Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Сар болгоны нэг өдөр аль нэг замыг хаасаар, хөдөлгөөнөө зохицуулсаар, иргэд бухимдсаар аль хэдийнэ хоёр сарыг ардаа хийжээ. Харин энэ бүх засварын ажил ирэх сарын 15 гэхэд дуусна гэдгийг албаны хүмүүс нь хэлж байна. Энэ жил нийт 90 км замыг ашиглалтад оруулах бөгөөд 20 км гаруйг нь шинээр барих бөгөөд 27 гаруй км замыг өргөтгөн шинэчлэх байсан. Байсан гэдгийн учир нь энэ ажлуудаас зам засварын долоон ажил тендер нь ирээгүй гэх шалтгаанаар хойшлоод байгаа аж.

Яг ямар замын ажил хойшилсоныг хэлэх боломжгүй

Үүнийг албаны хүмүүс нь баталж байна. Өөрөөр хэлбэл, энэ долоон замыг арайхан гаргаж чадаагүй байгаа аж. “Одоогоор маш их ажилтай байгаа болохоор бүгдийг нь хэлэх боломжгүй байна. Тооцоолол дууссаны дараа хариу өгөх боломжтой” гэж нийслэлийн Авто замын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Оюунгэрэл хэлсэн юм. Энэ бүх ажил гэхдээ нийслэлээс болж хойшлоогүй бөгөөд тендерийн бичиг баримтыг огт ирүүлээгүй гэх шалтгаанаар хойшилсон аж. Мөн одоо үргэлжилж байгаа зарим засварын ажил хугацаанаасаа хоцорч эхэлснийг санахад илүүдэхгүй. Тухайлбал, төрийн ордны баруун талын Байгалийн түүхийн музей хүртэлх уулзварын засварын ажил, Саппорогийн аюулгүйн тойргын уулзвараас “таван шар”-ын уулзвар хүртэлх 3,2 км авто замын ажил  гээд нэрлээд байвал олон. Гэсэн ч 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгахаар ажиллаж байгаа аж.

Зарим засвар үргэлжилж байна

Өнгөрөгч 6-ны 23:00 цагаас хаасан Улаанхуарангийн эцсээс Шархадны зам хүртэлх 550 метр хэсгийн ажил өчигдөр өдөр нээлтээ хийсэн юм. Мөн Энхтайваны гүүрнээс урагш 120 мянгатын уулзвар хүртэлх 600 метр авто замын шинэчлэлтийн ажил маргааш өглөөний 07:00 цагт нээх юм. Харин Эскадрилийн хөшөөнөөс Улаанхуарангийн эцэс хүртэлх 950 метр замыг ирэх 25-наас эхлэн хаах ажээ.

Нийслэлийн таван дүүргийн гэр хороолол болон орон сууцны хоорон дахь замыг шинэчлэх ажил энэ жилийн хувьд бүрэн дууссан ажээ. Харин дараа жил энэ ажил үргэлжлэх бөгөөд таван жилийн дотор бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Туслах замуудыг засах, шинэчлэх ажилд 8,3 тэрбум төгрөг зарцуулсан юм.

Нарны гүүр арваннэгдүгээр сард ашиглалтад орно

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа “Нарны гүүр”-ийн ажл 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Хэдийгээр энэ наадмаас өмнө ашиглалтад оруулахаар байсан ч дам нурууг бөхлөх, зам тавих зэрэг ажлуудыг нарийн дэс дарааллын дагуу хийхээр болж улс тунхагласны баяраар ашиглалтад орхоор болсон билээ. Шинээр баригдаж буй тус гүүр нь хөдөлгөөний дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай хүнд даацын машин явах боломжтой 30-55 метрийн алгасал ббүхий металл дам нуруутай байх аж. “Нарны гүүр”-ний хөрөнгө оруулалт болгож Японы засгийн газраас эхний ээлжинд 1,5 тэрбум иенийг оруулсан бөгөөд тэд энэхүү хөрөнгөөр гүүрний ажлын 65 хувийг хийж гүйцэтгэсэн байна.

Ийнхүү энэ жил Хөгжлийн банкнаас санхүүжигдэх байсан томоохон зам засварын ажлууд ирэх жил болтол хойшилж байгаа аж. Мөн хороолол дундуурх замыг шинэчлэх ажил дараа жил ч үргэлжилнэ. Ямар ч байсан эрхэм жолооч та ирэх сарын 15-наас санаа зоволтгүй зорчиж болох нь.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж