Реппер B.A.T кино урлагт дахин хүч үзжээ. Тэрбээр "Big Fish" буюу “Том загас” адал явдалт уран сайхны киногоо өлгийдөн авч, үзэгчдийн хүртээл болголоо.
Тэрбээр өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд хэвлэлийн бага хурал дэлгэцийн шинэ уран бүтээлээ хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа.
Өнөөдрөөс эхлэн “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театруудад гарч эхэлсэн уг бүтээлийн албан ёсны нээлт, улаан хивсний ёслолын ажиллагаа энэ сарын 14-нд буюу ирэх баасан гаригт “Өргөө” кино театрт 21.00 цагт болох юм байна. Өнгөрсөн оны аравдугаар сард зураг авалтаа хийн эхэлсэн “Dash Films” кино продакшны анхны бүтээл "Big Fish" киноны ерөнхий найруулагчаар реппер B.A.T, продюсераар Г.Дашням нар ажилласан бол гол дүр болох Соёмбод ОХУ-ын “Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү тогложээ.
Киноны үйл явдал цагдаагийн ахлах дэслэгч Соёмбо хар тамхитай холбоотой хүн амины хэргийг мөрдөн илрүүлж байгаагаар өрнөх аж. Мөн киноны гол дүрд загвар өмсөгч О.Амгаланбаатар, загвар өмсөгч О.Ариунзул, реппер B.A.T, Rokit Bay, Gee болон ОХУ-ын Ардын жүжигчин Олег Петелин, Баталов Василий, АНУ-ын жүжигчин Leslie Jones, Kyle Geller, Jesse Pringle нар тоглосноороо “интэрнейшнл” уран бүтээл болон төрж байгаа гэнэ. Цагдаагийн ажилтны адармаатай амьдрал, адал явдалт, хар тамхи, хайр дурлалыг өгүүлсэн уг кино тун удахгүй ОХУ-д нээлтээ хийх гэнэ. Мөн кино багийнхан энэхүү киногоо АНУ-ын кабелийн телевизүүдэд цацахаар гэрээ хэлцэл хийж байгаагаа дуулгасан юм.
"Big Fish" киноны трэйлэрийг ЭНД дарж үзнэ үү.