МИАТ-ийн 49 хувийг хувьчилна

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн 49 хувийг хувьчилна

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан МАН-ынхны гомдлоор эхэлсэн юм. Тус намын гишүүн С.Бямбацогт өмнө хуралдсан байнгын хорооны хуралдаан дээр төсвийн тодотголыг хэлэлцэхэд өөрсдийнх нь гаргасан саналыг огт хэрэгсээгүй гэдгийг хэлэв. 2012 оны Төсвийн тодотгол дээр 0-18 насны хүүхдэд сар бүр хорин мянган төгрөгийг өгөхөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад олгох нь зүйтэй гэх саналыг МАН-ын гишүүд гаргасан аж. Гэсэн ч уг саналаар нь байнгын хорооны хурал дээр санал хураалт явуулаагүй юм. Тухайн хуралдаан дээр УИХ-ын Тамгын газрын хуульчид тайлбар гарган, хэрэв энэхүү заалтаар санал хураалт явуулбал Чуулганы дэгийн тухай хууль зөрчсөн явдал болно гэж зөвлөсний дагуу уг саналаар нь санал хураалт явуулаагүй аж.

Мөн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр зөвхөн зарлага гэлтгүй орлого нэмэх боломжийн тухай яригдаж архи тамхины онцгой албан татварыг нэмэх санал гарч дэмжлэг хүлээсэн юм. Тамхинд онцгой албан татварыг ногдуулахдаа дотоод, гадаад гэж ялгахгүйгээр ижил хэмжээгээр тогтоон, татварын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхээр тооцож, хуулийн төсөлд тусгажээ. Харин архины хувьд дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг 40 хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хатуулагтай гэж ангилж байсныг 25 хүртэл болон 25-40 хүртэл, 40 ба түүнээс дээш хатуулагтай болгож, 25-аас дээш хатуулагтай архинд ногдох онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан байна. Онцгой албан татварын хувь хэмжээг ингэж нэмснээр архины үнэ дунджаар 3000-7500 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Энэхүү хуулийн төслийг баталж 2012 оны аравдугаар сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлснээр 2012 оны төсвийн орлого 21,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгааг Сангийн сайд өмнө нь танилцуулж байсан юм. Хуралдааны үеэр архины татвар нэмэгдсэнтэй холбогдуулан далд бизнес өргөжих вий гэх асуулт гарав. Үүнд УИХ-ын дэд дарга С.Баярцогт “Ер нь архины татвар нэмэгдэхэд далд үйлдвэрлэл мөн нэмэгдэх хандлагатай байдаг нь үнэн. Ийм учраас хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хэрэгжүүлэгч байгууллага, хяналтын байгууллагынханд ийм зүйл гаргахгүй байх тал дээр нь анхаарлаа хандуулж ажиллуулах болно” гэж хариулав. Ийнхүү асуултанд хариулсны дараа байнгын хорооноос гаргасан анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Төсвийн тодотголыг ямар үе шатаар хэлэлцэх тухай хууль бий. Энэ дагуу Төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлэг эхэллээ. Ирэх дөрвөн жилд засгийн газар ямар бодлогоор ажиллах вэ гэдгийг илэрхийлэх энэхүү бичгийн агуулгыг Засгийн газрын сайд Н.Алтанхуяг чуулганы хуралдаанд танилцуулав. Тэрээр “Төсвийн тодотгол нь хоосон лоозон тунхаглалаас татгалзаж бодит үр дүн, шинэчлэлийг бий болгоход анхаарсан” хэмээн онцлов. Мөн цааш нь “Жишээ нь нефт, махны үнэд нөлөөлөх бодлого хэрэгжүүлснээр инфляцийг барих болно. Мөн зүгээр л ажиллаж хөдөлмөрлөж орлого олох боломжийг нь бүрдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжинэ гээд орхиогүй. Үүний оронд орлогын албан татварын арван хувиас есөн хувийг нь татвар төлөгчид буцаан өгнө гэсэн тодорхой заалт оруулсан. Мөн хүн бүрт хавтгайрсан халамж өгөх бодлогоос татгалзаж зорилтот халамжийн тогтогтоог бий болгоно. Өөрөөр хэлбэл халамж хэрэгтэй хүнд нь л халамж өгнө. Орлого багатай иргэдийг Эрүүл мэндийн даатгалд хамруулна” гээд Засгийн газрын хөтөлбөрт багтсан онцлог заалтуудаа тайлбарласан юм.

МАН-ын гишүүдийн зүгээс дахиад л гоморхол үргэлжлэв. М.Энхболд өнгөрөгч УИХ-ын сонгуулиар өөрийн нам нийт ард иргэдийн 45 орчим хувийн саналыг авснаа тодотгоод ийм байр суурьтай намыг бодлого боловсруулахад оролцуулахгүй гээд байгаа юм уу хэмээн шүүмжлэв. Мөн тэрээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 150 мянган ажлын байр бий болгоно гэснийг чамлалттай тоо гээд өмнөх засгийн газрын үед 250 мянган ажлын байр бий болгосон биз дээ, гэтэл яагаад бие даасан Хөдөлмөрийн яам хүртэл байгуулсан хэрнээ ийм бага тоо амлаж байгаа юм бэ гэж сайд Н.Алтанхуягаас асуув. Төсвийн тодотголын төслийг МАН-ын гишүүдэд оройтуулж өгсөн, танилцах боломж өгөөгүй гэсэн үгс энэ өдрийн гол гомдол байсан бөгөөд М.Энхболдын асуултанд нь ч мөн энэ тухай байв. Н.Алтанхуяг “Гол үндэслэл нь намын мөрийн хөтөлбөр байсан. Бид зөвхөн өөрийн хөтөлбөрийг тулгаагүй, МАН-ын мөрийн хөтөлбөрийг ч судалж үзсэн. Шударга ёс эвсэл, ИЗНН, Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Шинээр оруулсан, хассан зүйл байхгүй. Иймд шинэ зүйл оруулж ирээд танилцах боломж олгоогүй тулгаж байна гэдэгтэй чинь санал нэгдэхгүй” гэв. Мөн хэчнээн ажлын байр нэмэгдүүлэх тухай асуултанд “Өмнөх хамтарсан засгийн үед 150 мянган ажлын байр бий болгосон гэдэг тоонд би одоо ч гэсэн эргэлздэг. Хэрэв энэ тоо үнэн байсан бол өнөөдөр ажилгүйдлийн тухай яриа ингэтлээ гарахгүй. Бид 150 мянган ажлын байр гэдгийг бодитойгоор бий болгох орон тоо гэдэг үүднээс гаргасан. Түүнээс биш түр зуур ажил хийгээд энэ нь цаасан дээр бүртгэгдсэн худлаа тоон мэдээлэл биш” гэж хариуг нь барив. Р.Гончигдорж төсөлтэй танилцаж амжаагүй гэх МАН-ынхны гомдолд “Байнгын хорооны хурал өчигдөр /уржигдар/ зарлагдсан. Хэлэлцүүлэг ямар ч хуулийн горим дүрэм зөрчөөгүй. Хувь гишүүнийхээ хувиар бодсон ч бусад өрсөлдөгч намын мөрийн хөтөлбөрийг аль эрт сонгуулийн үеэд судлачихсан баймаар юм. Тэгээд ч энэ хэлэлцүүлгийн дараа чиглэл чиглэлээр нь Төсвийн тодотголыг задлаж холбогдох байнгын хороонууд хэлэлцэнэ” гэв.

Тайлбарын дараа дахиад л шүүмж. Я.Содбаатар “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үнэлэх ямар ч шалгуур алга. Хариуцах эзэн, хэрэгжих хугацаатай баймаар юм. Гэтэл тунхаг, лоозон л байна. Өөр нэг зүйл гэвэл МИАТ-ын 51 хувийг төр мэдэлдээ байлгана гэж. Ингэхээр 49 хувийг нь хувьчлана гэсэн үг үү” гэж асуухад сайд Н.Алтанхуяг “Баахан тоо хэлбэл хэлчихэж болно. Гол нь бодит өсөлт. Эдийн засгийн өсөлт хэдэн хувиар өснө гэснээс иргэн Болд, Доржийн өрхийн орлого хэдэн хувь өсөх нь чухал. МИАТ-ын хувьд 49 хувийг нь хувьд шилжүүлнэ гэж ойлгосон чинь зөв. МИАТ сүүлд л гэхэд дөрвөн тэрбумийн алдагдалтай ажилласан байна. Яаж алдагдлаа багасгах вэ гэхэд билетийнхээ үнийг л нэмнэ гэж байна. Ийм хариуцлагагүй муу ажиллаж байгаа газрын тодорхой хувийг хувьд шилжүүлэх нь юуны буруу байх вэ. Гэхдээ 51 хувийг төрд байлгана гэдэг нь бодлого шүү дээ” хэмээн хариулав. Энэ тайлбарын араас Ч.Сайханбилэг шүүмжлэгчийг шүүмжилж “Я.Содбаатар анх удаа гишүүн болж үзэж байгаа болохоор ойлголт нь бүрэн төлөвшөөгүй байна. Төсвийн хэлэлцүүлгийн дараа дараагийн үед хэн юуг хариуцан хийх, хэдий хугацаанд багтаах вэ гэдэг н тодорхой болдог юм” гэж “сургав”. МАН-ын гишүүдийн шүүмж цааш үргэлжилсэн бөгөөд өмнөх засгийг толгойлж байсан С.Батболд өмнө хийсэн зарим тодорхой ажлуудыг үргэлжлүүлэх эсэхийг лавласан юм. Үүндээ Кембрижийн хөтөлбөр, Хөрөнгийн биржийн шинэчлэл зэрэгийг дурдав. Эдгээрт салбар хариуцсан сайд нар нь тусдаа хариулт өгсөн бөгөөд үндсэндээ “ололттой зүйлийг баталгаажуулж ажиллах болно” гэх нийтлэг хариуг өгч байв. Тухайлбал, Боловсролын сайд Л.Гантөмөр “Бид Кембрижийн хөтөлбөрийг авч суулгахаас илүү Кембрижийн хөтөлбөрийн чанарт хүрсэн Монгол боловсролын тогтолцоог бий болгоно” гэсэн юм.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж