Энэ оны тавдугаар сард МХЕГ-аас Дорнод аймагт хийсэн шалгалт үеэр “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн Тосон-Уул 19-р талбайн үйлдвэрлэлийн баазаас Бичигт боомт чиглэлийн авто замд тээвэрлэлт хийхийг улсын байцаагчийн актаар зогсоосон аж. Тэгвэл саяхан уг актын хэрэгжилтийн байдалд Дорнод аймгийн МХГ-ын байцаагчид үзлэг шалгалт хийжээ. Дээрх хоёр замыг хоёр компани хуваан засч байгаа бөгөөд “Хийморийн их зам” 74 км замд засвар арчлалтын ажлыг 2012 оны 06 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна. Уг замын ажлын чанар байдлыг шалгахад эхний 40 км замын засвар норм, дүрэм, стандарт, технологийн дагуу хийгдсэн байна. Үлдсэн 34 км замын дэржигнүүр бүрэн арилаагүй, ховил хонхор нүх үүссэн байжээ. Мөн замын далан,эргэлтийн хэсгүүдэд хийгдсэн түмбэ, анхааруулах болон километрийн тэмдэг хазайсан, унасан байна. Харин үлдсэн хэсгийн 65 км замын засварын ажлыг хийх ёстой “Ялгуусан” ХХК ажлаа хийгээгүй байна. МХГ-ын шалгалтын комисс засвар хийгдсэн замаас хажуу тийш олон газраар орц гарц гаргаж 20-50 см хүртэл гүн ховил үүсгэж ургамал талхлагдан, хөрсний элэгдэл үүсгэж буй зөрчүүдэд торгуулийн арга хэмжээ авчээ. Уг замыг дахин засварлах, засварлаагүй үлдсэн замд гэрээ хийж гүйцэтгүүлэх, Баянхошууны хатуу хучилттай замын ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг өгсөн байна.
И.Цэлмэг / DNews.mn /