Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

“Сахал” Пүүжээ

Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж тоглолтоо
хийх гэнэ гэхэд “Тэр чинь хэн билээ” гэх хүн нэг биш байлаа. Яагаав,
“Сахал Пүүжээ” гээд байдаг даа гээд “Аан, тийм тийм” гэсэн. Жинхэнэ
нэрээр нь дуудахаар хүмүүс мэддэггүй, хочоор нь авгайлахаар захын хүн
анддаггүй тэр чухам хэн бэ. Түүний үеийнхэн, дуу, бүтээлийг нь сонирхон
сонсдог, хүндэлдэг хүмүүс бол түүнийг хэн бэ гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх
байх л даа. Харин бидний үеийн залуус тэгтлээ таних уу гэсэн бодол
төрснөөр ерөөсөө тэр хэн болох талаар нийтэлье, ярилцлага хийе гэж
бодоод уулзахаар бэлтгэл сургууль хийж байгаа газар нь очлоо. Танилцлаа,
учраа хэллээ, тэгсэн мань хүн за гэсэн мөртлөө асуусан бүрт төдийлөн
хангалттай хариулахгүй байлаа. Би тэгээд юу ярих вэ, тоглолт хийх гээд
бэлтгэл хийж байна, зохиосон дуунууд маань хүмүүст хүрдэгт баярладаг,
манай рок попынхон бүгд л тоглолтод оролцож дуулъя гэж байгаа гэхээс өөр
юм ярихгүй. Урлагийн амьдралд гаргасан зам мөр нь сонин байлаа, алдаа
оноо, баяр гуниг гээд ер нь түүний талаар сонирхож мэдэх зүйл маш их.
Гэтэл “сахал Пүүжээ” дуугардаггүй ээ. Залуу сэтгүүлч гээд голоод байгаа
юм болов уу гэж бодон гоморхонгуй буцаж ирээд энэ тухай ярьтал манайхан
“Тийм ээ, тэр чинь ярьдаггүй юм” гэж байна шүү. Өнөөх “Аман хуур” киноны
эмээ шиг “За тийм байдаг байжээ” гэхээс өөр хэлэх үг олдсонгүй.
Тэгэхээр нь түүний уран бүтээлийн замналын талаар мэдэх найз нөхөд,
хамтран зүтгэгчидтэй нь холбогдож бишгүй мэдээлэл цуглууллаа. 
 
“Сахал
Пүүжээ” харахад овор багатай болохоос 30 гаруй жил уран бүтээл
туурвисан рок попынхон дундаа ахмад. Бага балчир ахуйгаасаа “Тавтай
нойрсоорой”, “Шинэ өглөө”, “Түүдэг гал” зэрэг дууг нь бид сонсч өссөн.
Монголын орчин цагийн дуу, хөгжмийн шидээвэрт зүй ёсоор тооцогддог
“Нандин-Эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш” зэрэг дахин давтагдашгүй бүтээл
түүнийх. Пүүжээ ахтай уулзахдаа “Хийж бүтээж, зохиож туурвисан дуу
хөгжим тань, таныг Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн нэрт
төлөөлөгчийн нэг гээд аль хэдийнэ цоллочихсон шүү дээ” гэхэд “Хүүе, тэгж
ярьж болохгүй шүү. Чи битгий тэгж бичээрэй. Нэг л их өөрийгөө магтсан
хүн болох нь. Ах нь анхны тоглолтоо хийх гэж байгаа. Энэ талаар л жаахан
мэдээлчихэд болно. Саяхан нэг сонин их том зурагтай гаргасан байна
билээ. Харин чи энэ мэдээллээ жижигхээн зурагтай, болж өгвөл зураггүй
гаргачихаж болох уу” гээд даруухан инээмсэглэхэд нь төлөвлөсөн ярилцлага
минь тэр дороо нурчихсан. Түүнтэй нэг хамтлагаар овоглож явсан соёлын
гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Б.Долгионтой холбогдоход “Өө цаадах чинь
ярихгүй. Даруухан гэхэд дэндүү даруухан хүн. Бид бүр ятгаж байж, анхны
тоглолтоо хийх гэж байна. Пүүжээтэйгээ нэг хамтлагт тоглож, анд нөхөр
байсны хувьд, мөн “Пентатоник” академийн тэргүүний зүгээс хэлэхэд,
Пүрэвдорж бол Монголын орчин цагийн хөгжмийн их маэстро гэдгийг
онцолмоор байна. Пүүжээ “Инээмсэглэл” хамтлагт онцгой их хөг аялгуу,
хувь нэмрээ оруулсан хүн. Олон сайхан дуу зохиож, ард түмнийхээ хайртай
хөгжмийн зохиолч болсон нөхрөөрөө маш их бахархдаг. Нэг хэсэг манай хүн
Хөгжим бүжгийн коллежд сонсгол заадаг байсан юм. Өнөөдөр Монголын рок
поп урлагт Пүүжээгийн олон шавь амжилт гаргаж явна” гэсэн юм. Бас
тоглолтынх нь ерөнхий зохион байгуулалтыг хариуцаж байгаа “On’n Off”
продакшны найруулагч С.Ононбат “Пүүжээ ах Монголын анхны хөгжмийн
найруулгыг хийсэн хүн шүү дээ” гэж магтсан. Энэ мэтчилэн түүний талаар
ярих хүн бүр зөвхөн магтах юм билээ.

Миний мэдэх Пүүжээ ах,
мэддэгээс минь ч илүү даруухан нэгэн бололтой. Урлагийнхан таныг “Сахал
Пүүжээ” гэж авгайлдаг. Та энэ нэрэндээ дуртай юу, ингэхэд. 

Б.ЦАЦРАЛТ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж