“48 цаг” бэсрэг кино наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

“48 цаг” бэсрэг кино наадам болно

Тун удахгүй “48 цаг” бэсрэг кино наадам эхлэх гэж байна. Уг наадам Монголд гурав дахь жилдээ болж буй нь энэ юм. Кино наадам ирэх долоо хоногийн амралтын өдрүүд буюу энэ сарын 14-16-нд зохиогдох юм. Ингээд “48 цаг Монгол-2012“ бэсрэг кино наадмын талаар тус наадмыг санаачлагч, зохион байгуулагч Н.Цогтбаяртай ярилцлаа.


-“48 цаг” бэсрэг кино наадам өөрийн онцлогтой болдог. Уран бүтээлчээс авьяас, хурд их шаарддаг?

-Хамгийн товчхон хэлэхэд киноны уран бүтээлч төдийгүй кино сонирхдог өөр өөр ажил мэргэжилтэй, янз бүрийн насны хүмүүс янз бүрийн орчинд 48 цагт багтаан кино хийж өрсөлддөгөөрөө онцлог гэж хэлж болно. Энэ кино наадам кино бүтээх амтыг мэдрүүлдгээрээ оролцсон хүмүүст хамгийн сайхан сэтгэгдэл үлдээдэг гэж бодож байна. Наадмын явц их сонирхолтой.  Мэдээж  кино хийх учраас баг бүрдүүлсэн байх ёстой.  Баг бүр ямар төрлийн кино хийхээ сугална. Мөн кинонд заавал гарах нэг баатар, баатрын нэр, хэрэглэх нэг эд зүйл /жишээ нь өндөг/, мөн заавал хэлэх ёстой нэг өгүүлбэрийг сугалааны дараа багуудад мэдэгддэг. Энэ даалгаврыг багууд сугалаа сугалахаас нэг цагийн өмнө АНУ-аас ирүүлдэг. Ингээд л баасан гарагийн 19.00 цагаас ням гарагийн 19.00 хүртэл 48 цагт багтаан 4-7 минутын кино хийж хүлээлгэж өгдөг юм.

-Наадам амралтын өдрүүдэд болох нь ээ?

-Тийм. Тухайн наадам болж буй улс, хотын цагаар баасан гарагийн оройн 19.00 цагт эxэлж, ням гарагийн оройн 19.00 цагт дуусна. Энэ нь наадмын албан ёсны цагийн xуваарь. Кино наадам нь угаасаа амралтын өдрүүдээ зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэх хүсэлтэй кино сонирхдог залуучуудын санаачилгаар анх бий болсон. АНУ-ын Вашингтон ДС xотод амьдардаг хоёр залуу 2001 онд анх удаа ийм наадам зохион байгуулсан юм. Түүнээс хойш асар богино хугацаанд хүмүүсийн анхаарлыг татаж, хамрах хүрээгээ тэлсээр одоо АНУ-ын Бостон xотод байрладаг олон улсын “48 цаг кино наадам” буюу “The 48 Hour Film Project” байгууллага үүсэн бий болсон. Жил ирэх бүр энэ наадмыг зохион байгуулдаг хот, улсын тоо нэмэгдэж байна. 

-Энэ жил уг наадам хэдэн хотод зэрэг болж байгаа бол?

-2012 онд 125 хотод, АНУ-ын хотуудаас гадна Европ тивийн 29, Азийн 18, Африкийн гурав, Австралийн гурав, Америк тивийн таван хотод зохион байгуулна. Наадмын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл www.48hourfilm.com вэб сайтаар орж үзээрэй.

-“48 цаг” кино наадамд кино урлагт хайртай, дуртай хэн бүхэн оролцож болдгоороо онцлог шүү дээ. Харин наадамд ирүүлж байгаа бүтээлүүддээ заавал мэргэжлийн техник хэрэгсэл ашиглахыг шаардах уу?

-Хүссэн хүн бүр оролцож болдог нь энэ наадмын бас нэг давуу тал юм. Тийм ч учраас заавал мэргэжлийн техник хэрэгсэл ашиглах шаардлагагүй. Орчин үед техник технологи маш хурдацтай хөгжиж байна. Энгийн хүний хэрэглэж байгаа гар утас хүртэл HD-ээр бичлэг хийх боломжтой болсон. Тийм болохоор  HD бичлэг хийдэг л бол гар утсаараа ч зургаа аваад оролцож болно.

-Оролцож байгаа багууд өгөгдсөн төрөл жанруудаас сугалаагаар сонголж оролцдог. Энэ жил ямар төрлүүдээр өрсөлдөх бол?

-Дүрмийн дагуу жил бүр киноны төрлүүдээ баяжуулж өөрчилж байдаг.  Аймшгийн, драм, триллер, эмгэнэлт инээдмийн, дуугүй гэх зэрэг төрөл зүйлүүд байхаас гадна сонирхолтой болгох зорилгоор төрөл зүйлүүдээ дотор нь сэдвээр ялгаж, цоо шинэ ангилал бий болгодог. Жишээ нь, хүчирхэг эмэгтэйн дүр, тэмдэглэлт ой юм уу төрсөн өдөр гэх зэргээр шинэ ангиллууд гаргаж ирдэг. Гэхдээ тухайн жилийн наадмын жанрыг багууд сугалаа сугалах үед л мэдэх боломжтой.

-Кинонд заавал хэрэглэх ёстой даалгавруудыг цаанаас нь өгдөг ч тухайн улсад тохируулан сонгодог гэж дуулсан?

-Кино наадмын дүрмийн дагуу ямар ч төрөл зүйл, хэлбэрийн кино хийсэн санаагаа илэрхийлэхдээ заавал ашиглах ёстой өгөгдлүүд байдаг. Тэдгээрийг бүх баг баасан гарагийн 18.00 цагт киноны төрөл хэлбэрээ сугалахаас нэг цагийн өмнө АНУ-аас ирүүлдэг юм. Өнгөрсөн жилийн наадамд дараах даалгавар ирж байсан. Үүнд, дүр дуучин, Хүрэлсүхийн Арслан, Хүрэлсүхийн Алимаа, хэрэглэх зүйл өндөг, хэлэх үг нь  “Чи тэнэг юм уу эсвэл албаар ингээд байгаа юм уу?” гэж ирсэн. Харин энэ жилийн наадмаар ямар өгөгдлүүд байх нь Баасан гарагт л тодорхой болно.

-Наадамд анх удаа оролцож байгаа залууст та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлэхийг хүсч байна. Наадмын дүрэм, журам нь АНУ-ын хууль тогтоомжийн хүрээнд маш нарийн зохицуулалт агуулсан байдаг. Тийм учраас бид оролцогсдод зориулан наадмын дүрэм, журмыг танилцуулах, гэрээ, чөлөөлөх хуудаст гарын үсэг зурах ажлыг наадам эхлэхээс хэд хоногийн өмнө зориуд зохион байгуулдаг. Бүх бүтээл наадмын албан ёсны цагийн xуваарийн дагуу xийгдсэн байx ёстой. Баримтлах ёстой xуваариас өмнө xийгдсэн кино, видеог ашиглаxыг xатуу xориглодог. Багаа бүрдүүлэх, жүжигчдээ сонгоx, техник, тоног төхөөрөмжөө бэлтгэх, зураг авах газраа сонгож зөвшөөрөл авахаас бусад зоxиолоо бичих, жүжигчдээ сонгон найруулах, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа xийх, сургуулилт xийx, хувцас, тайз чимэглэл xийx гээд  киногоо дэлгэцэнд гаргахад бэлэн болох хүртэлх ажлыг 48 цаг буюу  бүтэн хоёр хоногийн дотор хийж гүйцэтгэх ёстой. Энэ нь оролцогсдоос хүсэл зориг, тэсвэр тэвчээр, нэгдмэл санаа, сахилга бат, багийн нэгдэл, нэг нэгийгээ ойлгох чадвар шаарддаг. Энэ бүхэн киноны уран бүтээлчдэд зайлшгүй байх ёстой чанар юм. 

-Жил ирэх тусам оролцогч залуусын тоо өсч байгаа харагдсан?

-Би “48 цаг Монгол” кино наадмыг Монголдоо зохион байгуулах эрхийг 2009 нд авч, 2010 оны есдүгээр сарын 9-16-ны өдрүүдэд анхдугаар наадмаа зохион байгуулсан. Энэ наадмын тэргүүн байрын шагнал хүртсэн iCity студийн продюсер Ч.Хоролдоржийн “Зүүд” шинжлэх ухааны уран зөгнөлт бэсрэг кино АНУ-ын Майами хотноо болсон Олон улсын наадамд оролцсон. Тэнд 80 хотоос  шалгарч очсон бүх киноноос шилдэг 16 киногоор DVD гаргадаг. Түүнд нь манай “Зүүд” кино багтаж, Канны олон улсын кино наадмын “Бэсрэг киноны булан”-гийн үзлэгт киногоо үзүүлсэн. Энэ бол маш том амжилт. “48 цаг -Монгол 2011” бэсрэг кино наадамд оролцсон 27 багаас “Сэрэлт” продакшны “Олгой, хэнгэрэг, төвөнх“ кино тэргүүн байрт шалгаран АНУ-ын Таос хотноо болсон олон улсын наадамд мөн амжилттай оролцсон. Наадамд оролцох хүсэлтэй залуучуудын тоо нэмэгдэж байна.

-“48 цаг” бэсрэг кино наадамын  ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна?

-Дөрвөөс долоон минутын бэсрэг кино нь дэлхийн кино урлагийн тогтсон төрөл хэлбэр төдийгүй томоохон хэмжээний уран бүтээл туурвихад суралцах эхлэл болдог. Энэ нь бүрэн хэмжээний киноны олон хэсгийг хооронд нь зөв уялдуулж сургадаг гол арга юм. Мөн залуу уран бүтээлчдэд богино хугацаанд түргэн сэтгэж, багаар ажиллах ур чадвар эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээ, идэвх сонирхлыг нь дэмжих, мэргэжлийн бус сонирхогчдод өөрийгөө нээх, сорих бололцоо олгох, дэлхийн үе тэнгийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн алхаж, харилцан туршлага солилцох боломж олгож байгаа нь л наадмын гол утга учир, ач холбогдол гэж бодож байна.

-Наадмын шилдэг киноны шагналыг сонирхуулахгүй юу?

-“48 цаг Монгол-2012” бэсрэг кино наадмын шилдгээр шалгарсан кино 2013  онд дэлxийн өнцөг булан бүрээс шалгарсан кинонуудтай хамт АНУ-ын Холливудад xүчээ үзнэ. Олон улсын наадмын шилдэг киног 5000 ам. долларын мөнгөн шагнал, 6000 ам.долларын мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнахаас гадна Каннын олон улсын кино наадам “Cannes International Film Festival”-ын “Бэсрэг киноны булан”-д бүтээлээ толилуулах эрх авдаг. 

-“48 цаг” бэсрэг кино наадмын ард ямар баг ажиллаж байна? 

-2012 оны наадмыг “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, “Монгол Масс Медиа” группийн Боловсрол телевиз, Movie box суваг, News.mn сайт, Монгол-Франц төв, Өргөө кинотеатр, “Жүр Үр” ХХК хамтран зохион байгуулж байна. Энэ дашрамд манай наадмыг ивээн тэтгэж хамтран зохион байгуулж байгаа байгууллагууддаа талархснаа илэрхийлье. Энэ жилийн наадамд оролцохоор 21 баг бүртгүүлчихээд байна. Бүртгэл 13-ны 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.  Энэ сарын 14-ний баасан гарагийн 19.00 цагт сугалаа сугалаад 16-ны 19.00 цаг хүртэлх 48 цагт багтаан киногоо хийнэ. Наадамд бүртгүүлж амжаагүй, мөн сонирхож байгаа хүмүүс 96647260 утсаар надтай холбогдож сонирхсон зүйлээ асууж болно. 

“48 цаг  Монгол 2012” бэсрэг кино наадмыг  дараах  хуваариар зохион байгуулна.

    
Огноо

   
Цаг

   
Арга хэмжээ

   
Болох газар

2011.09.11

12.00

Техникийн хурал

Жүр үр төв дээр 3-р
хороололд

 
2011.9.13 

18.00

Бүртгэл дуусах

“Глоб  Интернэшнл” төрийн бус  байгууллагын  оффис

  2011.9.14

18.00

Сугалаа сугалах

“Жүр Үр” төв


Багууд  2011.9.14-ний оройны 19.00
цагаас 2011.9.16-ны оройны 19.00 цаг хүртэлх

48 цагийн хооронд  кино хийх

 

 2011.9.16

19.00

Багууд киногоо
хүлээлгэн өгөх

“Жүр Үр” төв

 

2011.9.20

11.00

Киноны үзлэг

Өргөө кинотеатр

2011.9.21

11.00

Киноны үзлэг

 2011.9.22

17.00

Шагнал гардуулах ёслол

 

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж