/нигүүлсэл/. Энэ үгийг сонсоод зарим уншигчид баруун европын тэр дундаа
Италийн уран барималын томоохон сэдвийг ойлгож байж болох. Цовдлуулсан
Христийг Мария гар дээрээ хэвтүүлж байгааг дүрсэлсэн зургийг Италид
ийнхүү нэрийддэг ажээ. Энэ үгээр илэрхийлсэн нэгэн бүтээл өнөөгийн
европод шуугиан тарьж байна. Гэхдээ баримал биш, бүр өрнийн хүн ч энэ
бүтээлийг тууриваагүй. Энэ бол “Pieta” гэж нэрийдсэн уран сайхны кино
ажээ.
Өдгөө дорнын кино урлаг, тэр дундаа арт хаус чиглэлийн гол
төлөөлөгчдийн нэг Ким Ки Дукын сүүлийн бүтээлийг ийнхүү нэрийддэг аж.
Мөнгө
хүүлэгчдэд асар их хэмжээний өртэй нэгэн эр, Солонгосын гудамжаар явж
байгаад ахимаг насны нэгэн эмэгтэйтэй танилцана. Энэ эмэгтэй өртэй
залууд тусалж, басхүү хайр дурлал, ямар амрагийн жаргалд мансуурах ажээ.
Гэтэл ахимаг насны эмэгтэй сүүлдээ өртэй залууг бага байхад нь орхиод
явсан эх нь байж таардаг. Ийнхүү кино цааш өрнөнө. Эцэст нь өртэй залуу
өөд болж байгаагаар кино дуусдаг. Киноны гол утга санааг нь харвал
эртний Грекийн сонгодог зохиол “Эдип хаан”-тай төстэй ч өрнийн орнуудад
түгсэн энэхүү зохиолын утга санааг дорнын хэв маягтай төгс зохицуулж,
найруулагчийн уран сэтгэмжээр цогцлоосон эл бүтээл 69 дэх удаагийн
Венецийн кино наадмын дээд шагнал “Алтан арслан”-г хүртсэн юм.
Найруулагч Ким Ки Дукын хувьд Венецийн кино наадмаас 2004 онд “Гурван
төмөр” нэртэй бүтээлээрээ алтан арсланг хүртэж байсан удаатай.
Ким
Ки Дук бол өдгөө баруун болон АНУ-ын кино зах зээлд дорнын кино
урлагийг таниулж байгаа олон алдартай найруулагчдын нэг. 2011 онд АНУ-ын
киноны зах зээл тэр дундаа DVD хэлбэрээр зарж борлуулах эрхийг 17 гаруй
кинонд нь олгосон байна. Түүний 2000 оны бүтээл “The Isle”, “Бодит
домог”, 2001 оны бүтээл “Муу залуу”, “Хаяг тодорхойгүй”, 2002 оны бүтээл
“Эргийн харуул”, 2003 оны бүтээл “Хавар, зун, намар, өвөл…дахиад
хавар”, 2004 оны бүтээл “Самариа”, “Гурван төмөр”, 2005 оны бүтээл
“Нум”, 2006 оны бүтээл “Цаг хугацаа” зэрэг бүтээл одоо ч гэсэн АНУ-ын
киноны зах зээлд борлогдож байна. Энэ дундаас Буддын шашны үзэл санааг,
арт хаус санаа болон контемрари арга барилтай гайхалтай хослуулсан
“Хавар, зун, намар, өвөл…дахиад хавар” кино олны анхаарлыг ихэд
татдаг. Ялангуяа мэргэжилтнүүд болоод шүүмжлэгчдийн дунд нилээдгүй
мэтгэлцээнийг өрнүүлж байсан гэхэд болно. Тэр ч утгаараа Ази тивийн
хэмжээнд зохиогддог бараг бүх кино наадмаас шилдэг шагналыг түүжээ.
Хэдийгээр барууны улс орнууд, АНУ-ын зах зээлд төдийлөн ашиг олоогүй ч
үзэгчдийн анхаарлыг татсан бүтээлж болж чадсан гэж судлаачид дүгнэдэг.
“Энэ бол миний амьдралдаа үзэж байсан хамгийн өвөрмөц кино. Дүрснээс
дүрс рүү, үйл явдалаас, үйл явдал шилжтэл юуг ч үзэгч тааж, тааварлаж
чадахгүй. Чухам энэ л үзэгчдийг дэлгэцэнд уях нэг арга юм. Орчин үед
үүнийг драмын чиглэлийн кинонд, тэр дундаа арт хаус чиглэлийн бүтээлд
ашиглах чадвартай найруулагч байхгүй. Ким Ки Дук үнэхээр том найруулагч
юм” гэж кино шүүмжлэгч Ирвин Макулай 2003 оны Нью-Йорк таймс сонины
дугаарт нийтэлж байжээ.
Түүнийг бүтээлийг “цэвэр кино” гэж
нэрлэх нь ч бий. Угтаа эвлүүлгийн программ, компютер график ашиглалгүй,
цэвэр жүжигчдийн тоглолт, кино зохиолын нарийн сюжетийг гаргадаг
болохоор Ким Дукыг ийнхүү нэрлэсэн ч байж магадгүй. “Кино урлагт
суралцаж, найруулагч болохоор шийдэж байгаа хүмүүс түүний бүтээлүүдийг
үзэхэд хангалттай. Ингэх нь тэдэнд хэн нэгэн их мэдэгч олон юм ярихаас
хавьгүй илүү байх болно. Түүний амьдралыг үзэх үзэл, өөрийн үзэл бодол
зэргээс болоод зарим хүмүүсийн дургүйг хүргэхээр зүйлийг олон тусгадаг ч
тэр үүнийг цэвэр кино болгож чаддаг” гэж Хёо Сон Чун “Өнөө цагийн
шилдэг найруулагчид” номондоо дурьджээ.
Амьдрал үзсэн нь…
Ким
Ки Дук 1960 оны арванхоёрдугаар сарын 20-нд Өмнөд Солонгос улсын
нийслэл Сөүлийн хойд хэсэгт оршдог Кионсонг тойргийн Бонхуа нэртэй уулын
жижиг тосгонд мэндэлжээ. Түүнийг бага ахуйд хаалттай, хүн болгон үгээ
хэлж чадахгүй коммунист тал руу хэлбийсэн нийгэм, эдийн засаг нь
эрчимтэй өссөн, боловсрол, хүн амын хөгжилд анхаарсан, капиталист эдийн
засгийн системд шилжиж байсан шилжилтийн үе таарчээ. Угтаа Өмнөд
Солонгосын одоогийн хөгжлийн эцэг гэгддэг Пак Чун Хэг ерөнхийлөгчийн
алба хашиж байх тэр цаг үетэй давхацдаг. Ким Дукыг 9 нас хүрдэг жил нь
гэр бүлээрээ Илсан руу нүүжээ. “Илсан руу нүүж байсан тэр үеийг би одоо ч
санадаг. Гэр бүлд маань тийм ч хүрэлцэж байгаагүй орлого, ядуу тарчиг,
өлмөн зэлмүүн байдлаас болоод бид аж ахуй эрхлэх зорилгоор Илсанд ирж
байсан шиг санадаг. Угтаа би ч биш бүх Солонгосчуудын амьдрал ийм байлаа
шүү дээ” гэж Ким Ки Дук хожим нь дурссан байдаг.
Бага сургуулиа
төгссөнийхөө дараа Самаегийн аж үйлдвэрийн сургуульд элсэн орсон байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ажилтан чиглэлээр сурч байсан тэрээр
аавынхаа жижигхэн аж ахуй туслахын тулд энэ мэргэжлийг сонгон авсан
гэдэг. Тэрээр бага наснаасаа багш нарын зааж байгаа арга барил,
сургалтын хөтөлбөр зэрэгт шүүмжлэлтэй ханддаг байсан төдийгүй энэ
байдлаасаа болоод хичээлдээ нэг сар хүртэл хугацаагаар явж байгаагүй
гэдэг. Түүнийг аж үйлдвэрийн сургуулийг төгсөхөөс хэдхэн сарын өмнө
түүний дүү сургуульд орох шалтгаанаар Кимийг аав нь сургуулиас нь
гаргажээ. Тэрээр өөрөө сурах сонирхолтой байсан ч багахан хэмжээний
мөнгөнөөсөө шалтгаалаад эцгийнхээ хүслийг биелүүлэхээс өөр аргагүй
болсон гэдэг. Тэрээр 17 нас хүртэлээ маш олон ажил хийжээ. Аж үйлдвэрийн
туслах, хог ялгагч, барилга баригдаж байгаа газрууд, товчны үйлдвэрийн
ачигч, электроникийн үйлдвэрд ч ажиллаж байсан ажээ. Харин 17 нас хүрдэг
жилдээ тэр хөнгөн үйлдвэрийн ачигчийн цехийн дэд дарга болж дэвшин
цалин хангамж, ажлын ачаалал зэрэг нь ч багассан байна. “Би тухайн үедээ
3200 гаруй ачааг өдөрт ачиж гарган, дараагийн цех рүү хүргэдэг байлаа.
Одоогийнх шиг бүх зүйл автомат болоогүй байсан цаг үе” гэж Ким Ки Дук
ярьсан байдаг.
Тэрээр чамгүй бүтээлч сэтгэлгээтэй байсан бөгөөд
төмрийн үйлдвэрээс гарсан хог, хаягдалаар гар буу хийдэг байсан аж.
Удалгүй энэ нь орон нутгийн цагдаагийн газар мэдэгдэж долоо хоног шоронд
сууж байсан удаатай. Хэдэн сарын дараа тэрээр гэр бүлийнхэндээ цэрэгт
элсэх гэж байгаагаа хэлэн тэнгисийн цэрэгт сайн дураараа элсэн оржээ.
Хоёр жилийн хугацаанд цэргийн хатуу ширүүн амьдралд нухлагдсан байна.
Түүнд энэ цаг хугацаа нь хожим кино урлагт ороход нь нөлөөлсөн гэдгийг
нуудаггүй. Цэргээс гараад 1990 он хүртэл энд тэнд олдсон ажил болгоныг
хийж явсаар, өөрийн сонирхолдоо хөтлөгдөн Францыг зорьжээ.
Зураачаас кино урлаг руу…
Уран
зурагт сонирхолтой байсан тэрээр Монтпелье хотод очин ахимаг насны
зураачид шавь орсон гэдэг. Мөн ур чадвараа хөгжүүлэхийн тулд гудамжинд
зураг зуран мөнгө олдог байсан аж. Уран зургийн төрлөөс тэрээр
контемпрари стильд дуртай байсан бөгөөд чөлөөт цагаараа зурж, цуглуулга
үүсгэдэг байжээ. Түүний хийсэн бүтээлүүд хөршийнх нь айлуудад таалагдсан
учир Францын нйислэлд очин хүмүүст үнэ төлбөргүй үзүүлдэг байсан аж.
Түүнийг Францын нэгэн баян эр олж харсан бөгөөд кино театрын зурагт
хуудас, бүтээгдэхүүний рекламуудыг хийлгэж байхаар тохиролцжээ. Мөн
олсон мөнгөөрөө баруун европыг тойрон уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан
юм. Удалгүй нутагтаа ирээд кино театруудын зурагт хуудсыг бүтээж
эхэлсэн бөгөөд зарим тохиолдолд цэвэрлэгч хүртэл хийдэг байжээ. Ингэж
явсаар нэг л мэдэхэд кино урлагт татагдаж эхэлсэн байна. Түүнд хамгийн
их нөлөөлсөн хоёр кино байдаг бөгөөд энэ нь Жонатан Дэммийн “Хурга
майлахаа болино”, “Хайлагсдын гүүр” нэртэй Францын найруулагчийн бүтээл
юм. Угтаа эдгээр бүтээлүүдээс болоод кино урлагт эргэлт буцалтгүй орох
сонголтоо хийжээ.
1993 онд тэрээр эх нутагтаа буцан ирэв.
Ирмэгцээ Киноны зохиол бичих, найруулах арга техникт суралцах зорилгоор
зургаан сарын түргэвчилсэн дамжаанд суужээ. Мөн Солонгосын кино
зохиолчдын холбоонд ч бүртгүүлж амжсан гэдэг. Тэрээр Солонгосын кино
академи болон засгийн газрын дэмжлэгтэйгээр зохиогддог олон уралдаан
тэмцээнд оролцож амжилт гаргаж байсан түүхтэй. 1995 онд түүний бүтээсэн
“Хууль зөрчигч” кино дээд шагналыг хүртэж байжээ. Энэ кинонд уушгины
хавдартай гэж оношлогдсон дээримчин залуу, шөнийн цэнгээний газар
ажилладаг ч модель болох хүсэлтэй бүсгүй хоёрын дундахь эмгэнэлтэй
хайрын тухай өгүүлдэг. Түүнтэй учирсан хойноо модель болох хүслийг нь
биелүүлэхийн тулд таньдаг хүмүүсдээ үзүүлж анхных нь тайзан дээр
гаргадаг. Харин цагдаа нар олон жил баригдаагүй гэмт хэрэгтнийг хайж
явсаар олж, буудан хороодог. Модель болох хүсэлтэй бүсгүй ч өөрийн
мөрөөдлөө биелүүлж байгаагаар кино дуусдаг ажээ. Энэ бол түүний
гайхалтай бүтээлүүдийн шанг татсан, өвөрмөц бүтээл байсан юм. Чухам
үүнээс хойш дорнын орнуудад тэр бүр хийгдээд байдаггүй найруулгын
өвөрмөц шийдэлтэй кинонуудыг бүтээж эхлэв. 1997 онд дэлгэцэнд амилсан
“Зэрлэг амьтад”, 1998 онд гарсан “Дотуур байрны тортой шувуу” гэсэн хоёр
бүтээл тухайн үеийн солонгосыг шуугиулж байлаа. Тэр бүр иймэрхүү
хийцтэй бүтээл үзэж байгаагүй Солонгосын үзэгчид болоод мэргэжилтнүүд
түүнийг кинонуудыг хог гэцгээж байлаа. Гэхдээ түүний хийсэн Муу залуу,
Самариа зэрэг бүтээлүүд эх нутгаасаа даван барууны кино шүүмжлэгчдийн
сонирхолыг татаж, тухайн жилийнхээ шилдэг киног нэрлэдэг Берлинд төвтэй
кино академийн цомогт түүний бүтээл ч багтаж байсан юм. Эх орон нь
түүнийг хүлээж авахад бэлэн биш байлаа.
Сайн, муугийн дунд…
Түүний
хийсэн нэгэн бүтээл өнөө хэр нь Солонгосын үзэгчид болоод
мэргэжилтнүүдийн дунд мэтгэлцээн өрнүүлсээр байдаг. Тэрээр 1996 онд
“Матар” нэртэй бүтээлийг Солонгосын нэгэн найруулагчтай хамтран
бүтээжээ. Тухайн үед Хан гол руу живэх үзэгдэл ихэсч сард 60 гаруй хүн
амиа хорлодог байсан гэдэг. Чухам энэ тухай “Матар” өгүүлнэ. Хан голын
эрэгт хоног төөрүүлдэг байсан ядуу гэр бүл тэрхүү хүмүүсийг эрэгт
гарган, цагдаад мэдэгддэг байжээ. Бүр Хан голыг даган байрласан амралт,
жуулчлал, зугаа, цэнгээний газруудад ч үхсэн хүний цогцос гарч ирэхэд
энүүхэнд байлаа. Цагдаа нар ч эдгээр хүмүүст хоч өгөөд амжсан байж. Энэ
бол “Матар”. Олон нийтэд ч энэ нэр тараад байсан гэдэг. Хайраасаа болоод
үсрэх гэж байсан нэгэн залууг, үл таних нэгэн эмэгтэй аварсан ч удалгүй
тэр Хан голд живсэн байгаагаар энэхүү кино дуусдаг ажээ. Угтаа энэ
кинонд л анх удаа сонирхогчийн гэх төрлийг оруулж ирсэн юм. Зураг
авалтыг хөдөлгөөнтэй хийж, гол дүрийн жүжигчдэд элдэв нүүр хувиргалт
оруулалгүйгээр тоглуулж, амиа хорлосон хүмүүсийн дүрсийг бага зэрэг
оруулсан нь ч өвөрмөц шийдэл байлаа. Дэлгэцэнд гарсан даруйдаа шуугиан
дэгдээж Солонгосын соёлын хорооноос ч дэлгэцнээс хасахыг шаардаж байсан
удаатай. Угтаа одоо хүртэл түүний бүтээлийг шүүмжилдэг мянга, мянган
шүүмжлэгчдийн эгнээг “Матар” нэмсэн гэхэд хэлсдэхгүй. Гэсэн хэдий ч
гадаадын кино наадмуудад сойж өндөр үнэлгээг авч байсан гэдэг. “Энэ бол
кино урлагийн бүх зүйлийг зөрчсөн бүтээл гэж хэлэхэд хэцүүхэн зүйл. Үүнд
мэргэжлийн гэх ямар ч зүйл алга. Тэгээд үүнийгээ гаргаад байгаад би
өмнөөс нь санаа зовж байгаа” гэж тухайн үедээ алдартай зураглаач гэгдэж
байсан Монг Еи ярьж байсан гэдэг. Одоо хэр нь түүний бүтээлийг
шүүмжилдэг хүмүүсийн томоохон “арми” Өмнөд Солонгост бий.
Дорноос Өрнө рүү…
Түүний
өмнөх бүтээлийг зөвхөн кино наадамд оролцуулах зорилгоор олонд биш
мэргэжилтнүүдэд үзүүлдэг байсан бол албан ёсоор өрнийн үзэгчдэд хүрсэн
кино бол “Хаяг тодорхойгүй” гэдэг кино юм. Энэ кинонд Солонгосын дайнд
Өмнөд Солонгосын талд ирсэн тодорхойгүй захианаас үүдсэн түүхийг
харуулна. Хойд Солонгосын тагнуулууд нууц захиаг тээж явсан Өмнөд
Солонгосын тагнуулыг хорьж, шоронд тамлаж байгаагаар кино цааш
үргэлжилдэг ажээ. Зураг авалт, найруулгын шийдэл зэрэг нь Холливудын
иймэрхүү төрлийн киноноос ялгарч, бодит байдлыг мэдрүүлж чадсан нь
тухайн үедээ өрнийн орнуудын үзэгчдийг шуугиулж байжээ. Үүнээс хойш
түүний бараг бүх кино барууны кино зах зээл, ялангуяа Холливудад хүртэл
цацагддаг болсон юм. Барууны кино шүүмжлэгчид түүний хэлэлцэж, Time
сэтгүүл түүний тухай материал нийтэлж, алдартай бүх хүмүүс түүнийг
анхаарч эхлэв. “Акира Курасаваг гүйцэх найруулагч азид ойрын хэдэн
жилдээ төрөхгүй гэж шүүмжилцгээж байсан ч Ким Ки Дук түүнд дөхөж очих,
магадгүй түүнтэй зүйрлэхгүй байхаар тийм тусдаа, өвөрцөм найруулагч юм.
Би амьдралдаа түүн шиг өвөрцөм сэтгэдэг ази найруулагч хараагүй. Ийм
найруулагчийг баруунд, холливудад ч олоход бэрх шүү” гэж алдарт кино
найруулагч Квинтин Тарантино ярьж байжээ.
2004 он түүний хувьд
амжилт, бахархалын жил байсан гэхэд болно. Берлин болон Венецийн
наадмуудаас шилдгийн шагналыг түүж, шүүмжлэгчдийн дунд хэлэх ч үггүй
болгож орхисон учраас ийм амжилт үзүүлсэн биз. Самариа нэртэй киногоороо
Берлины олон улсын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртэж
байжээ. Энэ кинонд Жин Ёо, Ен Же нэртэй өсвөр насны охидууд мөнгө олохын
тулд Европод очин биеэ үнэлж байгаа тухай энэ кинонд гардаг. Нэгэн удаа
Ён Же найз Жин Ёог баян залууд зуучилж түүнээсээ мөнгө олдог чухам
үүнээс болж кино таамаглахын аргагүй үйл явдал дунд өрнөнө. “Биеэ
үнэлэгчдийн сэдэв аль ч цаг үед халуухан сэдвүүдийн нэг байсаар ирсэн.
Гэхдээ Ким Дукын энэ кино үнэхээр өвөрмөц болж чаджээ. Хэрвээ энэ киног
муул гэвэл би ганц л зүйл хэлж чадна. Хэтэрхий энгийн л гэж хэлнэ.
Гэхдээ энэ бол шүүмж гэхээсээ илүү магтаал болж болох талтай. Холливудын
киноны фантазлал, техникээр бөмбөгдсөн эффектүүд, чамирхал, утга,
учиргүй секс энэ кинонд харагдахгүй байгаа нь л олон улсад алдартай
болгосон хэрэг” гэж BAFTA-ийн ТУЗ-ын гишүүн, найруулагч Данкин Кенворти
ярьжээ.
Харин түүний “3-Төмөр” нэртэй бүтээл Венецийн кино
наадмын шилдэг найруулагчийн шагналыг эзэндээ авчирсан. Энэ кинонд
нууцлаг хайрын тухай өгүүлдэг. Ахимаг насны гэрийн эзэгтэй гэрийн
ажилдаа туслуулахаар авчирсан залууд дурлаж, амрагийн харьцаатай болж
байгааг энэ кинонд өгүүлдэг. Гэхдээ тэдэнд нэгэн саад бий. Энэ бол
тэдний дундаас гарах хүүхэд байдаг. Энэ өгүүлэмж нь Холливудын кинонд
байдаг ч дунд нь өрнөх үйл явдалыг цөөхөн болгож зөвхөн нөхөр, эхнэр,
нууц амраг гэсэн гурван дүр дээр л үзэгчдийг төвлөрүүлэхийг хичээсэн
гэдгээ Ким Ки Дук хожим нь дурсан ярьжээ.
Түүний бүтээлийн тухай,
түүний тухай ярьвал хэвлэлийн зай талбай хүрэлцэхгүй. Тэрээр хэдхэн
хоногийн өмнө 69 дэх удаагийн Венецийн кино наадмаас дээд шагнал болох
алтан арсланг “Pieta” киногоороо хүртээд байгаа юм. Түүний энэ кино одоо
Герман төдийгүй баруун европын орнуудад шүүмжлэгчдийн гол сэдэв болоод
байна.
Ким Ки Дук. Киног зөвхөн ашиг орлогоор нь хэмжигчдийн
нүдээр харвал тэр гавихгүй найруулагч. Зөвхөн техникийн дэвшлийг илүүд
үзэгчдийн нүдээр харвал тэрээр хоцрогдсон найруулагч. Гэхдээ киног
жинхэнэ бүтээл гэж үнэлэгчдийн нүдээр харвал тэр гайхалтай найруулагч.
Чухам эдгээр зүйлс л Ким Ки Дукыг, түүний бүтээлийг дагаж явсаар өнөөг
хүрчээ. Магад хичнээн жил бүтээлээ хүргэж, хичнээн шагналын эзэн болохыг
таашгүй.