Монгол түмний мянга мянганыг туулсан оюун санааны өв их соёлд номын дээдэлж, эрдмийг эрхэмлэсэн уламжлал аугаа их билээ. Уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд гэгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг улс орон даяар "Номын баярын өдөр" болгон тэмдэглэж байх тухай 158 дугаар зарлигийг гаргалаа.
Энэхүү өдөр эрдмийн уурхай болсон ном болон түүний талаарх олон хэлбэр төрлийн ажлууд хийгдэх төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцон ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
Иргэдээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн, оюунлаг, эх оронч, өөрийн эх орны түүх уламжлалаар бахархдаг болгон хүмүүжүүлэх, хөгжүүлэх эх булаг нь НОМ аж.
Ард түмнийг гэгээрүүлэх, танин мэдүүлэхийн баяраар өөрийн байгууллагаас эрхлэн гаргасан ном бүтээлээ нийтэд сурталчлан таниулж ажиллахыг урьж байна.
Дашрамд дуулгахад, "Номын соёлт ертөнц" ТББ-с (www.bookworld.mn) зохион байгуулж буй "Номын баяр" арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болж байсан байна.