Европ, Америкийн орнуудын уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Европ, Америкийн орнуудын уулзалт эхэллээ

Өчигдөр орой орон нутгийн цагаар 20.30 цагт Европын Холбоо болон Латин Америкийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт Испанийн нийслэл Мадрид хотод эхлэв. Уулзалтыг Испанийн Засгийн газрын тэргүүн Хосе Луис Родригес Сапатеро нээж үг хэлэх байсан боловч Мексикийн ерөнхийлөгч Фелипе Калдеронтай хийж байсан хэвлэлийн бага хурал төлөвлөсөн цагтаа багтаагүй тул ийнхүү оролцож чадаагүй ажээ.
Европын Холбоо, Латин Америкийн 60 орны удирдагчийн оролцож буй энэхүү уулзалтаар цагаачлал, энх тайван аюулгүй байдал, дэлхийн цаг уурын өөрчлөлт, хар тамхины эсрэг хамтын тэмцэл, боловсрол, ажил эрхлэлтийн асуудалд гол анхаарлаа хандуулж, Хамтын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах юм байна. Мөн Евро-Латин Америкийн нэгдсэн сан байгуулах, дэд бүтцийг санхүүжүүлэхэд чиглэсэн санхүүгийн тогтолцоо бий болгохыг хэлэлцэн шийдвэр гаргах ажээ.
Испани улс Европын орнуудын дотроос Латин Америкт хөрөнгө оруулалтаар тэргүүлдэг орон юм. Сүүлийн 10 жилд 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт Латин Америкт хийсэн байна.
Энэхүү уулзалтад ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози оролцож байгаа боловч Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон ирээгүй ажээ. Мөн Гондурасын ерөнхийлөгч Порфирио Лобо энэ дээд хэмжээний уулзалтад оролцох болсонд дургүйцэн Кубын ерөнхийлөгч Рауль Кастро, Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес  оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Уругвай улсын ерөнхийлөгч Хосе Мухико мөн уулзалтад хүрэлцэн ирээгүй ажээ.
Эх сурвалж: EXPANSION.com
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж