураар авирлаж байдаг биз ээ. Хэрвээ тэдний тухай мэдээллийг эх оронч сэтгэлгээтэй орчуулагч залуу хэлээгүй байсан бол бид юу ч мэдэхгүй өнгөрөх байж. Тэднийг хориогүй ч хэрэг явдлыг эцэслэн шалгаж дуустал Швейцарийн консулын газрын мэдэлд өгсөн байна. Манай сонин энэ хэрэг явдал яаж төгсөв гэдгийг үргэлжлүүлэн уншигчиддаа мэдээлсээр байх юм.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж