Че Геварагийн охин эгдүүцэн дургүйцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Че Геварагийн охин эгдүүцэн дургүйцэж байна

Латинамерикийн хувьсгалч, Эрнесто Че Геварагийн том охин, хүүхдийн эмч Алейда Гевара дэлхий дахинд түүний эцгийн хөрөг, зургийг  ашиг хонжоо олох хэрэгсэл болгон хувиргаж байгаад зэвүүцэн дургүйцэж байгаагаа илэрхийллээ.
Энэ тухай Efe агентлагийн сурвалжлагч аргентин гаралтай, домогт тэмцэгчийн охинтой уулзаж ярилцах үеэр түүнд ярьжээ. Өөрийнхөө эцгийн хөрөг, зургийг нийгмийн аливаа нэгэн үйл хэргийн төлөө, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой ямар нэгэн зүйлд хэрэглэхийг эсэргүүцэхгүй бөгөөд харин цэвэр ашиг хонжоо, орлого олох хувийн зорилгоор хэрэглэж байгаад ийнхүү дургүйцэж буйгаа хэлсэн байна.
Алейда Гевара түүний эцгийн хөрөг, зургийг зөв утгаар нь хэрэглэх нь “Түүнд хүндэтгэл үзүүлж буй хамгийн наад захын юм шүү дээ” гэж дурдсан байна. Тэрээр “Че Геварагийн билэгдлийг зөвөөр хэрэглэх тохиолдлууд зөндөө байдаг. Жишээ болгоход боловсролын салбарт ажилладаг португаль улсын багш нарын жагсаалын үеэр нэгэн бяцхан хүү миний аавын хөрөг бүхий нэгэн далбаа барьчихсан жагсаалд оролцож явжээ. Португалийн телевизийн нэвтрүүлгийн сурвалжлагчид түүнээс яагаад ийм хөрөг бүхий далбаа барьчихсан явж байгааг тодруулахад: тэр хүү “яагаад гэвэл би Че Гевара шиг тэмцэх болно. Үргэлж тэмцэлдээ ялах хүртлээ! гэж хариулсан юм” гэсэн байна.
Энэ яриа Болгар улсын нийслэл Софи хотод Кубатай эв санааны нэгдэл илэрхийлэх европийн орнуудын байгууллагуудын XV уулзалтын үеэр нийслэл хотын нэгэн номын санд яруу найрагчид, зохиолчидтой уулзах үеэр болжээ. Нэгэн зохиолч түүнд өөрийн бүтээлээ Че Геварагийн нүүрний дүрс бүхий баримлыг бэлэглэсэн байна. Алейда бэлгийг талархан хүлээж аваад “Хүмүүс заримдаа дэндүү хатуу сэтгэлтэй байдгаа ухаарч мэдэрдэггүй. Миний аав бусдын төлөө өөрийгөө зориулсан төгс хүн байсан тул бид бүхэн өдөр бүр зүрх сэтгэлдээ түүнийг тээн хадгалж, үйл ажиллагаандаа дурсан санаж явах нь чухал юм” гэжээ
60 насны босго алхаж яваа энэхүү хүүхдийн эмч “Магадгүй өнөө үед өөр Че Гевара төрж болох л юм. Хэдийгээр бидэнд танил бус боловч дэлхийн аль нэгэн өнцөг буланд байгаа гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.
Алейда Гевара өөрийнхөө эцгийн тухай маш бага зүйл санаанд үлджээ гээд “Тэр хэдийгээр хэлдэггүй байсан ч гэсэн хайрлаж чаддаг байсан гэсэн мэдрэмж надад үлдсэн юм. Бид нарыг хэчнээн их хайрын сэтгэл гарган, хүчтэй тэврэн үнсдэг байсныг одоо ч гэсэн санадаг юм” гэжээ. Алейдаг 4-хөн настай байхад Че Гевара Куба улсыг орхин гарч, Боливи улсад очсон бөгөөд удалгүй түүнийг тэнд баривчлан буудан хороожээ.
Куба орны өнөөгийн байдлын талаар асуухад “Дэлхий дахиныг нэрвэж буй санхүүгийн хямрал, социалист систем устан алга болсонтой холбогдон түвэг бэрхшээлүүд тулгарч байгаа. Гэхдээ бид бас өөрийгөө аваад явчих амьдралд сурсан. Хамгийн гол нь бид  өөрсдийн ахан дүүс болох латин америкийн орнуудтай ойртон дотносож чадлаа. Нөгөө талаар бага юмтай ч гэсэн боломжийн амьдарч чадаж байна” гэж хариулсан байна.
Кубачуудын хувьд эрүүл мэндийн үнэ төлбөргүй баталгаатай үйлчилгээ, үнэ төлбөргүй сургалт, нийгмийн сайн даатгал гээд одоо дэлхийн олон орны иргэдийн алдаж эхэлж байгаа зүйлүүд байгаа юм” гэсэн байна.
/Че Гевара 1928 оны 6 дүгээр сарын 14-нд Аргентин улсад төржээ. Эмч, улс төрч, партизаны тулалдааны гарамгай зохион байгуулагч байсан гэж түүнийг дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг. 1967 онд Боливи улсад тулалдаж яваад баригдан, 39 настайдаа буудуулан амь насаа алджээ./
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж