150 мянган ажлын байрыг яаж бий болгох вэ?

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

150 мянган ажлын байрыг яаж бий болгох вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Эл хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийлээ.

Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт УИХ-ын 2012 оны сонгуульд дэвшүүлж байсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөр, ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, бие даагч гишүүдийн зарим нэг санал, Ардчилсан намын “Монгол хүн-2020” хөтөлбөрт туссан заалтууд, ингэхдээ 21 аймаг 330 гаруй сумдын иргэдийн бодол санал, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн санал, хувийн хэвшил, эрдэмдийн саналыг тусгахыг оролдсон. Гол агуулга нь монгол иргэдээ ажилтай, орлоготой байлгах чиглэлээр хийх ажил, алхмуудыг тусгасан. Мөн төрийн албаны хүнд суртлыг устгах, авлигатай тэмцэх, бүх шатанд үүрэг хариуцлагыг дээшлүүлэх. Их бүтээн байгуулалтыг дуусгах зэрэг таван үндсэн бүрэлдэхүүнээс хөтөлбөр бүтэж байгааг онцоллоо. Мөн анхаарах нэг асуудал нь Монгол Улс инфляцид хөтлөгдөж байгааг зогсоох. Үүний тулд хоёр чиглэлээр ажиллана, ингэхдээ нефть, махны үнэ дээр зохицуулалт хийнэ. Хоёр дахь анхаарах асуудал нь Монгол Улсын татварын орлогын 90 шахам хувийг цөөхөн томоохон компаниуд бүрдүүлж байгаа. Иймээс жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих хүрээнд тэдгээрт татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Энэ нь эхлээд 10 хувийн татвараа төл, буцаагаад есөн хувийн татвараа эргүүлж ав, энэ нөхцөлд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нь ердөө нэг хувийн татвар төлдөг болно. Хавтгайрсан халамжаас ангижирхын тулд эхний ээлжинд 2.8 сая иргэн биш нийт хүүхэддээ сар тутамд 20 мянган төгрөг олгохыг зорьж байгаа. Дараа нь зорилтот халамжийг хэрэгжүүлнэ гэсэн юм.

Харин хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд “Өмнөх Засгийн газрын үед та тэр үед Тэргүүн шадар сайдаар ажиллаж байх хугацаанд 250 мянган ажлын байр бий болгож байсан. Харин одоо танай Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр бий болгоно гэжээ. Хөдөлмөрийн яам шинээр байгуулчихаад дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр шинээр бий болгоно гэдэг чинь шинэчлэл үү, ухралт уу гэсэн юм. Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ажлын байрны хувьд бид маргаж байгаад 150 мянга гэсэн тоо тавьсан. Энэ бол бодитой бий болгох ажлын байрны тоо юм. Та бидний хамтдаа гаргасан ажлын байрны тоо өнөөдрийг хүртэл эргэлзээтэй байгаа. Хэрвээ ажлын байр 250 мянгаар бодитой бий болсон бол ядуурал буурах байсан, харамсалтай нь ядуурал өмнөх жилийнхээрээ хэвээр байгаа. Тийм учраас бодитой ажлын байр бий болгох агуулгаар 150 мянган ажлын байр бий болгоно гэх тоо тавьсан гэлээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж