Ямар ч төрийн Тулгамдсан асуудлуудын нэг татварын бодлого байдаг билээ.
Манай улсын хувьд дөрвөн төрийн нүүрийг үзэж, үндсэн хуулиа мөн тоогоор
шинэчлэхдээ тухай бүр илүү зүүний чиг баримжаатай болгон өөрчилж ирсэн
байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийг түлхүү оруулж өгсөөр иржээ.
Нийгмийн халамжид зарцуулагдах мөнгө нэмэгдэхийн хэрээр аж ахуйн нэгжээс
авах татварын хувь хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй мэт санагдаж байж болох
ч манай улсын хувьд татварын орчинг улам боловсронгуй, таатай нөхцөлтэй
болгож ирсэн нь магтууштай юм.
Монгол Улсын татварын орчин нөхцөл хоёр хөршөөсөө хамаагүй таатай. Гэтэл
өнөөдөр яагаад далд эдийн засаг хөгжсөн улсын тоонд ороод байна. Яагаад
манайд авлига их байдаг юм бэ. Бичлэгийн маань сэдэв "Шинэ цагийн
татварын алба". Өнөөдөр татварын эрхзүйн орчинд маргаантай (жишээ нь,
НӨАТ), өөрчлөх шаардлагатай асуудал байгаа ч энэ удаа арай өөр талаас нь
санаа нэмэрлэе гэж бодлоо.
Учир нь манай татварын орчин харьцангуй таатай гэж дээр хэлсэн. Тиймээс
далд эдийн засгийг ил гаргах бодлого түлхүү хэрэгжүүлэх нь татварын
албаны ажил үйлсэд хамгийн их нөлөөлөх, орлого нэмэгдүүлэх хүчин зүйл
юм. Манай улсын далд эдийн засаг 2007 онд ДНБ-ий 27, 2010 онд 30 хувьтай
байна гэсэн дүгнэлтийг олон улсын байгууллагын шинжээчид хийсэн. Энэ
бол маш их, бараг аймшигтай тоо. Тэгвэл далд эдийн засгийг ил гаргахын
тулд яах ёстой вэ.
Ерөнхийгөөс нь нарийн ширийн рүү нь ярья. Монгол улсад татвар төлөгч 64
мянган аж ахуйн нэгж бий /2011 оны "байдлаар/. Эдгээр аж ахуйн нэгжийн
27 мянга нь 2011 онд татвар төлж 3.1 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлсэн
байна. 3.1 их наяд төгрөгийн 90 хувийг 333 хан аж ахуйн нэгж төлсөн байх
юм. Энэ бол Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 1.2-хон хувь
юм. Бусад нь жижиг аж ахуйн нэгжид тооцогдож, жилд 100 мянга орчим
төгрөгийн татвар төлөөд явж байгаа. Ер нь манай улсад үйл ажиллагаа
явуулдаг аж ахуйн нэгж, компаниудын олонх нь татварын албанд зориулан
хуурамч тайлан гаргадаг бөгөөд захын нэг байгууллагын нягтлан хоёр
тайлан гаргах гэж суусаар эргүүтэж гүйцэх юм гэж үглэж суух нь хэвийн
үзэгдэл.
Холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар хувиараа хөдөлмөр
эрхлэгчдийн дөнгөж 40 хувь нь татвар төлдөг гэх юм билээ. Өөрөөр хэлбэл,
үлдсэн 60 хувь нь далд эдийн засгийг бий болгоход үнэлж баршгүй хувь
нэмэр оруулдаг гэсэн үг. Уг нь бол найман нэрийн дэлгүүр байтугай захын
нэг ТҮЦ ч сард 1.000.000 төгрөг олдог гэдгийг бүгд мэддэг ч сарын 10.000
төгрөгөө л төлсөөр явна. Жижиг аж ахуйн нэгжүүдэд ногдуулах татварыг
нэмэх хэрэгтэй гэсэнгүй, тэднийг татвараа сайн дураараа өгдөг болгох
хэрэгтэй гэсэн санааг хэллээ. Энэ бол зөвхөн татварын албаны биш
нийгмийн даатгалын тогтолцоо, улс орны хөгжлийн бодлого зэрэг олон
зүйлсээс хамаарна.
Зүй нь, Татварын алба иргэдэд ""Та татвар төлөх ёстой, төлсөн татвар
тань эргээд таны сайн сайхны төлөө зарцуулагдана" гэж хэлэх ёстой. Гэтэл
өнөөгийн нөхцөлд ""Та татвар төлөх ёстой, таны төлсөн татварыг яахаа
УИХ мэднэ" гэж хэлэх болчихоод байна. Татварт өгсөн мөнгийг нь эрхэм
гишүүд тэрбум, тэрбумаар нь хувааж аваад тойрогтоо зарцуулчихна. Эс
бөгөөс хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан иргэдэд өгчихнө.
Заримдаа бүр ямаанд хуваарилж, ноолуурын бизнес эрхлэгчдэд тарааж өгнө.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр тутам явж буй иймэрхүү мэдээллүүд
өөрөө "Та татвараа битгий төл, төр найдваргүй шүү" гэсэн сурталчилгаа
болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслах
халбага нь дэндүү олон, том байгаа нь аж ахуйн нэгжүүдийг орлогоо нуун
дарагдуулах нэг шалтгаан болж байна.
Төсвийн ихэнхийг бүрдүүлдэг томоохон аж ахуйн нэгжүүд энэ байдалд урам
хугарч, татвараа нуун дарагдуулах сөрөг үзэгдэл ч гарах магадлалтай
билээ.
Өндөр хөгжилтэй орнуудад татвар төлөгч байна гэдэг өөрөө том "бахархал"
байдаг. Үүнийг "Тэр хүн татвар төлснийхөө үр ашгийг бүрэн эдэлж чаддаг
болохоор бахархдаг юм байна" гэж ойлгож ч болно. Гэтэл манайд байдал
эсрэгээрээ, татвар нуун дарагдуулснаараа бахархах шахдаг. Татварт өгсөн
мөнгө өөрт нь эргэж ирнэ гэсэн итгэлгүй учраас ингэж байна гэхэд
хэтрүүлсэн болохгүй л болов уу. Хэн нэг улс төрчийг ""Төсвөөс төрсөн
тэрбумтан" гэж цоллоод байхаар хэн татвар өгөхийг хүсэх билээ. Дээр нь
нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаасаа хэд дахин илүү
хөрөнгийг Хүний хөгжлийн санд төвлөрүүлчихээд үр ашиггүй зарцуулж байна.
""Тэнхээтэй үед тэмээгээр туслахаар тэвдэж явахад тэвнээр тусал" гэж үг
бий. Хүний хөгжлийн сангаас хүртэж буй иргэдийн заримд нь тэр мөнгө огт
хэрэггүй. Харин өвдөж зовсон иргэдэд эмнэлгийн тусламж зайлшгүй
хэрэгтэй.
Даатгалаа төлөөд, үр дүнгээ сэтгэлдээ хүртэл үзчихсэн хүний сэтгэл санаа
ямар байх вэ. Татварт орж ирсэн хөрөнгөөс эрүүл мэндийн даатгалын санд
хуваарилах нь зарчмын хувьд буруу байж болох хэдий ч сул мөнгө
тарааснаас хавьгүй ашигтай юм. Монгол Улс ойрын хугацаанд ядаж таван сая
хүнтэй болох хэрэгтэй, үүний тулд эрүүл мэндийн салбар хүчтэй хөгжсөн
байх шаардлагатай. Төрийн халаас гэж нэг ёроолгүй саванд өгч алдсанаас
өөртөө авч үлдээд даатгалаас авч чадахгүй үйлчилгээгээ авъя гэсэн бодол
иргэдэд байхыг үгүйсгэж чадахгүй билээ.
Татвар даатгалтай ингэж уялдаж байгаа юм. Үндсэн сэдвээсээ жаахан
хазайчихлаа. Жижиг аж ахуйн нэгжийн татвар төлөлтийг идэвхжүүлэхийн тулд
дээр өгүүлсэн хэвлэл мэдээллээр байнга гарч байдаг сөрөг сурталчилгааг
арилгах (хэрэггүй зүйлд төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх), татвар
төлснийхөө үр шимийг үзнэ гэсэн итгэлийг татвар төлөгчдөд суулгаж өгөх,
татварын бодлогоор дэмжих хэрэгтэй юм.
Татварын бодлогоор дэмжих нэг арга нь НӨАТ-аас татгалзах явдал гэдгийг
манай нэрт эдийн засагчид нухацтай ярьж байна. Энэ асуудлыг хөндөхийн
тулд НӨАТ гэж юу юм бэ гэдгийг эхлээд тодорхойлох нь зөв болов уу.
Францын татварын албаны дарга татвар төлөгчдийг хэдий хэмжээний орлого
олж байгааг шударга үнэнээр нь мэдэхийн тулд нэмүү өртгийн албан
татварыг анх бий болгосон байна. Энэ нь худалдагч, үйлдвэрлэгч өөрийн
борлуулж байгаа бараа, үйлчилгээний үнэ нь дээр нэмээд НӨАТ10 хувийг
суулгаж, тэрхүү НӨАТ-ыг худалдан авагч худалдан авсан бараан дээрээ нэмж
10 хувиар төлдөг болсон явдал. Гэхдээ худалдан авагч НӨАТ төлсөн 10
хувийн татварын баримтаа хадгалж байгаад татварын байгууллагаас 10 хувиа
эргүүлэн авдаг тогтолцоо энэ дэлхий дээр бий болжээ.
Товчдоо бол НӨАТ гэгч үйлдвэрлэгч худалдагчдын орлого, зарлагыг мэдэх
арга юм. Гэхдээ энэ татвар хэрэгтэй эсэхэд одоо дэлхий нийтээрээ
эргэлзэж эхэлж байна. Европын холбоонд багтдаг бараг бүх улсууд НӨАТ-ыг
халсан бүс нутгийг бий болгоод эдийн засгийн өөрчлөлтийг нь анхааралтай
ажиглаж байгаа юм. Дани улс гэхэд Фароэ арлууд, Гренланд, ХБНГУ
Хелиголанд, Голланд Антиллийн арлууд, Гваделуп, Итали Кампиьон д"Италиа
зэрэг муждаа НӨАТ-ыг халжээ.
Манай улсын хуулиар бол жилд 10 саяас дээш орлоготой аж ахуйн нэгж НӨАТ
төлөх ёстой. Гэтэл жижиг аж ахуй том аж ахуйн нэгжүүдэд төлсөн НӨАТ-аа
буцаан авч чаддагүй нь жижиг аж ахуйн нэгжийн өсөлтөд хор хүргэж байдаг
юм. Товчхондоо манай улс хэдэн том аж ахуйн нэгжээ тартагт нь тултал
"мөлжих" биш, жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжих, татвар төлөгчдийн сэтгэл
ханамжийн баталгааг гаргаж өгөх, үүний тулд хэрэгтэй, хэрэггүй зүйлд
захиран зарцуулдаггүй байх нь шинэ цагийн татварын алба бүрэлдэн тогтох
гол үндэс суурь болно. Ашигтай ажилладаг 64.000 аж ахуйн нэгжтэй, далд
эдийн засаг багатай улс болох зам шулуудах юм.
ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН