Монгол Улсын Засгийн газар цөлжилтийн талаар анхаарлаа хандуулах гэж говьд хуралдаж байсныг санаж буй байх. Энэ бол олны анхаарлыг татах сайн арга байв. Тэгвэл нийслэлчүүдийн хувьд усаар дүүрсэн нүх, шавраар хаагдсан гэр хорооллын гудмууд цөлжилтөөс ч тулгамдсан асуудал болсоор нэгэн зуныг өнгөрөөж байна.
Өмнөх жилүүдээс ч илүүтэй орсон борооны ачаар урдаас усны гутал оруулж ирсэн хэдэн наймаачид л хожсоноос өөр сайн зүйл даанч байсангүй. Өмнө нь 10-15 мянгаар зарж байсан усны гуталны дундаж үнэ 25-30 мянган төгрөг болтлоо өссөн нь эрэлт ихтэй байсантай нь холбоотой. Гэртээ харих замыг нь бөөн ус хааж буй үед үнэтэй ч хамаагүй нэг гутал олж өмсөхөөс аргагүй. Үүнийг нь мэдэж байгаа наймаачид “авбал ав, боливол боль” гэх үгийг даанч харамсахгүйгээр хэлнэ. Энэ үгнээс ч дутахгүйгээр дуулдах болсон үгсийг таксины жолоочдын амнаас сонсож болно. Тэр нь “Гэр хороолол руу орохгүй шүү” гэх анхааруулга. Үнэхээр усаар дүүрсэн нүхэн дундуур явахгүй, машинаа эвдлэхгүй гэж байгаа жолооч нарыг буруутгах аргагүй. Мэдээж таксинд том тэрэгнүүд явахгүй нь ойлгомжтой. Харин жижиг тэрэгнүүд иймэрхүү замаар хэд яваад л дуу шуу орчихно. Муухан тэрэгтэй нь тэр чигтэй зогсоно.
Гэвч хүн байтугай машин явахаас ч халшрам энэ замаар өдөр бүр, шөнө бүр иргэд туучсаар. Хүүхэд тэвэрсэн, ачаа бараатай, хөл муутай, жирэмсэн гээд олон шалтгаантай байсан ч явган алхахаас аргагүй. Өнөө хэдэн жолооч нарыг хуурч нэг, гуйж нэг гэр лүүгээ хүргүүлэх нэгэн бий. Унааны мөнгө нь бүү хэл усны гутал авах мөнгөгүй нь ч бий. Бороо бүрийн дараа “яаж гэртээ харих вэ” гэдэг асуулт олон ч хүний толгойд буусаар удлаа. Харин үүнийг дарга нар мэдэх болов уу. Хэрэв мэддэг байсан бол Засгийн газрын хуралдах дараагийн газар шавар усаар дүүрсэн гэр хорооллын гудманд байх ёстойсон.
Яах вэ, бид чинь анхаарлаа хандуулах хүртэл чинь хүлээгээд л, сонгуулийн үеэр зам тавьж өгнө гэж амласанд чинь итгээд л байгаа. Инноваци, инфляци гэх мэт том асуудлаа шийдэж дуусаад мань мэтийнхээ жижигхэн асуудлыг шийдэх хүртэл хэцүүхэн үед маань хань болж байгаа усны гутлаа магтаад л явцгааж байя. Усны гутал мандтугай. Хурай, хурай
А.ШАРХҮҮ