Хэнтий аймаг Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж авав

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Хэнтий аймаг Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж авав

Олимпийн төрлүүдээр олимп болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн тэтгэлэг олгох зарлигийг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан билээ.

Төрийн тэргүүний энэхүү зарлигийг гардуулах ёслол есдүгээр сарын эхэнд Өвөрхангай аймагт болсон. Энэ нь анхных байлаа. Тэгвэл тус ёслол болсон удаах аймгаар Хэнтий тодров. Тус аймагт Д.Загдсүрэн тэргүүтэй Монголын Үндэсний Олимпийн Хорооны удирдлага ажиллаж, спортын ертөнцөд том дэмжлэг болж буй зарлигийг гардуулахын зэрэгцээ түүний утга агуулга, ач холбогдлыг таниулж байлаа. Түүнчлэн 1968 оны олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав, 1980 оны олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин, 1973 оны ДАШТ-ий хүрэл медальт О.Энхтайван нарын манай үе үеийн шилдэг бөхчүүд Хэнтий аймагт зочлон Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах ёслолд оролцсон. Үүний хамтаар нутгийн удирдлага болон иргэдтэй уулзан, спортын салбарын өнөөгийн өнгө төрхийн талаар санал бодлоо хуваалцсан юм. Иргэд алдартнуудтай уулзаж байх үеэрээ Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрт баярлаж байгаагаа илэрхийлэхийн хамт сэтгэлийн маш том урам авч байгаагаа дуулгасан. Тиймээс секц дугуйлан гэж алга болчихдог хүүхэд багачуудынхаа хүсэл эрмэлзлэлийг хорилгүй, цаашид улам дэмжиж байх болно гэдгээ уламжилсан юм. Хэнтий аймагт өсвөрийн спортын хөгжил тал дээр хэлэх үгтэй аж. Аймгийн төвийн сургуулиуд нь л гэхэд тус бүртээ арав гаруй секц дугуйлантай юм байна. Ихэнх хүүхэд нь  ямар нэг спортоор хичээллэдэг. 7-р сургуулийн тухайд л гэхэд, түүний 1100 сурагчийн 600 гаруй нь секцэнд хичээллэж байгаагаас үзэхэд өсвөрийн спортын хамрах хүрээний нь цар харагдаж байгаа биз ээ. МҮОХ-ны тэргүүн Д.Загдсүрэн тэргүүтэй спортын алдартнууд Ерөнхийлөгчийн зарлигийг Өндөрхаан сумын сургуулиудаар таниулж сурталчилж байх үеэр олон хүүхдүүд спортоор хичээллэх урам зориг орсоноо хэлж байлаа. Ялангуяа, энэ жилийн улсын тэмцээнээс медаль хүртэн амжилтын амтыг дөнгөж мэдэрч яваа сагсан бөмбөг, волейбол, хөнгөн атлетикийн тамирчин хүүхдүүдийн сэтгэл гойд их хөдөлж байв.

Ж.БАЯРСАЙХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж