-С вирустэй гэж оношлогдсон л бол эдгэрэхгүй гэж ярьцгаах юм. Эмчлэх ямар ч боломж байдаггүй юм уу?
-Элэгний эсэд вирус орсон тохиолдолд бүрэн эдгэрэхгүй. Харин идэвхжил нь алга болно. Нэг вирус 30 жил амьдрах чадвартай гэдэг. Тэр хүн 40- настайдаа вирус авсан бол 70 хүртэл нь байж л байна. Тиймээс вирусийн идэвхжилийг бууруулах арга бий. Идэвхжээд ирнэ гэхээр тухайн вирусийн тоон хэмжээ нэмэгдэж, өсч үржинэ. Хүмүүс гам сахихгүй, дархлаа сулрах тусам вирус идэвхжинэ. Түүнчлэн вирусийн тоо нэмэгдсэн тохиолдолд элэгний эсийг хурдан задалдаг. Гурван вирус агуулсан монгол хүний 63 хувьд нь элэгний хавдар үүсэх магадлал өндөр байна гэдгийг бид Японы эрдэмтэдтэй хамтраад судалж тогтоосон. Ер нь нэг вирусийн бус хавсарсан вирусийн халдвар хамгийн аюултай байдаг.
-Элэгний өвчлөл манайд өндөр байна уу, эсвэл дэлхий даяар нэмэгдээд байгаа юм уу?
-Египетэд өндөр байдаг. Азийн орнууд дундаа манайх өндөрт ордог. Ялангуяа дельта вирусийн халдвар өндөр байгаа. Мөн В, С вирусийн халдвар өндөр байгаа орны тоонд орж байна. Японы элэг судлалын холбооны ерөнхийлөгч Ёкусоко профессор “Япон хүмүүс бол өөрийнхөө эрүүл мэндэд их анхаарч байдаг. Даатгалынх нь 70 хувийг Засгийн газар нь даадаг. Мөн вирусийн халдвар Японд маш бага. 132 сая хүний дунд С вирусийн халдвар ганцхан хувьтай байдаг” гэсэн. Гэтэл монголчууд 2.7 сая хүн амтай хэрнээ 14 хувьтай байна. Германы хувьд цагаачлалаар ирж байгаа хүмүүст нь халдвар өндөр. Харин уугуул хүмүүст нь бага байдаг.
-Манайд их байгаагийн шалтгаан юу вэ?
-С вирусийн тухайд гэвэл бид 2008 онд Японы эрдэмтэдтэй хамтран судалгаа хийсэн. Шүд авахуулахаас өмнө ямар байна, сарын дараа ямар байна вэ гэдгийг харьцуулж үзсэн. Үнэхээр шүд авахуулахаас өмнө С вирус байхгүй байж байгаад сар, зургаан сарын дараа вирус илэрвэл шүдээ авахуулахад нь халдвар дамжсан гэсэн үг. Мөн хагалгаанд орохоос өмнө С вирусгүй байлаа. Гэтэл хагалгааны дараа гурав ч юм уу, зургаан сарын дараа вирус илэрвэл хагалгаанд орохдоо мэс ажилбараас халдвар авсан гэж үзнэ. Үүний шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа. Удахгүй үр дүн нь гарах байх. Үүнд үндэслээд ЭМЯ, Засгийн газарт болохгүй байгаа зүйлийг арилгах санал гаргана.
-Манайхан дээр үед тариураа буцалгаж хэрэглэдэг байсан болохоор вирус авах нь элбэг байсан гэдэг яриа бий. Тэгэхээр элэгний вирусийг эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж тарааж байна гэж ойлгож болох уу?
-1996 оны долдугаар сарын 1 хүртэл бид дандаа буцалгасан тариур хэрэглэж байсан. Энэ бол яах аргагүй үнэн. Тэр үеийн халдвар авсан хүмүүс одоо 50, 60 настай болсон. Тэд элэгний хавдартай хэсэгт орчихоод байгаа юм. Энэ үндсэн шалтгаан болоод байна. Мөн 1997 он хүртэл Цус судлалын үндэсний төвд С вирус оношлодог тест байхгүй байсан. 1997 оноос тесттэй болсон. Өнгөрсөн онд Цус судлалын төв С, В вирусийг тоолдог, илрүүлдэг аппараттай болсон.
-С, В вирусгүй хэрнээ элэгний өвчтэй хүмүүс байдаг гэсэн. Яагаад тэр вэ?
-Вирусгүй хэрнээ элэг нь өөхөлсөн тохиолдол бий. Элэгний бусад төрлийн өвчин ч байдаг. Бодисын солилцооны хямралаас болж элэгний өвчтэй болж болно. Мөн элэг өөхөлж хямарна. Цөсөнд өөрчлөлт орсноор элэг өвдөх нь ч бий. Гэхдээ эдгээр нь ялгаагүй элэгний эсийн үйл ажиллагааг алдагдуулна. Элэг бол хамгийн түрүүнд стресст өртөмтгий эрхтэн. Тиймээс сэтгэлзүйн хувьд стрессийн хүчин зүйлийг зайлуулах хэрэгтэй.
-Сүүлийн үед вирус тоолно гэж ярьдаг болсон. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-Тоолсны үндсэн дээр тухайн вирусийн хэмжээ хэд байна, идэвхжил хэр зэрэг байна вэ гэдгийг тоон үзүүлэлтээр гаргадаг. Дэлхий нийтээр 800 мянгаас дээш байвал их байна гэж үздэг. Тоолсны үндсэн дээр эмчилгээг хянах ёстой. Тоолчихоод хаяж болохгүй. С вирусийн үндсэн эмчилгээ хийгээд, хийснийхээ дараа нэг, гурван сар, жилийн дараа хэд болсон гэдгийг тоолох ёстой. Гурван сарын дараа үр дүнгүй байвал эмчилгээг зогсооно. Вирус тоолдог нэлээн хэдэн лаборатори манайд нээгдлээ. Тэгэхээр эмчилгээний асуудлыг цогцоор нь шийдвэрлэж өгдөг болох хэрэгтэй байна. Манай улс Засгийн газрынхаа мэдэлд Элэгний оношлогооны орчин үеийн төв байгуулчихвал болох гээд байна. Вирусээ тоолчихдог, эмчилдэг баймаар байна. Хүн болгон гадагшаа явж чадахгүй. Тиймээс эх оронд нь эмчлэх тогтолцоо нэвтрэх юм бол их хэмжээний хөрөнгийг гадагшаа урсгахгүй байж болно.
-Манай улсын хэмжээнд хэчнээн хүн элэгний вирус тээж байна. Энэ талаар судалгаа бий юу?
-2.7 сая хүний 10 хувь В вирусийн халдвартай байна. 10 хүний нэг гэсэн үг. 15 хувь нь С вирустэй байна. С, В вирустэй хүн 10 хувь байгаагийн 80 хувьд нь Д вирус хавсарсан байна. Манайд дандаа хоёр оронтой тоон дээр яваад байна. Элэгний архаг өвчтэй хүмүүст В,С вирусийн халдвар 80-аас дээш хувьтай байгаа. Вирус нь элэгний хавдар үүсгэдэг хүчин зүйл болдог. Дээр нь архи, тамхи гэх мэт хорт зуршил орно. Мөн монголчуудын биеэ гаргуунд нь хаядаг байдал ч нөлөөлж байна. Эрүүл аж төрөх ёсыг дагаж чаддаггүй учраас өвчилдөг.
-Элэгний вирусийг бүрэн устгах боломж бий юу?
-Элэгний вирус бие махбодид орчихсон л бол ханиадны вирустэй адил эм угаад дарагдана гэж байхгүй. Тэгэхээр элэгний вирусийн хамгийн аюултай нь үүнд байгаа юм. Нэгэнт орчихвол насан туршид нь байж байгаад тэр хүнийг элэгний хавдартай, эсвэл хатууралтай болгоно. Тиймээс вирус орсон тохиолдолд идэвхжүүлэхгүй, тогтоож барих нь чухал. Ямар гарц байгааг тогтоох нь чухал. Мөн урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэй. Байнга л мэдээллээр ханга. Өрх дотроо өөрийгөө хамгаал.
-Бүрэн эмчлэгдэж чадахгүй гэсэн үг үү?
-Төгс эмчлэгдэхгүй. Эмчилгээ хийж байна гэдэг нь вирусийн идэвхжилийг л дарж байна гэсэн үг. Тоологддоггүй байх тохиолдол байна. Гэхдээ эмчилгээн дээр тодорхой ахиц гарна. 40, 50, 60 хувь ч байж болно. Гэхдээ 100 хувь гэж байхгүй. Үр дүн нь 70 орчим хувь л байдаг.
-Манайх ямар эмчилгээнүүдийг хийж байгаа вэ?
-Хамгийн сүүлд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн. Үүнээс өмнө стандарт эмчилгээ хийдэг. Тэр нь үндсэн гурван шатлалаар эмчилдэг. Хордлогыг нь бууруулах, элэгний эсийг аль болох задлуулахгүй байх гэх мэт эмчилгээ хийнэ.
-Элэгний вирусийг устгадаг курс эм байдаг гэсэн. Энэ ямар эм юм бэ?
-Дэлхий нийтийн алтан стандарт хэмээдэг пегинтерферон болон рибавириний хослолыг манай улсад хэрэглэж эхэлсэн. Тэр нь рибавирин өдөр болгон ууж, пегинтерфероноо долоо хоногтоо нэг удаа тариулна. Дор хаяж зургаан сараас жил орчим хэрэглэдэг.
-Өртөг нь өндөр байдаг гэж сонссон?
-Тийм ээ. 10 гаруй сая болдог гэсэн. Энэ бол эм тарианы мөнгө. Дээр нь хяналт шинжилгээний өртөг нэмэгдэнэ. Тэгэхээр 20 гаруй сая төгрөгөөр эмчлүүлнэ гэсэн үг.
-Элэгний С вирусийг ДОХ-оос ялгагдахгүй гэж яриад байдаг. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Чимээгүй үхэл гэж нэрлээд байгаа юм. Чимээгүй байж байгаад С вирус авчихдаг. Вирусийн халдвартай боллоо гэхэд хүчтэй өвдөлт мэдрэгддэггүй. Энэ нь аюулд хүргэдэг. Гэхдээ эмчилгээ нь хувь хүндээ сайн зохивол вирусийн идэвхжил багасна.
-Монголчуудын хувьд ихэвчлэн ахимаг насныхан вирустэй байна уу?
-Бидний судалгаагаар 18-25 насныханд В вирусийн халдвар илрэх нь элбэг байна. Мөн 30-аас дээш насны эмэгтэйчүүд С вирусийн халдвараар өвдөх нь элбэг байна гэж тогтоогдсон.
-Яагаад эмэгтэйчүүд илүү өвдсөн байна?
-Эмэгтэйчүүдийн дунд С вирусийн халдварын тархалт өндөр байгаа нь төрөх болон бусад мэс ажилбарууд, чихээ цоолуулах, гоо сайхны мэс ажилбарт орох гэх мэт эрсдэлт хүчин зүйлд эмэгтэйчүүд илүү өртдөгтэй холбоотой гэж үзэж байгаа.
-Элэгний вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд юу анхаарах ёстой бол?
-Хамгийн түрүүнд цусны аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарах ёстой. Мөн аль болох хэрэггүй хатгалт олон хийлгэхгүй байх нь чухал. Нэг удаагийн зүү, тариур заавал хэрэглэ. Мөн ээж аав нь хүүхдээ С вирусийн халдварт өртүүлэхгүй байхын тулд хумсны хутга, шүдний сойз, сахлын хутга зэргийг тусдаа хэрэглэж занших нь чухал. Мэс ажилбараас С вирусийн халдвар авах нь ч бий. Гоо сайхны мэс ажилбаруудыг эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийлгэвэл С вирусийн халдвар авах магадлал өндөр. Сүүлийн үед бэлгийн замаар С вирусийн халдвар авах байдал нэмэгдэж байгаа. С вирусийн эсрэг вакцин байдаггүй. Одоогоор дэлхийн эрдэмтэд судалж байгаа. С вирусийн вакцин гаргаж авахад хэцүү. Тиймээс вирус авсны дараа биш, урьдчилан сэргийлэх нь чухал болоод байна. Хүний амьдралын туйлын зорилго бол амьд явах. Амьдрахын тулд эрүүл элэгтэй байх асуудал бидний хувьд хурцаар тавигдаж байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин