Азийн хүүхдийн зургийн үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Азийн хүүхдийн зургийн үзэсгэлэн нээгдэнэ

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд маргааш Азийн хүүхдийн зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Японы Канагава мужийн урчуудын холбооноос энэ жил тохиож буй Монгол Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Гэхдээ тус холбооныхон 2004 оноос Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн ба боловсролын шинэчлэлийн хүрээнд бага ангийн болон зургийн багш нарын дунд сургалт семинар зохион байгуулж, мөн хот хөдөөгийн сургуулиудын сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулсаар ирсэн юм. Энэ жил тав дахь удаагийн уралдаанаа ийнхүү дүгнэхэд бэлэн болжээ. Өмнөх уралдаанууд нь хүүхдийн уран сэтгэмж, гоо зүйн хүмүүжилд тодорхой хувь нэмрээ оруулж, хот хөдөөгийн хүүхдүүд уралдааныг мэддэг, хүсэн хүлээдэг болсон билээ. Уг уралдаан болгоны дараа хүүхэд бүрийн зурсан зургаар ил захидал гарган хэвлүүлдэг бөгөөд энэ нь Монголын хүүхдийн ертөнцийг гадаадад, Азийн бусад орны хүүхдийн ертөнцийг монголын хүүхдүүдэд таниулахад онцгой хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Уралдааныг дүгнэн, зураг зурсан хүүхэд бүрийн зургаар үзэсгэлэн гаргахдаа мөн Азийн бусад орны хүүхдийн зургийг дэлгэн тавьдаг. Монголын хүүхдүүдийн зураг ч Азийн бусад орноор аялан, эх орноо сурталчилж байдаг юм.

Маргааш 10.00 цагт нээлтээ хийх Азийн хүүхдийн үзэсгэлэн энэ сарын 16 хүртэл Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж