Аврагчдыг хувийн компанийн ажилд дайчилдаг болсон уу

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Аврагчдыг хувийн компанийн ажилд дайчилдаг болсон уу

Өнгөрсөн баасан гаригт барилгын талбай дээр хоёр ч ноцтой осол гарсан. Нэг нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Хурд” компанийн барьж буй “Рапид харш” хорооллын барилга дээр кран нурж,  26 настай С амиа алдсан юм.

Харин нөгөө нь Баянзүрх дүүрэгт гарсан осол. Орон сууцны барилга дээр ажиллаж байсан Онцгой байдлын газрын аврагчийн толгой дээр барилгын тулгуур төмөр унаж хүнд гэмтээсэн байна.

Хувийн компанийн барьж буй барилга дээр Онцгой байдлын газрын аврагч яагаад ажиллаж байсныг тодруулахад ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Химийн бүлгийн 10 гаруй аврагч ангийн дарга А.Батмөнхийн тушаалаар ажиллаж байсан байна. Осолдсон аврагч тус ангийн Химийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Очирбат. Тэрбээр тухайн өдөр даргынхаа даалгавраар барилга дээр ажиллах аврагчдаа ахалж байсан гэнэ. Аврагчдыг дайчлан ажиллуулсан барилга “Баганат өргөө” гэж компанийнх бөгөөд “Энэрэл” хувийн эмнэлгийн арван хоёр давхар орон сууцны зориулалттай байшин аж. Даргынхаа тушаалаар хувийн компанийн зарагдаж байсан төрийн алба хаагч амиа алдах шахсан энэ хэргийн талаар холбогдох албаныхан нийтэд дэлгэх тун ч дургүй байна. Эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирсэн аврагч залуугийн бие тун хүнд байгаа бөгөөд өчигдөр яаралтай мэс засалд орсон.

Зарим эх сурвалжийн хэлснээр “Баганат өргөө” компанийн захирал Н.Батсайхантай Аврах ангийн дарга А.Батмөнх найз нөхөд. Тиймээс барилгын ажлаа хурдан дуусгахын тулд танил талаа ашиглан аврагчдыг дайчлахаар ярилцсан гэх юм билээ. Түүнчлэн дарга нь аврагчдыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл ч байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж буй уг хэргийн буруутан удахгүй тодрох биз. Барилга дээр ажиллаж байсан аврагчид болон ангийн дарга А.Батмөнхөөс мэдүүлэг авч эхэлсэн гэсэн. Гэвч танил талын холбоо сүлбээгээ ашиглан төрийн албан хаагчдыг хувийн компанийн барилга дээр үндсэн ажлаас нь чөлөөлөн байж ажиллуулсан энэ хэргийн хохирогч аврагч залуу амиа алдвал хариуцлагыг хэнээс нэхэх вэ. Үндсэн ажлаас нь өөр үүрэг чиглэл өгч айлын барилга барилц гээд явуулсан ангийн дарга уу, эсвэл тэднийг ажиллуулсан барилгын компани уу. Аврагчдыг нь ийм ажилд дайчилж, төрийн албан хаагчдыг хувийн компанийн зарц адил болгосон энэ үйлдлийг мэдээгүй суусан ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр уу. Хэн хэн нь хариуцлагаас бултаж, ялаас мултрах аргаа хайгаад эхэлсэн байх.

Уг нь Онцгой байдлын алба гэдэг өөрөө онцгой учир иймэрхүү ажилд алба хаагчдыг дайчлах эрхгүй л баймаар юм. Хэрвээ аврагч улс орныхоо, ард иргэдийнхээ аюулгүй тайван амьдралын төлөө үүрэгт ажлаа хийж яваад  осолд өртсөн, амиа алдсан бол төр  амийг нь үнэлж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэнэ.

Харин албанаасаа өөр ажилд дайчлагдаж яваад алтан амиа алдвал төр хариуцахгүй гэдгийг мэдэж байгаа. Өчигдөр Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай шинээр томилогдсон шадар сайд Д.Тэрбишдагва танилцаж, машин тэрэг гардуулсан ч осолдсон аврагчийн талаар ганц үг ганхийгээгүй тухай эх сурвалж дуулгалаа. Албан тушаалаа ажилтныхаа аминаас ч өндрөөр үнэлдэг эрхэм дарга нар албаар энэ тухай яриагүй биз. Тэгээд ч ОБЕГ-т албан тушаал, танил талаа ашиглан алба хаагчдаа хар бор ажилд зардаг жишиг тогтсон байхыг ч үгүйсгэхгүй. Өргөсөн тангарагтай, төрд данстай алба хаагчдыг хийх ёстой ажлыг нь хийлгэж байвал яасан юм бэ, Ц.Амгаланбаяр дарга аа.

О.ГЭГЭЭН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж