Ийм нэртэй шинэ ном мэндэлжээ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Ө.Рагчаасүрэнгийн шинэ бүтээл нэг талаар эсээний ном, нөгөө талаар уран зургийн галерей болсон нь уншигчдын сонирхлыг тун их татаж байна. Алдарт Пикассог Монголд “авчирсан” Ө.Рагчаасүрэнтэй номынх нь тухай ийн хөөрөлдсөн юм.
-Таны ном “Хүмүүс туйлын туяа үзсэн мэт бахдан “Аяа ийм юм бас байдаг аа” хэмээн гайхан шагширсаар…” гэж эхэлжээ. Юу ингэж хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөв?
-Уран зураг. Их зураач Пикассогийн зургуудыг үзсэн үзэгчид ингэж дуу алдсан юм. Ер нь сонгодог уран зураг хүмүүсийн сэтгэлийг яаж хөдөлгөдгийн жишээ энэ. Тэгээд ч миний энэ номонд дэлхийн шилмэл уран зургийн тухай өгүүлж буй юм.
-Яагаад “Пикассо ирлээ” гэж нэрлэсэн юм бэ?
-Пикассо гэдэг нэр угаасаа уран зурагтай салшгүй холбоотой. Испанийн агуу зураач Пабло Пикассо нь хоёр зуун дамжин амьдарч уран бүтээлээ туурвисан ховорхон хувь заяатай хүн. Түүнээс гадна бусад сонгодгуудтай нь харьцуулах юм бол уран зургийн хамгийн олон урсгал, чиглэлээр бүтээлээ туурвисан.
Пикассогийн зургууд дэлхийн хамгийн алдартай музейнүүдэд хадгалагдаж байдаг. Өндөр үнэтэй уран зургуудыг зардаг “Сотби”, “Кристи” гэдэг дуудлага худалдаан дээр түүний нэг зураг хэдэн зуун сая долларын үнэ хүрдэг. Үнэхээр агуу. Тэгэхээр энэ дэлхийн сонгодог уран зургийг Пикассогоос салангид авч үзэх үндэсгүй нь харагдаж байна. Дээр нь миний хувьд нэг чухал дурсамж бий. Наяад онд Москвад оюутан байхдаа “Пикассо ирлээ” нэртэй уран зургийн үзэсгэлэн үзсэнээ би мартдаггүй юм. Үзэсгэлэнд Пикассогоос өмнөх болон хойших үеийн дэлхийн сонгодог зураачдын олон гайхамшигтай зургуудыг авчирч дэлгэсэн байсан. Леонардо да Винчи, Рафаэль, Рембрандт, Рубенс нараас гадна бүр орчин үеийн авангард, модернист урсгалын, миний мэдэхгүй зураачдын олон гоё зургуудыг эхээр нь үзэж биширч билээ. Пикассо зураачийн гайхам онцлогийг харгалзан дэлхийн шилдэг зураачдын тэрхүү нүүдлийн үзэсгэлэнг Москвад авчрахдаа ч мөн л “Пикассо ирлээ” гэсэн нь зүй ёсных байсан. Ийм учир шалтгаанаар би номоо нэрлэсэн.
-Эсээний галерей гэсэн тодотгол тань бас их сонин санагдаж байлаа.
-Би номоороо зүгээр ч нэг уран зургийн галерей биш уншигч үзэгчид маань урьд нь төдийлөн танилцаагүй “Эсээ”-ний хэмээх нэгэн өвөрмөц галерейг цогцлоохыг зорьсон. Өөрөөр хэлбэл, уран зургийн тухай өөрийнхөө сэтгэл хөдлөл, бодролоо эсээ хэмээх өгүүллийн төрлөөр хүүрнэснээ тодотгож буй юм. Суут зураачид, тэдний уран бүтээлийн тухай бий. Энэ цаг үе, байгаль дэлхий, хүний мөс, зан чанарын тухай бодол сэтгэгдлээ уншигчидтайгаа хуваалцахыг хичээсэн. Мөн түүнчлэн анд нөхөд, багш нарынхаа тухай дурсамж, хөгжилтэй тохиолдлуудыг ч багтаасан. Нэг үгээр хэлэх юм бол эсээгээр бүтээсэн өөрийн гэсэн уран зургуудаа дэлгэн харуулж буй санаа л даа. Бичлэгийн бие даасан онцлог төрлөөр уран зургийн тухай хүүрнэхдээ би ийнхүү дагнасан “Эсээний галерей”-г үндэслэхийг хичээсэн нь энэ.
-Энэ галерейгаас цаашаа өөр юу үзэж болох вэ?
-Галерейд дэлхийн сонгодог зураачдын шилмэл 48 бүтээл дэлгэгдсэн. Эдгээр нь гол төлөв миний эхээр нь үзсэн уран зургууд. Энэ бүтээлүүдийг импрессионистууд, орчин үеийн хийсвэрлэх, модерн урсгалын төлөөлөгчид, сэргэн мандлын үеийн аугаа суутнууд, Оросын сонгодог реалист зураачид зурсан юм. Галерейд харилцан адилгүй заримдаа бүр эсрэг тэсрэг ч гэж хэлж болохоор, янз бүрийн урсгал чиглэлээр бүтээгдсэн уран зургууд байгаа. Их зураач Рембрандтын туурвисан “Цэцэгсийн охин тэнгэр” зураг сонгодог уламжлалаар бүтээгдсэн бол зураач А.Модильянигийн “Бүрх малгайтай бүсгүй” хөрөг зураг илэрхий чөлөөт сэтгэлгээний хэв шинжийг илэрхийлдэг. Зураач Ю.Ракша зурсан “Миний ээж” гэдэг зурагнаас бадрангуй тэмүүлэлт романтизм дуурсан тодроход зураач В.Кандинскийн “Улаан талбай” зураг илүү хийсвэрлэсэн өөр хурц өнгө төрхтэй.
Манайхны сайн танил зургуудаас гадна төдийлөн үзэж танилцаагүй бүтээлүүдийг түлхүү оруулахыг хичээсэн. Бидэнд ойрхон дорнын уран зураг Нанхиад, Наран улсын зураачдын бүтээл мөн бий. Монголын зураачид тэр дотор шинэ залуу Дархан хотын минь урчуудын уран зураг ч багтсан.
Уншигчид “Эсээний галерей”-д зочлонгуут л үзэгчид болон хувирна. Нэг үгээр, Оросын Санкт Петербургийн Эрмитаж, Москвагийн Третьяковын галерей, Парисын Лувр, Лондоны Үндэсний галерей, Нью-Иоркийн Метрополитан, Германы Дрездений галерей гээд дэлхийн шилдэг уран зургийн музейнүүдээр аялна. Мөн түүнчлэн сүүлийн үед олноор нээгдэж байгаа өөрийн эх орныхоо уран зургийн галерей, үзэсгэлэнгүүдээр ч зочилно.
Хар багаасаа уран зурагт шимтэн хорхойсч, явсан газар бүрийнхээ галерей үзэсгэлэнгээр цаг гарган орж сонирхохын хажуугаар энэ гайхамшигт урлагийн тухай эрж хайж, ухаж мөшгиж олж мэдэрсэн бүхнээ би уншигч, үзэгчидтэйгээ хуваалцаж байгаа. Сонгодог уран зургийн тухай урьд нь дуулдаагүй шинэ сэргэг сонин сурвалжийг ч нээж илрүүлэхийг зорьсон. Зураач, уран зургийнх нь тухай уншигчдын мэдлэг, мэдрэмжийг шалгах оньсого, таавар ч байгаа. Галерейд орж ирээд зураг хараад ухаан алдсан үзэгчдэдээ түрхэн атугай ч нүд сэтгэлийг нь амраая гэсэн нь энэ.
-Уран зураг таны хообий бололтой. Ингэхэд та өөрөө зурдаг уу?
-Би багаасаа зураг зурсан. Уран зураг байнга үздэг. Явсан газар бүрийнхээ уран зургийн галерей үзэсгэлэнг нь амжиж үзэхийг хичээдэг. Олон жил сонирхсон болохоор уран зургийн чамгүй цуглуулгатай. Уран зургийн тухай уншсан дуулснаа бас эмхлэн цэгцэлдэг. Дээр нь миний ажилладаг телевизийн салбар өөрөө уран зурагтай илүү ойр дөт. Энэ бүхнийхээ үрээр би уран зурагт ерийн нэг үзэгчийнхээс илүү судлаачийн байр сууринаас хандахыг чухалчилдаг.
Тийм ч учраас энэ номоороо бусдад хорвоо ертөнцөөр аялан аль ч газар оронд очихдоо уран зургийн галерейг нь сураглаж олж ороод нүд сэтгэлээ баясгаад гардаг байх тийм хүсэл төрүүлэхийг зорьсон.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин