Гэвч өнгөрсөн долоо хоногт олдворыг Их Британиас АНУ-д аваачиж, дуудлага худалдаанд оруулсан эртний олдворын наймаачин Эрик Прокопийн өмгөөлөгч олдвор нэг биш, нэлээд хэдэн үлэг гүрвэлийн араг ясыг цуглуулж, төмөр утсанд бэхэлж тогтоосон үзмэр гэж мэдэгдсэн нь хэргийг улам ээдрээтэй болгосон юм.
“Тиранозавр батаар”-ын хэрэг дээр ажиллаж буй Монголын талын өмгөөлөгчид олдворыг Монгол Улсын хилээр хулгайгаар гаргасан гэдгийг нотлохын тулд Эрик Прокопи үлэг гүрвэлийн араг ясыг 15.000 ам.долларын үнэтэй хэмээн гаалийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж заргалдаж байгаа билээ.
Харин Эрик Прокопи АНУ-ын хилээр тус бүр нь 15.000 ам.долларын үнэтэй дөрвөн үлэг гүрвэлийн голдуу органик бус засч, янзалсан араг ясыг оруулж ирсэн гэж ярьж байгаа гэнэ.
Холбооны шүүгчийн хэлж буйгаар “Тиранозавр батаар”-ын араг ясыг хулгайгаар хил давуулсан байлаа ч Монголын талд үүнийг нотлох хангалттай баримт байхгүй гэнэ. “Тиранозавр батаар”-ын хэргийн дараагийн шатны шүүх хурал энэ сарын 21-нд болох бөгөөд тэндээс ирэх аравдугаар сарын эхээр олдворыг Монголын талд шилжүүлэн өгөх эсэх нь тодорхой болох гэнэ.