Сэтгүүлчдээ зодсон захирлын хэрэг юу болов?

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдээ зодсон захирлын хэрэг юу болов?

Хөвсгөл аймгийн “Sky” телевизийн ажилтнууд өнгөрсөн зургадугаар сарын 28-нд буюу сонгуулийн санал хураалтын өдөр ажлаа хийж байхад нь тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг гэгч нь согтуугаар дөрвөн залуу, нэг эмэгтэйн хамт дайран орж, сэтгүүлч, зураглаачдыг зодсон хэрэг гарсан. Монголын сэтгүүлчдийн эвлэлээс энэхүү хэргийг хэрхэн шийдэгдэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тухайн хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Сэтгүүлчдийн эвлэлээс энэхүү хэрэгт анхаарлаа онцгой хандуулж байгаа бөгөөд олон улсын байгууллагад ч хандсан аж. Мөн энэ хэрэг сэтгүүлчдэд халтайгаар шийдвэрлэгдвэл тэмцэхээ мэдэгдсэн юм. 

Энэхүү мэдээллийн үеэр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн гишүүн, “СКАЙ” телевизийн захирал асан Ж.Эрдэнэцэцэгээс цөөн асуултад хариулт авлаа.  

-Халдлагад өртсөн сэтгүүлчид ажлаа хийж байгаа юу?

-Үгүй ээ. Халдлага болсон оройноос эхлэн гүйцэтгэх захирал Б.Ганзориг “СКАЙ” телевизийг хаасан. Үүнээс хойш манай дөрвөн зураглаач, таван сэтгүүлч хүлээлтийн байдалтай байсан бөгөөд өөр ямар нэгэн байгууллагад ажиллаагүй.

-Б.Ганзориг та бүхэнтэй уулзсан уу?

-Үгүй ээ. Бидэнтэй уулзаж уучлалт гуйж уулзах болов уу гэж их хүлээсэн.

-Тархиндаа гэмтэл авсан зураглаачийн биеийн байдал ямархуу байгаа вэ?

-Ер нь болон зодуулсан сэтгүүлчдийн биеийн байдал хэвийн байгаа. Тархиндаа цууралт авсан зураглаачийг хэвийн, ажлаа хийх боломжтой гэсэн онош гарсан гэсэн юм.

Сэтгүүлчдээ зодсон захирал Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5 дугаар заалтын дагуу бүлэглэн, хурц догшин ааш авир гаргасан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Тодруулбал, 181.2.1-д зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн 181.2.5. бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол дор хаяж гурван жилийн ял авах юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж