Засгийн газрын шинэ өвчин: Хүүхдийн мөнгө

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Засгийн газрын шинэ өвчин: Хүүхдийн мөнгө

Шинэ Засгийн газрын эхний алхмуудыг харахад яг л сонгуулийн сурталчилгааны жил үргэлжлээд байгаа юм шиг санагдах. Мэдээж хэрэг энэ бол хэтэрхий сайн ажиллаад байна гэсэн үг биш шүү дээ. Тэд ажлаа эхлээ ч үгүй байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр л танхимаа бүрдүүлж, танилцах аяллаа эхлүүлж байгаа. Гэхдээ тэдний амнаас сонгуулийн үеэр л сонсогддог гэмээр сайхан үгс гарч амжиж л байна. Тухайл­бал, хүүхдийн мөнгө гээд халам­жийн хөтөлбөрүүдийн тухай. Төсвийн тодотголоо ярьж ам­жаагүй шахам, өнгөрсөн жил хийх ёстой байсан олон ажил санхүүжилтгүй болж зогсоод байгаа энэ үед гэнэт хүүхдийн мөнгө хэмээх 2008 оны сонгуульд далбаа болгон барьсан амлалтаа Ардчилсан нам гаргаж ирсэн нь нэгэн бодлын сайхан, нөгөө бодлын гайхалтай байна. Мэдээж хэрэг хүүхдэд мөнгө өгөх сайхан санагдалгүй яах вэ. Гэхдээ гэнэт гаргаж ирсэн энэ сайхан санаа­чилга ч бодит амьдрал хийгээд өнөөгийн Засгийн газрын боломжоос хэтийдэх бус уу. Үгүйдээ л өчигдөрхөн “Бэлэн мөнгөний амлалт яаж эдийн засгийг маань сүйрүүлж байгааг та бид харж байгаа. Бүгдээрээ нийлж байгаад бэлэн мөнгө амлахаа больё л доо” гэж гар барилцсан улстөрчид, “Эдийн засгийн хямралд нэрвэгдчихээд байхад нэг л удаа улстөрчид эр зориг гаргаад У”учлаарай бидний бэлэн мөнгө амлах чинь буруу байсан юм байна” гэж хэлээд уучлал гуйгаач” гэж тухайн үеийн эрх баригчдыг шар­лааж байсан эрхмүүд өнөө­­дөр ийн популист дүрд идэв­­хийлэн тоглох болсон нь гайхал­тай байна.  

Сөрөг хүчин нь тэднийг даапаалах мэт “Хүүхдийн мөнгийг ёстой дэмжиж байна. Бүр цаашилбал, иргэн бүрт 21 мянган төгрөг олгох хэрэгтэй” гэж уухайлж байна. Уг нь хэчнээн олон үйлдвэр байгуулж болох мөнгийг хямдхан архи болгож орхисныг аль ч намынхан нь, улстөрчид гэлтгүй хүн болгон мэдэж байгаа. Тэр тусмаа сонгуулийн өмнө 21 мянган төгрөг, нэг сая төгрөгтэй тэнцэнэ гээд байгаа хувьцааны мөнгөний эхний хэсгийг тараах гээд төсвийнхөө уутыг гөвчихсөн, өнөөдөр Сангийн сайд нь “Ямар ч мөнгө байхгүй шүү дээ” гэж гараа алдалж суухад 21 мянган төгрөгийг балиашиглаад байгааг үүнээс өөрөөр, яаж ч тайлбарлах билээ. Улстөржсөн амлалтын дагуу зах зээлд нийлүүлсэн их хэмжээний бэлэн мөнгө эдийн засаг хэмээх бие организмыг хэрхэн хорлож, одоо хор нь тайлагдахгүй элгээрээ хэвтэхээр тэлчилж байгааг та бид харж байгаа. Тэр тусмаа таван жилд нэг далайдаг дэлхийн эдийн засгийн хямрал айсуй гээд их гүрнүүд сандралдаж байхад Монголын улстөрчид хүүхдийн мөнгө тэргүүтэн бэлэн мөнгөний амлалтаа зүүдлэнхэн, уруул дээрээ мөрөөдлийн инээмсэглэл бүжиглүүлж байна. Хүүхдэд мөнгө өгөхийг, өргөн утгаараа бол сэтгэл гаргахыг хэн ч дэмжинэ, хэн ч хүүхдээсээ юу ч үл харамлаж зүрхэлнэ.

Гэвч өнөөдөр төсөв чинь улайчихсан, ганц тэжээгч болсон уул уурхайн бүтээгдэхүүнийх нь үнэ өдөр өдрөөр дэлхийн эдийн засаг Хятад хямарвал хөрш орны хувьд нэрвэгдэх вий хэмээн Оросын эдийн засаг түгшиж байхад энэ хэр боломжтой вэ? Өнөөдөр санхүүжилт байхгүйгээс хөрөнгө оруулалтын том том ажлууд зогсчихоод байхад энэ сайхан амлалтаа түр “мартаж” болохгүй гэж үү? Тэр тусмаа улстөрчдийн элдэв бодлогогүй алхам эдийн засагт ямар уршиг тарьж болдгийг 21 мянган төгрөгний “туршлага”-аараа мэдэх болсон улстөрчдийн хувьд энэ Засгийн газрын аранга, ирээдүйн эдийн засаг өвчлүүлэх үүр уурхайн эхлэл болох ч магадлалтай.

Басхүү хэдэн хүүхдэд цэцэрлэг барьж өгч болох мөнгөөр цоожтой хаалганы цаана хоцорч байгаа хүүд хүрч очихгүй ч байж магадгүй үмх талхны мөнгө өгч байгаагаа бас нэг тооцоолоод үзээрэй. Эрх баригчид аа, ард түмэнд сайхан харагдах гэсэн хүслийг тань бид тэртэй тэргүй мэднэ. Тэр тусмаа үүрэг хүлээх хугацааны чинь эхний 100 хоног ч болоогүй, эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа энэ үед сайхан амлалтаа хагас жил ч болтугай хойшлуулж болохгүй юу. Эдийн засаг тань тогтворжоод ядахдаа өнөөдөр ажил нь ганц ч алхам урагшлахгүй байгаа Тавантолгой ашиглалт эхлээд нүүрсээ худалдаад эхлэхээр хүүхдүүддээ мөнгө өг л дөө. Мэдээж хэрэг мөнгө өгөхөөс илүүтэй нэг ч хүүхэд цэцэрлэгийн гадаа нулимстай хоцрохгүй, нэг ч хүүхэд өглөө сургуульдаа хүрэх замдаа нохойд уруулж, жаварт хайруулж гүйхгүй, нэг ч хүүхэд хэзээ ч амиа алдаж болзошгүй эрсдэлтэй замаар зорчдоггүй, аав нь ажилтай, ээж нь айх аюулгүй бол 20 мянган төгрөг хүлээж суух хэрэггүй л дээ. Үнэхээр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө гэсэн чинхүү үнэн сэтгэлтэй л юм бол өөр хийх ажил олон, шийдэх зүйл их л байна даа, уг нь…

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж