
Хөгшин Европ дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвараар хамгийн хүчтэй бүс нь болж байна. Одоо энэ тив шинэчлэлт сэргэлтийн үсрэлтээ хийж байна гэхэд болно. Дэлхийд Европ шиг тийм өргөн цар хүрээний шинэчлэлт хийж буй бүс алга гэж Оросын шинжээч Андрей Гурков дүгнэжээ.
Хоёр гурван жилийн дараа Европ ямар болсон байх вэ? Өрийн хямрал улс орнуудыг дараалан сөхрүүлж буйгаас харахад нэлээд гунигтай дүр зураглалыг төсөөлж болохоор. Үнэндээ бол мөхөлд хүргэхээр хямрал ч байдаг. Гэхдээ хямрал бүр уналтаар төгсдөггүй, вирус бүр нь үхэлд хүргэдэггүй. Хэрэв организм эрүүл бол дархлаа нь өвчинтэйгээ тэмцэх хүчийг бий болгодог.
Дэлхийн хамгийн их өрсөлдөх чадвартай бүс
Европ бол хамгийн амьдрах чадвартайд тооцогдох организм. Үүнийг Дэлхийн эдийн засгийн чуулгаас есдүгээр сарын 5-нд нийтлүүлсэн даяарчлалын өрсөлдөх чадварын чансаа харуулж байна. Хамгийн эрүүл саруул өрсөлдөх чадвартай дэлхийн эхний хорин оронд Европын Швейцари (1-р байр), Швед (4), Их Британи (8), Дани (12) Норвеги (15), мөн евро бүсийн таван улс: Финлянд (3), Нидерланд (5), Герман (6), Австри (16) ба Бельги (17) зэрэг 10 улс орсон ажээ.
Эндээс харвал хямралтай өрсөлдөх чадвараар Европ дэлхийн хэмжээнд хамгийн өндөр чадвартай бүс болж байна. Дээрх чансаа бол ийм маягийн олон үзүүлэлтийн нэг. Тухайлбал, дотоодын зах зээлийн чухал үзүүлэлт болох нэг хүнд ноогдох үндэсний орлогоор, мөн бизнесийн эрх зүйн хамгаалалт болон хөрөнгө оруулалтын уур амьсгалын чансаагаар жил бүр бүртгэгдэх патентаар Европ бас тэргүүлдэг нь нэг зүйлийг хэлж байна.
Европ нь машин бүтээх салбарт түүний тоонд суурь машин, авто машины болон онгоцны үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүн байранд явж байгаа. Уг тив XXI зууны мега брэнд болж буй сэргээгдэх эрчим хүчинд шилжих ажиллагааг тэргүүлж байна. Европын эм тарианы, эмнэлгийн төхөөрөмжийн үйлдвэрлэл дэлхийд хүчирхэг нь. Мөн загварын, дизайны, уран барилгын салбарт мөн л тэргүүлж байгаа. Жуулчлалын салбар гэхэд л Европ бүх тивүүдийн эхэнд явж байна.
Хойд ба Өмнөдийн гүнзгий ялгаа
Европын ингэж магтах хэрэг юу байна вэ? Зөвхөн та бүхний сэтгэлийг сэргээхийн тулд. Хэрэв Европт хэрэг явдал муудвал манай даяарчлалын ертөнцийн бүгдэд муу л байх юм. Яг одоо бол Европын хэрэг явдал үнэндээ тааруу байгаа.
Тодруулан хэлбэл, өрийн вируст нэрвэгдсэн Өмнөд Европын улс орнуудад муу байна. Тэр нь эдийн засгийн организмын сул эсэргүүцлээс буюу сул өрсөлдөх чадвараас нь хамааралтай болж байна. Хямралын үндэс нь түүнд л бий. Өнөөдөр бүхний анхааралд байгаа улсын өрийн хэмжээ нь дөнгөж үр дагавар нь юм.
Өрсөлдөх чадвар сайтай евро бүсийн хойд нутаг ба асуудалтай өмнөдийн орнуудын ялгааг дээр дурьдсан чансаа харуулж байна. Тэнд Испани 36-д, Итали 42-т, Португали 49-д, Грек бүр 96-д байгаа юм.
Европын холбооны өөрчлөх үүрэг
Эдгээр мэдээллээс евро бүс хагарах нь тодорхой гэсэн өөдрөг бус дүгнэлт хийж болно. Гэтэл тийм дүгнэлт нэгэн чухал нөхцлийг анзаараагүй бололтой. Аж үйлдвэрийн хөгжилтэй АНУ-д ч Японд ч, BRIСS-ийн Хятад зэрэг орнуудад евро бүсэд хийж байгаа маш гүнзгий өргөн цар хүрээтэй нийгэм, эдийн засгийн болон бүтцийн эрс өөрчлөлт байхгүй. Түүний гол зорилго нь гишүүн орнуудаа өрсөлдөөний шинэ төвшинд гаргах явдал юм.
Тэр болгон тохиолдол бүр нь амжилттай байгаа биш л дээ. Гэхдээ Европын холбооны шинэчлэн сэргээх үүргийг дутуу үнэлж үл болно. Испани 1986 онд холбооны гишүүн болтлоо ямар байв? Хөдөө аж ахуй нь хоцрогдсон, дөчөөд жилийн фашист дарангуйллын хүнд өвчтэй орон байлаа. Өнөөдөр тус улс орчин үеийн ардчилсан орон болсон.
Ирланд холбооны гишүүнээр элссэн 1973 оноос өмнө Европын ядуусын “хороолол” нь байв. Хүн ам нь сайхан амьдрал хөөгөөд дэлхийгээр хэсч тарсан. Харин гишүүн болсноос нь хойш түүнийг “кельтийн бар” гэх болсон билээ. Европын холбоо 2004 онд зүүн зүгт хилээ тэлсний дараа Зүүн Европын социалист байсан орнууд нэн ялангуяа Польш ямар үсрэлт хийснийг хэлээд ч хэрэггүй биз!
Бусад орнууд шинэчлэл хийх гэж яарахгүй байна
Товчхон хэлбэл, Европын холбоонд амжилттай сэргэх баялаг туршлага байна. Одоо өрийн хямралтай тэмцэж байгаа нь үр дүнгээ өгч эхлээд буй. Европын тогтворжуулах сангаас хамгийн анхлан тусламж гуйсан Ирланд хэдэн жилийн уналтын дараа өрсөлдөх чадварын чансааны 27-д гарч ирсэн нь ЕХ-ны өрийн хямралтай тэмцэх арга хэмжээ нь хүссэн үр дүн рүү хөтөлж буйг харуулна.
Энэ бүгдээс үүдэн “Хоёр гурван жилийн дараа Европ ямар болох вэ?” гэсэн асуултад Европын орнууд эрс шинэчлэлийн эмзэг өөрчлөлтийнхөө дараа төсвийг эрүүлжүүлж, төрийн аппаратыг нийгмийн системийг зохих хэмжээнд хасан шинэчлээд XXI зууны шаардлагад тэнцсэн цэцэглэлтийнхээ үед орж чадна гэсэн хариулт гарч байна. Одоо суурь шинэчлэлээ эхлээгүй АНУ, Япон, Орос зэрэг орнууд нь тэр үед зайлшгүй шаардлагаар шинэчлэл хийх болно.
Евро бүсийн асуудалтай орнуудад нааштай үр дүн гарч эхлэв
Евро бүсийн Грек, Итали зэрэг асуудалтай орнуудад хийж буй шинэчлэл ба хэмнэлтийн арга хэмжээ анхны үр дүнгээ харуулж байна. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, өрсөлдөх чадвар сайжирч, гадаад худалдааны тэнцвэр аажмаар тэгширч байна.
Германы Холбооны худалдааны танхимын нэгдлээс (DIHK) Financial Times Deutschland (FTD) сонины захиалгаар хийлгэсэн судалгаа ийм дүгнэлтийг хийжээ. Өөрчлөлтийн чухал шинж тэмдэг нь эдгээр орнуудын өрсөлдөх чадвар өсч байгаа нь болов.
Импорт буурч экспорт нэмэгдлээ
“Зөвхөн Ирланд, Грект ч биш Испанид бүтээгдэхүүний нэгжид хөдөлмөрийн үнэлгээний зардал буурлаа” гэж DIHK-ийн шинжээч Илья Нотнагель (Ilja Nothnagel) хэлж байна. Сүүлийн арваад жилд хүчтэй өссөн цалинг хорогдуулсан нь орон нутгийн компаниудад дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай бараа бүтээгдэхүүнийг гаргах боломжийг өглөө.
Үүний үр дүнд экспорт өсч, импорт буурав. Испани, Португали, Грект гадаад худалдааны ялгаа аажмаар тэгширч буйг шинжээч онцолжээ.
Энэ жилийн эхний хагаст Итали гадаад хуралдааныхаа зөрүүг бараг тэнцвэржүүлж чадсан байна. Ер нь гадаад худалдааны ялгааг арилгах үйл явцыг евро бүсийн орнуудад эрчимтэй хийж байна. Тиймээс бизнес нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхээр идэвтэй ажилласан гавъяатай болж байна. Үйлдвэрийн газрууд шинэлэлдээ Засгийн газраасаа илүүтэйгээр урагшилж чаджээ.
Олон нийт амжилтыг олж харахгүй байна
Асуудалтай орнуудын Засгийн газар мэдэгдэхүйц амжилт гаргасныг олон нийт олж харахгүй байгаа гэдэгт итгэлтэйгээ BremerLandesbank банкны гол шинжээч Фолькер Хельмайер (Folker Hellmeyer) хэлэв. Түүний хэлснээр, евро бүс бүтцийн шинэчлэлийнхээ үндсэн хэсгийг хийж чадсан гэнэ.
ZDF телевизид ярилцлага өгөхдөө Фолькер Хельмайер, өнөөгийн нөхцөлд аж үйлдвэрийн орнуудаас түүхэнд анхных болох хамгийн хатуу арга хэмжээ авч байгаа Грекийн амжилтын талаар хэвлэл мэдээлэл мэдээлэхүй байгаад гайхаж буйгаа хэлжээ. Сүүлийн таван жилийн дотор Грекийн дотоодын нийт бүтээгдэхүүн 27 хувиар унасан ч тус улс төсвийн зарлагаа бууруулсаар байна. Экспортын хэмжээгээр хямралын өмнөх 2007 оны төвшинд очжээ.
“Европ эргэн ирж байна”
DIHK хийсэн судалгааны тухай өгүүллээ Financial Times Deutschland сонин “Европ эргэн ирж байна” гэж нэрлэжээ. Сонинд өгүүлснээр евро бүс ирэх 2013 онд дэлхийн эдийн засагт мэдэгдэхүйц түлхэц өгөн өсөлтөд нь нөлөөлөх гэнэ. Нэн ялангуяа Герман энд чухал үүрэгтэй байх ажээ.
Энэ судалгаанаас тэмдэглэхдээ ХБНГУ Европын гадуурх орнуудад экспортоо нэмэгдүүлэхийн зарагцээ асуудалтай орнуудаас бараа товар авахыгаа ихэсгэсэн гэж сонин бичжээ. Түүгээрээ Герман асуудалтай өмнөд бүсэд шинэчлэл хийхэд н.ь тус болж буй ажээ. Сүүлийн дөрвөн жилийн дотор Германаас гадна зөвхөн Швед л ЕХ-ны орнуудаас авах бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж чадсаныг Financial Times Deutschland онцлон бичжээ.
