“Далайн хав”-ын ярьсан бүхэн “Аль-Каида”-ийн тэргүүнийг хороосон талаарх Пентагоны албан ёсны мэдээллээс олон зүйлээрээ ялгарч байлаа. Түүний хэлснээр, тусгай ажиллагааны гол зорилго нь бин Ладенийг хорооход бус аль болох амьдаар нь олзлоход оршиж байсан гэнэ. “Америкийн тусгай албаны түүхэнд энэ ажиллагаа хамгийн томд тооцогдоно. Тийм учраас уг ажиллагааны үнэн учрыг хүмүүс мэдэх ёстой гэж үзсэний үндсэн дээр номоо бичсэн” гэж “Амаргүй өдөр” номын зохиолч ярьжээ.
Түүнийг нэвтрүүлэгт оролцуулахын тулд нүүр хувиргагч нар дөрвөн цагийн турш уйгагүй ажилласан гэнэ. Харин нэвтрүүлгийг олон нийтэд цацахдаа ярилцагчийн дуу хоолойг өөрчилсөн нь номын зохиолчийн аюулгүй байдлыг бодолцсон хэрэг гэж “CBS” телевизийн зүгээс тайлбарлав. Тэр утгаараа нэвтрүүлгийн туршид түүний нэрийг чандлан нууцалсан байна. Товчхондоо номын зохиолч өөрийгөө Марк Оуэн гэдэг, Америкийн Тэнгисийн цэргийн тусгай хүчинд 14 жил зүтгэхдээ Афганистан, Ирак зэрэг олон оронд явуулсан 13 тусгай ажиллагаанд биечлэн оролцож явсан гэж л танилцууллаа.
Тавдугаар сарын тэр шөнө явуулсан тусгай ажиллагаанд 24 дайчин оролцсон бөгөөд тэднийг “Black Hawk” маркийн хоёр нисдэг тэргээр бин Ладений гэрийн гадаа буулгажээ. Пакистаны Засгийн газарт тусгай ажиллагааны талаар мэдэгдээгүй учраас нисдэг тэргүүд рүү пуужин эсэргүүцэн хамгаалах хэрэгслүүд галлах бодит эрсдэл байсан аж. Тэгсэн атал яагаад ч юм бэ, тэр хэрэгслүүд нь ажиллаагүй. Тийм учраас нисдэг тэргүүд Пакистаны нийслэлийн ойролцоо амжилттай газардаж “далайн хавууд”-ыг аюулгүй буулгаж чаджээ. Хачирхалтай нь, “далайн хавууд”-ыг Афганистан руу буцах үед ч дээрх хэрэгслүүд мөн л ажиллаагүй юм билээ.
Тусгайгийн ажилтнууд буумагцаа гурван бүлэгт хуваагджээ. Нэг хэсэг нь бин Ладений гэрээс хэнийг ч гаргахгүйн үүднээс хашааны гаднах хамгаалалтад зогсчээ. Нөгөө хэсэг нь байрны дээвэр дээр байрлах үүрэг хүлээж. Харин гурав дахь хэсгийн бүрэлдэхүүнд нь Оуэн багтсан бөгөөд тэд байшин руу нэвтэрч орох болов.
Ингэхдээ барилгын өргөтгөлийн хаалгаар нэвтрэхээр шийджээ. Гэтэл тэр хаалга нь давхар байснаар барахгүй тун бөх төмрөөр хийгдсэн байсан тул ямар ч багаж эс дийлэв. “Далайн хавууд” хаалгыг дэлбэлэх гэтэл гэрт байсан нэгэн хүн тэднийг хараад гал нээсэн аж. Тэр хүнийг хороосны дараа хүүхэд тэвэрсэн нэг эмэгтэй ирж хаалгаа онгойлгож өгчээ. Энэ эмэгтэй “далайн хавууд” руу гал нээсэн хүн нь түүний нөхөр бөгөөд дөнгөж сая тэд хороочихлоо гэдгийг ойлгуулсан гэнэ. Байрны нэгдүгээр давхарт нэвтэрч ороход хаа сайгүй эмэгтэйчүүд л байсан аж. Гэхдээ тэд Афганистан, Иракийн “уснаас ч чимээгүй, өвснөөс ч нам” биеэ авч явдаг эмэгтэйчүүдийг бодвол их дээрэнгүй зантай, дайчид руу ноцох нь холгүй байжээ.
“Далайн хавууд” шатаар өгсөж явахдаа бин Ладений хүүтэй таарч түүнийг дор нь буудаж унагасан байна. 22 настай Халид энэ байранд амьдарч байгааг дайчид мэдэж байсан тул түүнтэй таарна гэдэгтээ бэлэн байжээ. Гэхдээ Халид сониуч зангаасаа болж амиа алдсан гэж Оуэн ярив. “Далайн хавууд”-ын нэг нь шатан дээрээс түүнийг аяархан дуудаад байсан гэнэ. Үүнийг сонссон алан хядагчийн хүү булангаас шагайж харсныхаа төлөө тархиндаа сум зоолгожээ.
Түүний дараа бин Ладенийг хороох ээлж ирэв. Түүнийг ч бас өрөөнөөсөө цухуйгаад эргэхэд араас нь буудсан гэнэ. Өрөөнд орж үзэхэд хоёр эмэгтэй цогцосны дээрээс тонгойгоод сууж байжээ. Дайчдын нэг нь тэдгээр эмэгтэйг эсрэг талын хана руу хүчтэй түлхсэн гэнэ. Энэ нь эмэгтэйчүүдэд тэсрэх бөмбөг байж магадгүй учир “далайн хавууд”-ын амийг аврах үйлдэл байжээ. “Би нэг дайчинтайгаа цуг цогцос руу хэдэнтээ буудсан. Учир нь гар нь харагдахгүй байсан учраас гарт нь зэвсэг эсвэл бөмбөг байх магадлалтай гэж үзсэн. Нэг бол хувцсан дотуураа тэсрэх бөмбөгтэй бүс зүүсэн ч байсан юм билүү, хэн мэдлээ… Бид тэр хүнийг бин Ладен байсныг тухайн үед мэдээгүй… Угаасаа тэр нь ч чухал биш байсан” гэж Оуэн ярьжээ.
Бин Ладенийг далайд хаяагүй
Оуэн “Бин Ладен миний төсөөлж байснаас залуу харагдаж байсан. Сахал нь ч бас буурал биш хар байв. Бас тэр их өндөр хүн байсан юм билээ” гэж хэлээд тэдний хороосон хүн нь бин Ладен мөн гэдэгт хэн ч итгэлтэй байгаагүй учраас тэр дор нь дээд газартаа илтгэх зүрхтэй хүн байсангүй гэв. Азаар дайчдын нэг нь араб хэлтэй байсан тулдаа өрөөнд байсан хүүхэд эмэгтэйчүүдээс асууж сураглажээ. Тэр залуу нэг хүүг барьж аваад “Энэ хэн бэ” гэж асуухад “Осама” гэж хүү хариулсан гэнэ. “Ямар Осама вэ” гэж лавшруулвал “Осама бин Ладен” гэж хүү хариулжээ.
Үүнийг сонсоод ДНХ-ийн шинжилгээгээр батлахын тулд нэг “далайн хав” цуснаас нь, нөгөө нь шүлснээс нь дээж авсан байна. Харин Оуэн цогцсын зургийг тал бүрээс нь авчээ. “Тэр үед амьдралдаа үзсэн хамгийн чухал үйл явдлын зургийг авч байна гэсэн мэдрэмж надад төрж байсан. Тийм учраас одоо аль байрлалаас авбал зүгээр вэ гэсэн элдэв дэмий бодол толгойд маань эргэлдэж байлаа. Хамгийн гол нь түүний царайг таньж болох зураг авах хэрэгтэй гэдгээ ойлгож байсан” хэмээн Оуэн дурсан ярьлаа. Үүний тулд Оуэн орны даавууг шувтлан авч цогцосны нүүрийг арчаад зургийг нь үргэлжлүүлэн авсан аж. Бин Ладений тархийг нь оносон байсан учир их аймаар харагдаж байсан гэнэ.
“Далайн хавууд” алан хядагчийн цогцсыг гялгар шуудайд хийгээд нисдэг тэргэндээ ачаад явжээ. Яг энэ хэсэгт Пентагоны албан ёсны мэдээ зөрж байна. Америкийн Батлан хамгаалах яам ислам шашны нутаглуулах ёс жаягийг дагаж бин Ладенийг тэр өдрийн үүр цайхаас өмнө Арабын тэнгист оршуулсан гэж мэдээлж байсан. Гэтэл Оуэны хэлснээр, цогцсыг Афганистан дахь цэргийн баазад аваачсан бөгөөд тэндэхийн дарга, шинжээчид цогцост үзлэг хийсэн ажээ.
“Эсэргүүцэл үзүүлэх бодолгүй байсан”
“Өнөөдөр их олон хүн түүний амийг хороох хэрэг байсан юм уу гэж асуудаг. Өөрөөр яах байсан юм бэ. Бид дайсныхаа гэр рүү нэвтрэх гэж байгаагаа ойлгож байсан. Гэтэл бидэн рүү буудаж эхэлсэн. Сүүлд Халидийн өрөөг нэгжихэд Калашниковын буу гарч ирсэн… Булангийн цаанаас шагайж байгаа хүний гар хоосон байхгүй нь л лав. Үүнийг мэдсээр байж бөмбөг шийдэхийг хүлээж суудаг цэрэг гэж байхгүй шүү дээ” гэсэн тайлбарыг Оуэн өгчээ.
Бин Ладен ч бас биедээ зэвсэгтэй байсан гэнэ. Гэхдээ тэр зэвсгээ ашиглаагүй ажээ. “Өчнөөн хүнийг амиа золиослогч болохыг ятгаж дөнгөсөн энэ этгээд биедээ зэвсэгтэй байсан атлаа өөрийгөө ч хороосонгүй, бидэнтэй ч тулалдаагүй. Ердөө энэ үйлдэл нь олон зүйлийг өгүүлж байна” гэж Оуэн хэлэхдээ номер нэг алан хядагчийг аймхай нэгэн байсан гэдгийг ойлгуулахыг хичээв.
Төлөвлөгөөнд тусгаснаар тусгай ажиллагааг 30 минутад багтаах ёстой байжээ. Энэ хугацаанд тэд бин Ладений гэрийн гадаа хүрэлцэн ирээд, улмаар нэвтэрч орон бин Ладенийг нэг бол хороогоод, нэг бол амьдаар нь барьж авсны дараа бүх мөрөө баллаад нисдэг тэргээр буцах ёстой байсан аж. “Далайн хавууд” тогтсон хугацаанаасаа хоцорч байгаагаа мэдээд гэрт ил харагдсан хуурцаг, хатуу дискүүдийг ум хумгүй хамж байв. Энэ хооронд үүр цайж, гадаах хамгаалалтад зогсч байсан “далайн хавууд” гэрт юу болоод байгааг сонирхохоор цугалсан нутгийн хүмүүсийг тогтоон барьж байлаа. “Гай газар дороос” гэгчээр “далайн хавууд”-ыг буулгасан нисдэг тэргүүдийн нэг нь газардахдаа гэмтсэн учраас нисэх боломжгүй болсон байв. Нууц ажиллагаа тул нисдэг тэргийг орхиж явна гэдэг боломжгүй. Тиймээс дайчид тэрийгээ дэлбэлэхээс аргагүйд хүрсэн. Дашрамд хэлэхэд, тэд эхэндээ тушаалыг буруу ойлгож бин Ладений байшинг хүмүүстэй нь хамт дэлбэлэх шахаж гэнэ. Нууц ажиллагаа нийтдээ 38 минут үргэлжилсэн ажээ.
“Далайн хав” төрийн нууцыг задруулаагүй хэмээв
Ажиллагаа амжилттай явагдсаны дараахан Барак Обама “далайн хавууд”-ыг хүлээн авч уулзжээ. Оуэны хэлснээр, Обама “Аль-Каида”-ийн тэргүүнийг үхэлд хүргэсэн сумны эзэн хэн байсныг ихэд сонирхон асууж байжээ. “Гэвч бид түүнд хэлээгүй. Энд онцгой юм юу байгаа юм бэ. Долоовор хуруугаа л жаахан ажиллуулаа биз. Би сая сая удаа энэ үйлдлийг хийж явсан. Энэ чинь их амархан шүү дээ. Тиймээс бин Ладенийг хэн буудсан нь сонин биш. Багаараа ажилласан гэдэг нь л чухал. Нисгэгчдийн болон нууц ажиллагааг боловсруулагчдын оролцоог ч бас дурдах хэрэгтэй” гэв.
“Амаргүй өдөр” ном хэвлэгдэхээс өмнөхөн Америкийн эрх баригчид зохиолчийг нь шүүхэд өгнө гэж заналхийлсэн билээ. Тусгай хүчинд ажиллаж байсан энэ хүн нууц ажиллагааны талаарх мэдээллийг задруулахгүй гэсэн гэрээгээ зөрчиж, улмаар үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулна гэж Пентагон үзэж байсан юм. Харин ном хэвлэгдэн гарсны дараа дээрх үзэл нь улам бүр батлагдлаа хэмээгээд нийтэд дэлгэсэн мэдээлэл нь тусгай ажилтнуудын болон тэдний гэр бүлийн амь насанд бодит аюулыг учруулснаар барахгүй ирээдүйн нууц ажиллагаануудад ноцтой эрсдлийг бий болголоо гэж АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн.
Харин Марк Оуэн дээрх мэдэгдэлтэй санал нийлсэнгүй. Номынхоо удиртгал хэсэгт тэрбээр “Хэрэв уншигч ямар нэгэн нууц мэдэхийг хүссэн бол буруу номоо сонгожээ” гэж бичсэн байгаа аж. “Энэ номонд нууцын зэрэглэлд багтах мэдээлэл байхгүй гэдэг нь үнэн. Би тийм нууц зүйл мэдэх ч үгүй. Тэр шөнө бин Ладений гэрт яг юу болсныг л ярьж өгөхийг хүссэн” хэмээн “CBS” телевизэд өгсөн ярилцлагадаа Оуэн тайлбарлажээ.