“Олуулаа уншъя” аянаар ховор бүтээлийг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

“Олуулаа уншъя” аянаар ховор бүтээлийг дэлгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Номын баярын өдрийг тэмдэглэх тухай зарлигийг дэмжиж Монголын Шинжлэх ухааны академи, Үндэсний төв номын сан, Монголын зохиолчдын хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Олуулаа уншъя” аян зохион байгуулах болсон талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Иргэний танхимд болсон эл хэвлэлийн хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажав, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Монголын зохиолчдын хорооны дарга Г.Мөнхцэцэг нар оролцсон юм.

“Олуулаа уншъя” аян энэ сарын 13-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд 1990 оноос хойш хэвлэгдсэн бурхан шашны холбогдолтой ном судрыг дэлгэсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийх аж. Улмаар есдүгээр сарын 14-нд Шинжлэх ухааны академи нь Боловсрол, соёлын яамтай хамтран “Ном дор мөргөмү” эрдэм шинжилгээний хурлыг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах бол есдүгээр сарын 14-15-нд Монголын Үндэсний номын сангаас “Үнэт ховор номын музей”-г олон нийтэд хүргэх аж. Үндэсний номын санд Ганжуур Данжуураас эхлээд олон чухал түүхийн эх сурвалж болох бүтээлүүд байдаг. Энэ бүхнийг олон нийт дээрх өдрүүдэд үнэ төлбөргүйгээр үзэх боломжийг олгох юм байна. Түүнчлэн аяны хүрээнд орон даяар явуулын номын сангийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулна. Мөн 21 аймаг, нийслэлийн зарим дүүргийн Номын санд явуулын номын санг бэлэглэх гэнэ. Явуулын номын сангийн давуу тал нь номын сангаар үйлчлүүлэх боломжгүй болон түүнд хүрч очих боломжгүй иргэдэд хамгийн ойр үйлчилгээ юм. Тиймээс Үндэсний төв номын сангийнхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд явуулын номын сангийн үйлчилгээг иргэдэд хүргэх болсноор талархал хүлээх болжээ.

Монголчуудын хувьд 1960-1980-аад оны үед гадаадын сонгодог бүтээлүүдийг шимтэн уншихын зэрэгцээ Монголын зохиолчдынхоо бүтээлийг ч хэвлэгдсэн даруйд уншдаг байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд энэ бүхэн саарч хүүхэд, залуучуудын хувьд ном уншихаас илүүтэй PC тоглохыг илүүд үзэх болсон үед Монгол Улсын Ерөнхийлөгч Номын баярын өдрийг тэмдэглэх зарлиг гаргасан нь цаг үеэ олсон онцлууштай санаа байсан тухай аяныг хамтран зохион байгуулагчдын зүгээс тэмдэглэлээ.

Г.ДАРЬ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж