Пакистаны хоёр үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Пакистаны хоёр үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Пакистаны томоохон хоёр хотод орших гутлын болон бэлэн хувцасны үйлдвэрт  дэлбэрэлт болсны улмаас нийтдээ 45 хүн амиа алдсан хэрэг гарчээ.

Хүчтэй дэлбэрэлтийн улмаас нурсан барилгаас үйлдвэрийн ажилчид гадагш гарахад ихээхэн хүндрэл учирснаас  олон хүний амь нас эрсдсэн гэж цагдаа нар мэдээлсэн байна.

Тус үйлдвэрүүд нь Пакистаны зүүн зүгт орших Лахор хотын хувцасны үйлдвэр  болон өмнөд зүгт орших Карачи хотын гутлын үйлдвэрт болжээ. Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр Лахорын гутлын үйлдвэрт болсон дэлбэрэлтээр 25 хүн амиа алдаж их хэмжээнийн түлэгдэлттэй гэмтсэн хүмүүс олон байгаа гэнэ. Энэхүү гутлын үйлдвэр нь хотын оршин суугчдын ихээр төвлөрсөн нийтийн байрны ойролцоо байрладаг аж.

Гутлын үйлдвэрийн ажилчид уг дэлбэрэлтийг цахилгаан үүсгүүр гэмтсэнээс болж гарсан хэмээн үзэж байгаа юм байна. Харин дэлбэрэлт болсон хоёр дахь үйлдвэр болох Карачи хотын хувцасны үйлдвэрт 20 хүн амиа алдсан бөгөөд гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

Пакистаны төв телевиз уг хувцасны үйлдвэрт болсон дэлбэрэлтийн талаар мэдээлж видео бичлэгийг нь үзүүлсэн байна. Дээрх мэдээллээр бол тус  үйлдвэрийн хамгийн дээд давхар болох таван давхарт дэлбэрэлт гарсан аж. Цагдаа нар хэргийн шалтгааныг илрүүлэхээр мөрдөн шалгаж байгаа юм байна. Пакистаны Ерөнхий сайд Ража Ашраф нэг өдрийн дотор ийнхүү хоёр томоохон үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас олон хүн амиа алдсанд маш ихээр цочирдсон бөгөөд уг хэргийн шалтгааныг яаралтай олж тогтоохоо мэдэгджээ.
 

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж