-Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Аймгийн хэмжээнд боловсролын байгууллагуудын засварын ажил бүрэн дуусаад жигдэрчихсэн үү?
-Та бүхэнд бас хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Аймгийн хэмжээний сургууль цэцэрлэгүүд янз бүрийн эх үүсвэрээс урсгал болон их засваруудаа хийж үндсэндээ дууссан. БШУ-ны сайдаас аймгийн Засаг даргад эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалт 1 тэрбум 395 сая төгрөгийн засвар барилга угсралтын ажлаас “Номун далай” сургуулийн бага сургуулийн засвар, Баянхонгор сумын 3-р цэцэрлэгийн засвар, Шинэжинст сумын сургуулийн өргөтгөлийн ажлууд тус тус удаашрах шинжтэй байна. Гэхдээ эдгээр сургуулиуд үндсэн байрандаа эээлжээ зохицуулаад сургалтын ажлаа хэвийн явуулж байгаа.
-Энэ жил хэчнээн сургууль цэцэрлэгт хүүхэд суралцах вэ?
-30 цэцэрлэгт 5200 хүүхэд, ЕБС-ийн 29 сургуульд 17660 хүүхэд суралцана. Есдүгээр сарын 1-ний байдлаар цугларалт сургуульд 68 хувьтай, цэцэрлэгт 64 хувьтай байсан бол есдүгээр сарын 3-наас 86-92 хувьтай жигдэрч байна.
-Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хэр байна вэ? Шинээр сургууль цэцэрлэг баригдсан уу?
Сургуулийн хүрэлцээ аймгийн төвийн тухайд хүчин чадлаасаа хоёр дахин давсан хүүхэд хүлээн авдаг учир хүрэлцээ муутай гэж үзнэ. 2013 оноос аймгийн төвд 5-р дунд сургууль баригдахаар ачаалал буурна гэж үзэж байгаа. Харин цэцэрлэгийн суудлын тоо төв, хөдөөгүй хүрэлцээгүй байна.
-Багшлах боловсон хүчний байдал хэр байна? Ялангуяа сумдад?
-Багшлах боловсон хүчний хувьд хангагдсан. Сургуулиуд багшаа чанаржуулах тал дээр анхаарч байна. Боловсрол, соёлын газраас ч энэ тал дээр анхаарал тавьж байна.
-Сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж байгаа гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?
-БШУЯ-наас бага, дунд боловсролын шинэчлэлд анхаарч байгаагийн нэг илрэл нь Кембрижийн олон улсын стандартад баримжаалсан бага, дунд боловсролын агуулга, арга зүйд шинэчлэл хийх ажил эрчимтэй өрнөж байна. Энэ ажлын эрх зүйн орчныг зохицуулж Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Улсын Их Хурлаар батлууллаа. Мөн боловсролын институцын тогтолцоог хангах талаар тодорхой алхмууд хийж байна. Тухайлбал, багш нарыг таван жил тутамд үнэ төлбөргүйгээр мэргэжил дээшлүүлж байхаар болж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтыг байгууллаа. Мөн Боловсролын хүрээлэнгийн бүтэц, чиг үүргийг шинэчилж төрөөс санхүүжүүлэхээр болсон. Боловсролын үнэлгээний тогтолцоог шинэчлэх ажлыг эхлүүлж, бага дунд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх 31 лаборатори сургуулийг байгуулаад байна.
-“Үдийн цай” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ. Чанар, стандартад хэрхэн анхаарах вэ?
-“Үдийн цай” хөтөлбөрийг цаашид “Үдийн хоол” болгох зорилт тавьж байгаа. Хүүхдийн хоол хүнсний чанар стандартыг хангахад юуны түрүүн тохилог, чанарын шаардлагад нийцсэн газар, мэргэшсэн чадварлаг тогооч, эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангасан гээд үйлчилгээ чухал. Түүнээс гадна хүүхдийн эрүүл ахуй аюулгүй байдлыг дээдлэх сэтгэл гаргасан худалдан авах ажиллагаа юу юунаас чухал байна. Мөн хүүхдийн гар угаах асуудал нэлээд хүнд байдаг. БШУЯ-наас бүх сургууль, цэцэрлэгт санитол дозлогч нийлүүлснээс гадна санитолыг хүрэлцэхүйц хэмжээгээр татан авсан байгаа. Түүнээ хүйтний улирал эхлэхээс өмнө тараана. Дээр нь сургууль бүрт дотоодын болон орон тооны бус хяналтын зөвлөл сайн ажиллах ёстой.
-Албан бус боловсролд хамрагдагсдын тоо хэр хэмжээнд байна вэ. Бичиг үсэг мэддэггүй иргэд хэр олон байгаа бол, энэ талаар судалгаа байдаг уу?
-Аймгийн хэмжээнд байгаа 24 гэгээрлийн төвд 600 хүүхэд хамрагдаж байна. Сумдаас авсан судалгаагаар 350-иад иргэн бичиг үсэггүй гэсэн тоо гарсан. Тэд ихэвчлэн 1990-ээд оны сургууль завсардагчид одоо 35-40 орчим насны малчин эцэг эхчүүд байдаг. Албан бус боловсролд хамрагдах зав болоцоо муутай гээд гэгээрлийн төвийн үйлчилгээнд хамрагддаггүй. Тэдэнд зориулсан тусгай бодлого, аргазүй шаардагдаж байна.
-Манай аймгийн боловсролын салбар бусад аймгаас ялгарах, давуу тал нь юу вэ?
-Манай аймгийн боловсролын салбар албан сургалтын хувьд бусад аймагтай ижил. Харин албан бус боловсролын бүтэц тогтолцоо нэлээд эртнээс бүрдсэн бөгөөд сум бүр гэгээрлийн төвтэй, аргазүйчтэй байдаг. Төвийн сургуулиуддаа насанд хүрэгчдэд хандсан амьдрах ухааны сургалтуудыг нэлээд эртнээс эхлүүлсэн давуу талууд байгаа.
-Цаашид танай салбарт анхаарах ямар чухал асуудлууд байна вэ?
-Шинэ Засгийн газраас боловсролын салбарт баримтлах бодлого, “Зөв монгол хүн” хөтөлбөрийн томьёоллыг гаргалаа. Энэ хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх, боловсролын удирдлага менежментийг боловсронгуй болгох, багшийг хөгжүүлж чанаржуулах, хувь хүний хүсэл зорилгод суурилсан хөгжлийн шинэчлэл, сургалтын хүртээмжтэй аюулгүй орчны шинэчлэлийн чиглэлээр их ажил өрнүүлнэ байх.
-Асуултгүй хормыг танд…
-Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд эцэг эх, олон түмэн төрийн болон хувийн секторын өргөн оролцоо чухал гэдгийг хүн бүр ухааран сургууль, багш нартай хамтран ажилламаар байна.