С.Лувсанвандан агсны 80 насны ойг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

С.Лувсанвандан агсны 80 насны ойг тэмдэглэлээ

Хорьдугаар зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч,  гоо зүй, утга зохиол судлаач доктор, профессор, Соёлын яамны нэгдүгээр орлогч  сайд асан Сономын Лувсанвандангийн 80 насны ой энэ жил тохиож байгаа билээ.
 
Гоо зүй, утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэхээс гадна ардын язгуур урлагийн өв санг нээн хөгжүүлэх, түүхийн дурсгалыг цаг үе, улс төрийн шуурганаас авран хамгаалах талаар санаачилга гаргаж, бодитой ажил хийсэн түүний тэгш ойг орон даяар жилийн турш тэмдэглэн зохион байгуулах Засгийн газрын тогтоолын дагуу ажлын комисс байгуулагдсан юм. Уг комиссын бүрэлдэхүүнд Соёлын яам, Монголын зохиолчдын хороо, Шинжлэх ухааны академи, Соёл урлагийн их сургууль зэрэг түүний зүтгэж хөдөлмөрлөж байсан салбар, байгууллагуудын төлөөлөл багтсан байна. Комиссоос баталсан ажлын төлөвлөгөөний дагуу “Лувсанвандан” сангийнхан нэрт эрдэмтний ойг 9-р сарын 9-ний өдөр буюу өнгөрөгч ням гарагт төрсөн нутаг Баянхонгор аймагт нь тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойн баяр 17.30 цагт Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын өмнөх талбайд босгосон нэрт эрдэмтний хүрэл хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөснөөр эхэлсэн юм. Цэцэг өргөх ёслолд С.Лувсанвандан докторын хүү УИХ, Засгийн газрын гишүүн, ГХ-ны сайд Лу.Болд, УИХ-ын гишүүн Д.Ганбат, “Лувсанвандан” сангийн гүйцэтгэх захирал Б.Цэнддоо болон С.Лувсанвандан гуайн төрсөн дүү нар, төрөл төрөгсөд нь оролцлоо.

Ёслолын ажиллагаа “ЛУВСАНВАНДАН 80” хүндэтгэлийн  цэнгүүнээр үргэлжлэв. Нутгийн иргэдэд үнэ төлбөргүйгээр толилуулсан энэ тоглолтын  найруулагчаар төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам ажилласан юм. Тэрээр хоёр жилийн өмнө мөн тус сангийн хүсэлтээр “Үлэмжийн чанар” ганцаарчилсан театрын тоглолтоо хонгор нутгийнханд толилуулж байжээ. Энэ удаа язгуур урлагийн “Домог” хамтлаг, опера чиглэлийн “Увертюра” хамтлаг, хонгор нутгаас гаралтай дуурийн дуучин Ш.Наранчимэг, уртын дуучин Б.Номин-Эрдэнэ нарын мэргэжлийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй, урлагийн бүх төрлийг багтаасан цогц тоглолтыг бэлтгэн тавьсан нь үзэгчдээс ихээхэн талархал хүлээв. Тоглолтод урилгаар оролцогчдын дийлэнх нь тус аймгаас гаралтай уран бүтээлчид байсан нь ч санаандгүй хэрэг биш юм.

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр нь 2005 онд Сономын Лувсанвандангийн нэрэмжит болсон бөгөөд сангийн зүгээс өнгөрсөн хугацаанд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд жилээс жилд театр өнгө зүсээ засч, бааз сууриа бэхжүүлж байгаа гэдгийг тус театрын дарга С.Жанцансамбуу хэлж байлаа.

Ард түмнээ гэгээрүүлэх, соёлжуулах үйлст бүхий л амьдралаа зориулсан доктор, профессор Сономын Лувсанвандангийн үр хүүхэд, гэр бүлийнхний санаачилгаар 1998 онд байгуулагдсан “Лувсанвандан” сан нь жил бүр түүний нэрэмжит тэтгэлгийг урлаг соёлын зүтгэлтэн, оюутан сурагчдад олгодог.

Мөн тус сан нь 2005 оноос эхэлж, Гоо Зүйн дээд шагналыг бий болгон, гоо зүйн өндөр таашаал хүртсэн бүтээлийн эздэд гардуулах болсон. Анхны шагналыг үндэсний уран барилгын сэтгэлгээг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Шинэ төгөл”, “Бодь цамхаг” бүтээлээр архитекторч Ө.Ганболдод олгосон юм. Удаахь шагналыг 2006 онд билгүүн номч Б.Ринчен гуайн ач, уран барималч Б.Дэнзэнд олгосон. Тэрээр 2005 онд өвөөгийнхөө 100 жилийн ойг тохиолдуулан, Улсын төв номын сангийн өмнөх зүүн гартаа судар тэврэн зогсох дээлтэй хөшөөг нь бүтээсэн юм. Түүнчлэн 2007 онд гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүрээрээ хүртсэн бол төрийн соёрхолт зохиолч Б.Лхагвасүрэн, тользүйч Л.Амарсанаа нар ч бас энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болсон билээ.

Монголын дөрвөн луугийн нэг гэгддэг, тэр тусмаа хонгор нутгаас төрсөн хоёр Лувсанвандангийн нэг энэ их хүнийг Баянхонгор төдийгүй Монгол Улсын, тэр ч байтугай дэлхийд данстай хүн гэдгийг баярт оролцсон хүмүүс хэлж байлаа.

 “Лувсанвандан” сангийн Гүйцэтгэх захирлын албыг 12 дахь жилдээ хашиж буй төрийн соёрхолт сэтгүүлч Б.Цэнддоо болон Лувсанвандан гуайн нэрэмжит Гоо зүйн дээд шагналт Ц.Сосорбарам, нэрт эрдэмтний хүү Лу.Болд, төрсөн дүү С.Норов нартай уулзаж, ярилцсанаа хүргэе.

Төрийн соёрхолт сэтгүүлч Б.Цэнддоо: Нэрт эрдэмтний ойг гоо зүйн сэтгэлгээний том баяр болгохыг зорьж байна

С.Лувсанвандан агсны 80 насны ойн баярын хүрээнд түүний нэрэмжит сангаас  хийхээр төлөвлөж буй ажлуудын  талаар мэдэээлэл өгөөч?

20-р зууны үндэсний томоохон сэхээтэн, доктор, профессор Лувсанвандангийн нэрэмжит санг түүний үр хүүхүүд болон Олон улсын монгол судлалын холбоо хамтран, 1998 онд байгуулсан. 

Энэ жил нэрт эрдэмтний мэндэлсний 80 жилийн ой тохиож байна. Ойг орон даяар тэмдэглэх ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар би ажиллаж байгаа. С.Лувсанвандан гуай бол бүтээлүүдээрээ 1950, 60, 70, 80-аад оны сэхээтнүүдэд гоо зүйн талаар мэдлэг олгож, хүмүүжүүлж байсан хүн. Тиймээс түүний ойг гоо зүйн сэтгэлгээний том баяр болгож, хүч хөдөлмөр, авъяас билгээ зориулж явсан утга зохиол судлал, хэл зүй, гоо зүй, олон улсын монгол судлалын чиглэлээр нь олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.  Үүний нэг бол төрсөн нутагт нь зохион байгуулж байгаа энэхүү цэнгүүн юм.

Өнгөрсөн хугацаанд сангаас хийж хэрэгжүүлсэн ажлыг товчхон дүгнэвэл …

Сангийн үндсэн зорилго нь оюуны өв бүтээгчдийг дэмжих, ирээдүйн бүтээгчдийг сургах бэлтгэх явдал юм. Энэ тал дээр олон зуун оюутан, мөн олон сайхан, шилдэг уран бүтээлчидтэй хамтарч ажилласан.

Түүнчлэн С.Лувсанвандан гуайн төрсөн нутгйинх нь театрыг түүний нэрэмжит болгож, хөшөөг нь босгон, театрын бааз суурийг бэхжүүлэх, уран бүтээл туурвихад нь дэмжлэг үзүүлж ирлээ.

Энэ жилийн Гоо зүйн дээд шагналын эзэн хэзээ тодрох вэ?

“Лувсанвандан” сангаас жил бүр оюуны сор болсон бүтээлийн эзэнд Гоо зүйн дээд шагналыг олгодог уламжлал тогтсон. Энэ жил ч гэсэн олон сайхан бүтээл бидэнд ирүүлээд байна. Энэ шалгаруулалтад бүтээлээ ирүүлж, оролцох боломж бүхий л уран бүтээлчэд нээлттэй юм шүү гэдгийг энэ дашрамд хэлье. Шалгаруулалт оны эцсээр дуусч, шагнал эзэндээ очих болно.

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам:
“Тэр дэлхийн хүн”

Та С.Лувсанвандан гуайг хэдийнээс мэддэг болсон бэ? Ер нь урлагийн хүний хувьд түүний соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг хэрхэн үнэлдэг вэ?

С.Лувсанвандан гуай бол яах аргагүй монголчуудын соёл гэгээрлийн дээд магнайд нь явж байсан хүн. Би оюутан байхдаа түүний гоо зүйн тухай улаан номыг уншиж байлаа. Тэр номноос сайхны тухай, сүрлэг сайхны тухай, хүний дотоод мөн чанарын тухай, ер нь гоо сайхан гэж юу вэ, ёс зүй гэж юу вэ гэдэг ойлголт авсан юм. Дотроосоо гэрэлтэх нь гоо сайхан, мэдлэгтэй байх нь гоо зүй, мэдлэгээ дадал болгож байгаа нь ур чадвар гэх мэт өгөөжтэй мэдлэг, мэдээллийг энэ номноос олж авч байсан. Драмын театрын жүжигчдэд лекц уншиж байхад нь ганцхан удаа яриаг нь сонсч байсан.

Нөгөө талаар нутгийн хүн, нутгийн ах гэдэг утгаар нь их хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ энэ хүн бол зөвхөн Баянхонгорын хүн биш, монголын, тэр байтугай дэлхийн хүн гэж би боддог.

Лувсанвандан гуайн хүүхдүүд ч гэсэн аавынхаа генийг өвлөсөн, эрдэмтэй чадалтай хүмүүс байдаг. Тэр ч утгаараа оюуны бүтээлийг үнэлж чаддаг. Аавынхаа нэрэмжит санг байгуулаад, соёл урлагийн салбарт зүтгэж буй олон залуусыг дэмжиж ажиллаж байгаад нь талархдаг.

Та Лувсанвандан гуайн нэрэмжит гоо зүйн дээд шагналыг хүртсэн цөөн хүний нэг. Энэ шагналыг цаашид ямар хүмүүст очоосой гэж хүсдэг вэ?

Соёл урлаг, гоо зүйн хамгийн том энэ шагналын гурав дахь удаагийн эзэн болсондоо бахархаж явдаг. Үнэхээр сод авъяастай, чадвартай хүмүүст энэ шагнал очдог. Шагналыг дагаж 10 сая төгрөг ирдэг. Энэ нь тэр хүнийг цалин мөнгөнд санаа зовохгүйгээр сайн уран бүтээл хий гэсэн үг гэж ойлгож байгаа. Цаашид оюун сэтгэлгээний, жинхэнэ гоо зүй, ёс зүй, мөн чанарын том бэлгэдэл, цар хүчийг өөртөө агуулсан бүтээл болон түүнийг бүтээсэн олон арван уран бүтээлчид Гоо зүйн дээд шагналыг хүртэх байх аа. 

Лу.Болд: Ард түмний дунд байгаа соёлыг хамгаалж, хөгжүүлж,
 түгээнэ гэдэг ариун үйлс

Аавынхаа нутагт алба, амины ажлаар зөндөө л ирж байсан байх. Энэ нутгийн хүн ардынх нь аж амьдрал, сэтгэлгээний онцлогийн талаар танд ямар сэтгэгдэл төрж байдаг юм бол?

Баянхонгор бол аавын маань, бас бидний нутаг. Миний аав монгол улсад оюуны соёлын үрийг тарихад хүчин зүтгэж явсан хүн. Мөн хэл шинжлэлийн доктор Шадавын Лувсанвандан, монгол хэл судлалын анхдагч Я.Цэвэл, эрдэмтэн зохиолч Д.Цэдэв, шинжлэх ухааны гавъяат ажилтан С.Дулам, ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсан, төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэн, Монгол улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Бирваа гээд манай улсын соёлыг тодорхойлдог олон сайхан хүн энэ нутгаас төрсөн нь үнэхээр бахархалтай санагддаг. Ард түмний дунд байгаа соёлыг хамгаалж, хөгжүүлж, түгээнэ гэдэг ариун үйлс. Энэ ариун үйлст хойч үеийн бид ч бас хүчин зүтгэх хэрэгтэй гэж бодож явдаг даа.

Аавынхаа тухай дурсамжаас бидэнтэй хуваалцаач …

Хүний сайн сайхны төлөө, нийгмийнхээ хөгжил дэвшлийн төлөө ажиллана гэдэг ямар гайхамшигтай юм бэ гэдгийг аавынхаа амьдралын туршлагаас би мэдэрдэг. Монгол орныхоо аль ч өнцөг буланд очсон миний аавыг багш хүний хувьд хүндэтгэж явдаг шавь нар нь, уран бүтээлч хүний хувьд зохиол бүтээлийг нь уншсан шүтэн бишрэгчид нь, мөн төр, нийгэм, соёлын зүтгэлтнийх нь хувьд үйл ажиллагааг нь дэмждэг хүмүүстэй зөндөө таарч, уулзаж байдаг. Тэр хүмүүстэй ярилцаж байхдаа би аавыгаа нэг хүн нэг удаагийн амьдралдаа амжуулахааргүй их ажил хийж чадсаныг нь, зүтгэж явсан салбартаа тодоос тод зам мөрийг үлдээж чадсаныг нь улам бүр ухаарч байдаг. Ер нь хүн өөрөө санаачилгатай, зорилготой амьдрах юм бол төр, нийгэм, хүн арддаа тустай зүйл хийж, бүтээж чадна гэдгийн нэг жишээ миний аав юм. Монгол хүн бүрт ийм чадамж бий.

Эцэг эх бүрт үр хүүхдүүддээ аминчилж захидаг сургааль үг гэж байдаг. Аавын тань тухайд…

Идэвх, санаачилгатай, хариуцлагатай ажиллаж амьдар. Улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэ. Монгол гэдэг үзлийг бүхнээс дээгүүрт тавьж бай гэж аав маань бидэнд захиж сургадаг байсан.

С.Лувсанвандангийн төрсөн дүү С.Норов:
“Ах маань олон охидын дунд өссөн”

Сономын гэдэг айл хэдэн хүүхэдтэй вэ?

Юуны өмнө хонгор нутгийнхаа нийт ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид эцэг эхээс есүүлээ төрсөн. Одоо тав нь амьд сэрүүн байна. Хамгийн бага нь 68 настай, хамгийн том нь 76 настай хөгшчүүл байна.

Ах тань багадаа ямархуу хүү байв, сэтгэлд хоногшсон дурсамжаасаа хуваалцаач?

Миний ах жирийн нэг малчин айлд, олон охидын дунд өссөн хүн. Ах маань багадаа ном их уншдаг, сэргэлэн цовоо хүүхэд байсан. Сургууль соёлын мөр хөөж,  мундаг эрдэмтэн болсон. Хотод суурьшсанаасаа хойш ээжийг эргэж их очно. Тэгэхэд бид нар бага байсан. Хонь хариулаад явж байхад ах маань шилэн портоор ирчихсэн байдаг. Хэд хонохдоо өглөө босч тогоог нь нэрж өгнө, аргалд явна, ээжийн бурхан тахилыг гялалзтал арчиж өгнө, бид нарын үс гэзгийг самнана, их л тус нэмэр болдог байлаа.

Танайхан Богд сумынхаа хаахнуур нутаглаж байв?

Ах маань Богд сумын хар ус гэдэг газар төрсөн гэдэг. Манайх өвөлдөө Нарийнхараа, зундаа Ам гол хавиар нутагладаг байсан даа.

Эгч дүүс нь өдгөө хаагуур амьдарч байгаа вэ? Ер нь ямар ажил төрөл эрхэлцгээж байв?

Би хотод амьдарч байгаа. Бусад маань нутагтаа аж төрцгөөж байна. Манайхан аймгийн аварга, тэргүүний малчин, мянгат малчин, үйлдвэрийн сайн ажилчин гээд бүгд л улсдаа хөдөлмөр зүтгэлээрээ тэргүүлцгээж байсан хүмүүс бий.

Э.ИРЭХБАЯР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж