Орос усны биржтэй болох санал дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Орос усны биржтэй болох санал дэвшүүлжээ

Дэлхийн улс орнууд байгалийн нөөц баялгийг өөрсдийн давуу тал болгон эдийн засгаа хөгжүүлэхэд ашиглаж байна. Өмнөд Азийн орнуудаас алтны томоохон хэрэглэгч Малайз  улс гэхэд өнгөрсөн сард үнэт металын бирж байгуулсан билээ. Батлан хамгаалах болоод өндөр технологийн салбарын гол түүхий эд болох газрын ховор элементийн бирж байгуулах болсноо Хятад улс мэдэгдээд буй. Ингэснээр эдгээр улс орон дэлхий дахинд энэхүү эрдсийг худалдаалах өөрсдийн дүрэм болоод үнийг тогтоох болсон гэхэд болно.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ажлаа өндөрлөсөн Ази-Номхон далайн орнуудын Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр усны бирж байгуулах боломжийн талаар ОХУ-ын Стратегийн үнэлгээ, судалгааны төвийн захирал Сергей Гриняев санал дэвшүүлжээ. Тэрбээр “Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын 80 хувь нь ундны болон үйлдвэрлэлийн хэрэгцээний усны гачигдалд орсон. Сингапур гэхэд сүүлийн 30 жил усны хэрэгцээгээ гаднаас хангаж байна.

Сибирийн асар том голууд, дэлхийн цэвэр усны сан Байгаль нуурыг эзэмшдэг Орос улс усны бирж байгуулах бүрэн боломжтой. Ингэснээр усны үнийн чиг баримжааг тодорхойлж, дэлхийн усны худалдааны дүрмийг хуулийн хүрээнд зохицуулах юм” гэв. Хэрэв энэ асуудал бодитоор хэрэгжвэл Орос улс Brent маркийн газрын тосны адил Байкал хэмээх усны шинэ бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах бололтой.     
 
Э.Од 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж