тоог цөөлж, 43-аас 28 болтол нь бууруулсан нь олон хүнд “би одоо яах вэ”
гэдэг айдас, түгшүүрийг төрүүлчихээд байгаа. Ажилгүй болчих вий гэсэн
айдасаасаа илүү олон хүнд авлига авдаг боломж нь хаагдчих вий гэдгээс л
жинхэнээсээ айж байгаа болов уу. Төрийн бүтэц данхайж, төсвийн мөнгөөр
цалинжигчдын чадвар сулхан гэдгийг мэддэг хэрнээ өнгөрсөн хугацаанд
төрийн албан хаагчдын тоо нэлээд өссөн. Амьдрал ахуй нь амархан
дээшилдэг, цаг багатай унац ихтэй учраас арын хаалга, аль өнгө мөнгөтэй
нэгэн нь төрд шургалдаг байсан цагт цэг тавиасай гэж Шинэчлэлийн
Засгийн газраас олон хүн хүсч байж болох юм. Үүнтэй зэрэгцээд олон жил
дархлагдсан, аль муу муухай бүхэн, авлига, арын хаалга цэцэглэсэн
нийслэлийн Засаг даргын харьяа агентлагуудыг цэгцлэх, цэвэрлэх хэрэгтэй
болжээ.
Төрийн албанд нэг шургасан хүн хэзээ л халагдаж, халж
болохооргүй дархлагдсан гэж эндүүрэх хэрэггүй. Хэн нэгний татаас, шахаа,
шантаажаар төрийн албанд шургалсан, түүнийгээ өмчилсөн тийм асуудлыг
цэглэж, нийслэлийн харьяа агентлагуудын газрын салхивчаар шинэчлэлийн
салхи оруулах хэрэгтэй байна.
Нийслэлийн Нийтийн тээврийн газар,
нийслэлийн Байгаль хамгаалах газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар,
Агаарын чанарын алба гээд олон газрын салхивчийг нээхгүйгээр
шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж чадахгүй гэдгийг хотын шинэхэн мэрийн
чихэнд хүргэхийг хүслээ.
Нийслэл хотод Монголын хүн амын тал хувь
нь шахуу амьдардаг. Замын түгжрэл, утааны бохирдол, халтиргаа, гулгаа
гээд стресс ихтэй олон асуудал олон жил амь бөхтэй оршсин нь ажлаа
хийдэггүй, мэддэггүй ар өврийн хаалгаар орон тооны бөглөөс болж байгаа
олон албатуудтай холбоотой. Төрийн албан хаагчийг халж болохгүй гэсэн
хууль байхгүй. Нам, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй л гэсэн
болохоос даргын дүү, эхнэрийн нь эгч, хамаатных нь хүүхэд, найз нь,
нөхрийнх нь ах, ахынх нь эхнэр гээд гинжин урвалаар цус холилдсон дээрх
агентлаг, газруудыг агааржуулахгүй л бол хүнд суртал, өнгө мөнгөний үзэл
бодолдоо өмхийрчихөөд байгааг юу гэх вэ. Үнэндээ М.Энхболдын,
Ц.Батбаяр, Г.Мөнхбаярын гар хөл, ах дүүс, хамаатан садангуудаар
нийслэлийн харьяа агентлаг дүүрчихсэн л гэдэг юм билээ. Хэн мэдэх вэ.
Ямар ч байсан 78 мянган хүн нийслэлийн төр захиргааны байгууллагад
ажилладаг юм байна. Ийм олон хүн төсвийн мөнгөөр цалинждаг атлаа
Улаанбаатар хамгийн бохир, хамгийн муухай, хамгийн заваан, хамгийн их
эрсдэлтэй, хамгийн их стресстэй хотоор шалгарчихаад байгааг юу гэх вэ.
Газрын наймаанд гаршсан, хууль бус үйл ажиллагаанд мэргэшсэн, мөнгөний
төлөө өлөн нүдэлсэн олон хүмүүсийн балгаар Улаанбаатарт амьд явах эрхийн
баталгаа аль хэдийн алдагдчихсан хэрэг. Тиймээс зөвхөн даргыг нь биш
даргыг дагалдаж ирсэн олон хүнээс мэргэжлийн болоод мэдлэг боловсрал,
мэргэшлийн шалгалт авах ёстой. Ингэж байж л төрийн албанд мэдлэгтэй
чадвартай хүмүүс ажиллах боломж бүрдэнэ. Чадварлаг, чадалтай, мэдлэгтэй
олон хүн танил тал, ар өврийн хаалга авлигад өгөх мөнгөгүйгээс нийслэлд
ажиллах боломжоо хэн нэгэн даргын ах дүү, амраг саданд алдчихсан ч юм
бил үү. Аль эсвэл аар шаархан шалтагаар ажлаасаа халагдаж, албан
тушаалаа аль нэг дарга даамлын хамаатанд шилжүүлсэн хүмүүс ч
гомдолтойхон явж байгаа ч юм бил үү яаж мэдэх вэ. Ямар ч шинэчлэлийг
хийхийг хүсвэл тогтолцоо, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ур чадварыг л
сайжруулах хэрэгтэй байна. Хотыг нийслэлийг гоё болгохыг тулд эхлээд
хотод, нийслэлд ажиллаж байгаа хүмүүсийг чадавхжуулах нь нэн түрүүний
асуудал болжээ. Орон тооны бөглөөс болж, ажлынхаа цагаар амин хувиа
хөөцөлддөг, цайндаа орлоо гээд цаг гаруй алга болдог явдлыг халах нь
хамгийн зөв шийдэл бус уу. Үнэндээ нэг таваг хоол идэхэд нэг цаг ямар
хэрэгтэй байна аа. Хууль бусаар ажилд орж, хууль бус үйл ажиллагаанд
мэргэшсэн нөхдүүдээс шинэ юм шинэчлэл хүсээд ч хол явна гэж үү.
Шинэчлэлийг хүсвэл нийслэлийн харьяа агентлагуудын газарт нийтэд нь
салхи оруулах л шаардлагатай болж.