Ийнхүү ургац хураалтын ажлыг газрын хөрс цочир хүйтрэхээс өмнө яаралтай дуусгах төлөвлөгөөтэй байгаа талаар албаныха онцолж буй бөгөөд оюутнуудыг ургац хураалтад ажиллуулахаар болжээ.
Энэ жил улсын хэмжээнд 481 мянган тонн үр тариа, 468.8 мянган тонн буудай, 310 гаруй мянган тонн төмс, хүнсний ногоо, 28.6 мянган тонн тосны ургамал, 30.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвлөгөөтэй юм.
Ургац хураалтын явц болон ажиллах хүчний талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газарт тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын үр тарианы үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.
-Ургац хураалт одоо ямар явцтай байна вэ?
-Улсын хэмжээнд үр тариа хураалтыг есдүгээр сарын 3-наас эхлүүлсэн бөгөөд одоогоор 1.4 хувьтай, харин төмс 28.3 хувь, хүнсний ногоо 39.9 хувь, тэжээлийн таримлын хураалт 16.1 хувьтай байна.
-Ургац хураалтын ажил эрчимтэй байгаа аймгуудаас дурдвал?
-Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймагт ургац хураалт сайн байна.
-Энэ жилийн хувьд үр тарианы болц оройтож байгаа гэсэн. Ямар шалтгаанаар юм бол?
-Дулааны баланс сайн тохирвол болц сайтай байх зарчмын дагуу бол улсын хэмжээнд ерөнхийдөө болц оройтож байгаа л даа.
-Сарын сүүлээр цаг агаар муудвал ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ дагуу Улсын ургацын комиссоос тариаланчдад зөвлөмж өгдөг юм. Харин энэ жилийн хувьд ахмад тариаланчид маргаашнаас биеэрээ очиж, байдалтай танилцан тариан болцын талаарх зөвлөмжийг өгөхөөр болсон.
-Улсын хэмжээнд ургац хураалт хэзээ бүрэн дуусах вэ?
-Ер нь ургац талбайн хураалтын ажлыг 10 сардаа багтааж дуусгана.
-Ургац хураалтад оюутан залуусыг оролцуулна гэж байсан. Энэ талаар тодруулаач?
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын ургацын комиссын шийдвэрийн дагуу улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцуулж, эх орноо хайрлах сэтгэхүйг дээдлэхийн тулд их, дээд сургуульд суралцдаг оюутнуудыг ургац хураалтын ажилд оролцуулахаар болсон. Энэ дагуу 2500 гаруй цэргийн алба хашдаг болог оюутан залуус ургац хураалтад ажиллаж байгаа.
-Эдгээр оюутан, залуусыг хэрхэн сонгож байгаа вэ?
-Бидний зүгээс бүх их, дээд сургуульд хандан ургац хураалтын ажилд сургуулийнхаа оюутныг хамруулах талаарх зөвлөмжийг хүргүүлсэн. Одоогийн байдлаар түүн дундаас 10 их, дээд сургууль саналыг хүлээн авч, бидэнтэй эргэн холбогдсон. Тухайлбал, “Гурван эрдэнэ” багшийн дээд сургууль, “Сутай” дээд сургууль, ХААИС-иас 400 оюутан очиж ажиллаж байгаа, Анагаах ухааны Энэрэл дээд сургууль, Сан дээд сургууль, “Мон-Алтиус” зэрэг их, дээд сургуулиуд байна.
-Оюутнуудыг хэдий хугацаагаар, хэрхэн цалинжуулж ажиллуулах вэ?
-Ер нь нэг өдрийн 15-20 мянган төгрөгийн цалинтайгаар ажиллуулна. Харин хугацааны хувьд, оюутан ургац хурааж буй тухайн компанитай хийсэн гэрээ ёсоор ажиллах байх. Ямартай ч яамдуудаас үүрэг, чиглэл өгч байгаа болохоор оюутны хичээлээс албан ёсоор чөлөө авч, аль болох оюутанд алдагдалгүй байлгахын тулд анхаарах юм. Түүнчлэн сайн ажилласан оюутныг цалин дээр нь нэмээд урамшуулал ч олгож болно.