Архи, тамхины ОАТ-ыг нэмлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Архи, тамхины ОАТ-ыг нэмлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар гишүүдийн 79.6 хувийн саналаар анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй хэмээн үзэж, тус бүрт нь санал хураалгаж баталлаа. Ингэснээр Архи, тамхинд ногдуулах ОАТ өмнөхөөсөө хоёр дахин өсч байна. Хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжинэ. Мөн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслүүд ч анхны хэлэлцүүлгээр батлагдлаа. Гэхдээ санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Ж.Батсуурь архинд ногдуулах ОАТ-ыг нэмэгдүүлснээр хууль бус архины үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулах боломж олгох вий гэсэн болгоомжлолтой байгаагаа мэдэгдсэн. Үүнд УИХ-ын дэд дарга С.Баярцогт “ОАТ-ыг архи спиртийн төрөл дээр нэмэхээр далд үйлдвэрлэл нэмэгдэх хандлага гардаг. Тийм учраас энэ хууль хэрэгжихтэй холбогдуулаад Гааль, Татварын ерөнхий газар сайн ажиллах үүрэг хүлээх болж байгаа” гэсэн юм.

Ийнхүү Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх хүрээнд татварын орлогыг нэмэгдүүлэхийн тулд архи, тамхинд ногдуулах ОАТ хоёр дахин нэмэгдүүлэх төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснийг УИХ ёсоор болголоо. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар 2012 оны төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, дуусгаснаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай  тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. Товлосон хугацаанаасаа 1 цаг гаруйгаар хождож эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг шуурхайлж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж