Н.Дашзэвэг: Зөвшөөрөлгүй барилгыг нураая

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Н.Дашзэвэг: Зөвшөөрөлгүй барилгыг нураая

Шинэчлэлийн Засгийн газраас сар бүр иргэдээ сонсч,  саналыг нь бодит шийдвэр болгох зорилгоор “Шинэчлэлээр шийдье-222” арга хэмжээг зохион байгуулахаар болсон билээ. Тэрхүү арга хэмжээний анхны уулзалт Төрийн ордны Их танхимд нээлтээ хийлээ. Уулзалтад нийгмийн бүхий л давхаргынхан оролцож байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, эдийн засагч Н.Дашзэвэг зөвшөөрөлгүйгээр барилга барьсан бол түүнийг нь шууд нураадаг байхгүй бол монгол хүний аюулгүй амьдрах баталгаа алдагдсаныг дуулгалаа. Тэр дундаа хохирсон иргэн нь шүүхээр явж цаг алддаг байдлыг эцэс болгохын тулд барилгаа нураалгасан компани нь хууль хяналтын байгууллагадаа хандах хэрэгтэй гэж байна.

Мөн иргэн н.Отгонбаяр Засгийн газраас бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийг зарлаж жилийн турш лоозогносон ч ажил урагшлаагүйг шүүмжиллээ. Гол тээг нь төрийн алба, тэр дундаа яам, агентлагийн хурган дарга нар гэнэ. “Хийхгүй гэж хэлдэггүй хэрнээ бизнес эрхлэгчдийн гаргасан санаа оноог хэрэгжүүлэхгүй хав дарчихдаг. Хатуухан хэлэхэд чихгүй толгойлдог. Шинэчлэлийн Засгийн газар ажилдаа орж халаа сэлгээг эрчимтэй хийж, олон жил төрд бугшсан авлига хээл хахуулийг зад татан халах ажил нэг талдаа явж буй нь сайшаалтай ч МАН-ын нөхдүүдийг Ардчилсан намынхнаар солилоо гээд бизнес эрхлэгчдэд тулгардаг бэрхшээлүүд шийдэж чадах уу гэдэгт эргэлзээтэй яваагаа ч нуусангүй. Гол нь төрийн албанд ажиллах сонгон шалгаруулалтыг нам дагуулж явуулдагаа болихгүй бол Засгийн газраас хэчнээн сайхан санаа оноо дэвшүүлээд доод шатандаа хэрэгждэггүй өнөөх л урьдын жишиг давтагдах вий гэсэн айдастай яваа аж. Тэрчлэн Засгийн газраас өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр асар их зээл гаргасан боловч тэр нь арын хаалга, авлига хээл хахуультай хүнд л олддог жишиг тогтсон өдий төдий баримт байгааг ч иргэд хөндөж байна. Мөн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй тэгсэн хэрнээ ажилгүй, орлогогүй иргэд маш олон бий бөгөөд тэдгээрт төрийн халамжийг хэрхэн хүргэх.  Дээр нь төрийн албан хаагчдын цалинг өсгөхгүй бол “Жагсана, цуглана” гэж иргэдийн эмзэг сэдвээр PR хийсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын балгаар хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа цалинг төрийн албан хаагчдын нэгэн адил дагуулж өсгөхийн тулд бүтээгүдэхүүнийхээ үнийг өсгөсөн нь эргээд иргэд талхаа худалдаж авч идэж чадахгүй хүртлээ амьжиргаа доройтож буй тухай жишээнүүдийг ч хэлж буй юм. Ийнхүү нийгэмд тэр дундаа иргэдийн өдөр тутмын амьдралд тохиолддог бэрхшээлээс гадна бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг бэрхшээлийг шийдэх зорилготой “Шинэчлэлээр шийдье-222” арга хэмжээ анхны шангаа татаж, улаанбаатарчууд саналаа идэвхитэй илэрхийлж дараагийн сард зохион байгуулах арга хэмжээн дээр өнөөдрийн иргэдийн хэлсэн санаа оноо, шүүмжлэлүүдээс хэд нь газар дээрээ хэрэгжиж биеллээ олов гэдэгт эргэж дүгнэлт өгөх хэрэгтэй гэсэн санал ч мөн гарсаар байна. Иргэд саналаа илэрхийлсээр байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж