Э.Бэхбаяр залуучуудын дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Э.Бэхбаяр залуучуудын дэлхийн аварга боллоо

Тайландын Паттая хотын “Eastern National Sports Training Center” т чөлөөт, сонгомол бөхийн залуучуудын ДАШТ зургаан өдөр үргэлжилж, ням гаригт өндөрлөлөө.

Тэмцээний сүүлчийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болж, манайхан дахин нэг аваргатай боллоо. 57 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Эрдэнэбатын Бэхбаяр учраа бүрээ сөхрүүлсээр залуучуудын дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртсэн юм. Өмнө нь манай эрэгтэйчүүдээс гавьяат тамирчин А.Баатархүү 1979, ОУХМ С.Эрдэнэбаяр 1989, ОУХМ Т.Даваахуяг 2007 онд залуучуудын дэлхийн аварга болж байв. Түүнчлэн манай улс хэдхэн хоногийн өмнө анхны эмэгтэй аваргаа өлгийдөн авсан бөгөөд 51 кг-ын жинд Э.Даваачимэг аваргалсан.

Энэ жилийн залуучуудын ДАШТ-ээс манай улс хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн сайхан амжилт үзүүлэв. Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Б.Нямбаяр хүрэл медаль хүртээд байсан билээ. Ингээд тэмцээний сүүлчийн өдөр манай бөхчүүд хэрхэн барилдсан тухай мэдээллийг хүргэе.

55 кг (30 бөх): 1.Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол), 2.Лаша Талахазе (Гүрж), 3. Мануэль Волфер (Герман), Фүмитака Моришита (Япон)

Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт Украины Виталий Курскуг 2:1, 2:1, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн Валичат Ядавыг 1:0, 5:5, гуравдугаар тойрогт БНСУ-ын Гук Хюн Кимийг 6:1, 1:0, мөнгөн медалийн төлөөх барилдаанд Германы Мануэль Волферийг 1:0, 1:0, шигшээ барилдаанд Гүржийн Лаша Талахазег 1:0, 5:0-ээр ялж аваргалсан.

66 кг (31): 1.Магомед Курбаналиев (ОХУ), 2.Давид Хабалашвили (Гүрж), 3.Мустафа Кайя (Турк), Давид Апоян (Армен) … 19. Гантулгын Идэрхүү (Монгол)

Г.Идэрхүү нэгдүгээр тойрогт Грекийн Георгис Савволидист 3:0, 1:2, 2:4-өөр ялагдсан.

84 кг: (27) 1.Мохаммад Жавад (Иран), 2.Пэт Доуни (АНУ), 3. Евгений Еремеев (Молдав), Шамиль Кудиямагомедов (ОХУ) …. 21.Батдоржийн Намхай (Монгол)

Б.Намхай нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын Хук Вём Гвонд 1:2, 0:4-өөр ялагдсан.

120 кг: (17): 1. Магомедгажи Нурасулов (ОХУ), 2.Мурадин Кушков (Украин), 3.Гено Петриашвили (Гүрж), Али Магомедобиров (Азарбайжан) … 13. Энхтөгсийн Оюунболд (Монгол)

Э.Оюунболд нэгдүгээр тойрогт Гүржийн Гено Петриашвилид 3:6, 0:6-гаар ялагдсан.

ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР

1992 онд төрсөн. ШШГЕН-ын "Сүлд" спорт хорооны тамирчин. 2011 онд ОУХМ цол хүртсэн. Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургуульд суралцаж байхдаа Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээгийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэсэн. Монголын бүх ард түмний спортын их наадам, залуучуудын УАШТ-ээс алт, Хүүхдийн спортын их наадмаас мөнгө, өсвөр үеийн УАШТ-ээс хоёр удаа алтан медаль хүртсэн. Э.Бэхбаяр олон улсын тэмцээнд ч амжилттай оролцож байсан бөгөөд 2008 онд ОХУ-ын Якут улсын Якутск хотод болсон "Азийн хүүхдүүд" IV наадмаас хүрэл, 2009 онд Энэтхэгийн Пуне хотод болсон өсвөр үеийнхний Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн манай улсын өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын нэг юм.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж