Бид өдөрт 40000-60000 бодол боддог ба эдгээр бодлын 80% хувь нь сөрөг бодол байдаг гэж үздэг.
Тиймээс эерэг бодол бодохын тулд бид анхаарлаа эерэг бодол руу чиглүүлж, оюун ухаанаа дасгалжуулах хэрэгтэй. Үүний тулд бодлоо хянаж, юу бодохоо сонгоно гэсэн үг. Жнь: Хүсэл мөрөөдлийнхөө тухай бодох уу? Зорилгынхоо тухай бодох уу? Асуудал бэрхшээлээ бодох уу эсвэл асуудал бэрхшээлээ шийдвэрлэх шийдлийн тухай бодох уу? Өнгрсөнийг бодох уу эсвэл ирээдүйд гарч ирэх шинэ шинэ боломжууд дээр анхаарлаа төвлөрүүлж, түүнийгээ бодох уу? гэх зэрэг.
Хамгийн гоё нь бид бүгд хүссэн зүйлийнхээ тухай, хүссэн амьдралынхаа тухай бодож чадна. Гэхдээ энэ бодлоо оюун ухаандаа хэр удаан хадгалж чадах вэ гэдэг нь бидний асуудал байдаг.
1. Цаас харандаа аваад, та өөрийнхөө амьдралыг ямар байгаасай гэж бодож байна түүнийгээ бич.
- эрүүл мэнд
- гэр бүл
- найз нөхөд
- нэр хүнд
- хайр дурлал
- карьер
- бизнес
- санхүү мөнгө
- аялал жуулчлал г.м. бүгд ямар байгаасай гэж бодож байна түүнийгээ нэгд нэгэнгүй бич. Бичих үедээ маш чөлөөтэй сэтгэхийг хичээгээрэй. Биелэгдэх болов уу, үгүй болов уу гэдгийг бодох хэрэггүй. Зүгээр л санаанд орсон бүхнээ бич. Өөртөө цаад тал нь 10-15 минут өгөхөд л хангалттай.
2. Бүтэн өдрийн турш зөвхөн бичсэн зүйлүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлж, түүнийгээ бодох гээд үзээрэй. Энэ хэсэг нь нэлээн чадвар шаардсан үйлдэл байгаа юм.
- ганц ч гомдоллохгүйгээр
- хэнийг ч муу хэлэхгүйгээр
- хэнийг ч шүүмжлэхгүйгээр
- юунд ч санаагаа зовоохгүйгээр
- уурлахгүйгээр г.м. зөвхөн бичсэн зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чадахаар байна уу гэдгээ нэг шалгаад үзээрэй. Зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлийг бүтэн өдөржин бодож чадах чадвар танд байна уу гэдгийг нэг хараарай.
Энэхүү дасгалыг хийснээр та өөрийнхөө түвшинг шалгаж, энэ тал дээр хэр их дасгал хийх шаардлагатай вэ гэдгийг мэдэж авдаг. Хэрвээ гарсан хариулт тань танд таалагдахгүй байвал энэхүү дасгалыг дахин дахин хийхийг санал болгож байна.
Бидний бодол бидний харьцаанд, зан авирт, аливаа зүйлд хандах хандлагад, биеэ авч явах байдалд мөн цаашилбал бидний амжилтанд хүртэл нөлөөлдөг.
Бид оюун ухаандаа юу бодно түүнийгээ бодит болгодог.
Та юу хүсч байна тэр хүссэн зүйл тань мөн ялгаагүй таныг хүсч байдаг.Та хүссэн зүйл рүүгээ чиглэж байгаагийн адил тэр хүссэн зүйл тань таныг бас чиглэж байгаа.
Гэхдээ зарим тохиолдолд хичнээн их хүссэн ч гэсэн таны сөрөг бодлууд давамгайлж, та болон таны хүсэл мөрөөдлийн голд саад болдог. Энэхүү саад болох сөрөг бодлыг таны замаас хэн ч холдуулж чадахгүй.
Зөвхөн ТА өөрөө холдуулж чадна. Зөвхөн ТА өөрөө агуу зүйлсийг мөрөөдөж, агуу зүйлсийг зорьж, амжилтын тарнийг дахин дахин давтан хэлж оюун ухаанаа, далд ухамсраа дасгажуулж, түүнийгээ хянаж чадна.
Хамгийн гол нь тайван, итгэлтэй, тэвчээртэй байх нь маш чухал.
Үйлдэл хийхгүйгээр бид ямар ч амжилтанд хүрэхгүй. Тиймээс хамтдаа үйлдэл хийж, бие биетэйгээ туршлагаасаа доор хуваалцая.
Хэрвээ та оюун ухаанаа дасгалжуулах тусгай дасгал мэддэг, түүнийгээ бидэнтэй хуваалцахыг хүсвэл доор бас хуваалцаарай.
Үзэж, уншиж байгаа танд маш их баярлалаа!
©Ука Төмөр