Хуурамч дипломтнуудын хуудуу илэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Хуурамч дипломтнуудын хуудуу илэрлээ

Хуурамч диплом, бичиг баримт ашиглан төрийн албанд шургалсан цөөнгүй хүмүүс байгаа нь нэгэнтэй ил болжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ээлжит шалгалт үүнийг гэрчлэв. Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Ашигт малтмалын газар гэх дөрвөн газарт хийсэн шалгалтаар боловсролын хуурамч бичиг баримт бүрдүүлсэн 37 төрийн албан хаагч илэрчээ. Нэгэнтэй хууль бус үйлдэл хийсэн тэдгээр төрийн албан хаагчдад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хуулийн дагуу арга хэмжээ авахыг харьяалсан байгууллагуудад үүрэг болгосон гэнэ.
Хамгийн олон хуурамч дипломтой ажилтнуудын жагсаалтыг нийгмийн даатгалынхан эзэлжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ш.Энхцэцэг,  Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн н.Энхболд, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Нямцэнд, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтэн Ц.Намсрайжав, тус дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 23 дугаар хорооны хөдөлмөр халамжийн нэг цэгийн үйлчилгээний ажилтан Ж.Үүрийнтуяа, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэцэцэг нар хуурамч дипломоор ажиллаж байсан аж.
Тэгвэл энэ жагсаалтыг татварынхан удаалж байна. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ууганбаатар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч Д.Лхагва-Очир, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Цолмон нарын хуурамч бичиг баримтууд шалгалтаар илрээд байна.
Харин жагсаалтын гуравт газрын албаныхан орсон аж. Нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн төлбөрийн байцаагч Л.Мөнгөнтуул, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн З.Амартөмөр, Баянзүрх дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Т.Эдмон нарын бичиг баримт хуурамч байв.
Айргийн дөрөвт гааль, ашигт малтмалын ажилтнууд зуузай холбон “хатирч” байна. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн бүрдүүлэлтийн II албаны оператор Б.Ариунчимэг, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Ж.Басбаяр, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагч Б.Бат-Эрдэнэ нар хуурамч бичиг баримттай байсан аж. Харин Ашигт малтмалын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Захиргаа хамтын ажиллагааны тасгийн компьютер программ хангамжийн инженер З.Алтанбагана,  Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийн шинжилгээ туршилтын лабораторийн шингэрүүлсэн хийн баллоны туршилт баяжуулалтын шинжээч О.Батаа, Ашигт малтмалын газрын Геомэдээллийн сангийн геологич инженер Г.Өнөрсайхан нар хуурамч диплом ашиглан ажилд орсон гэнэ. Эдгээр 19 хүнийг Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн эцсээр болсон хурлаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Хачирхалтай нь Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн гаалийн улсын байцаагч Б.Мягмар, Гаалийн ерөнхий газрын Санхүү эдийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Б.Орхонтуул, Ч.Дагвасүрэн, Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нягтлан бодогч С.Баярмаа, Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Гантулга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батболд, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч А.Түвшинзул, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн  байцаагч С.Болорсүх, Л.Баярцэцэг, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Б.Урантунгалаг нарт үндсэн цалинг гурван сарын  хугацаагаар 20 хувиар бууруулан, сахилгын шийтгэл ногдуулах, есөн сарын хугацаагаар ажиллах эрхийг хасах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халах, удаан хугацаагаар эмчлүүлэх хүсэлт гаргасан тул үүрэгт ажлаас чөлөөлөх, жирэмсний амралт олгох,  тэмцээнд оролцох тул зургаан сарын хугацаатай үүрэгт ажлаас чөлөөлөх зэрэг шийтгэл ногдуулсан байна.
Тэгвэл хуурамч бичиг баримттай ажиллаж байсан Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар Буянт-Ухаа дах Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ариунболдын туслах  түшмэлийн зэрэг дэвийг гуравхан сарын хугацаагаар бууруулан, туслах түшмэлийн IV зэрэгтэй болгосон байх юм.
Харин Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн гаалийн улсын байцаагч Б.Саруултөгсийг ажлаас нь чөлөөлж,  Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар, Улаанбаатар хот дах гаалийн газрын Бүрдүүлэлтийн I албаны дарга Л.Отгонбаатарыг ажлаас чөлөөлж Дархан-Уул аймгийн Гаалийн хороонд гаалийн улсын ахлах байцаагчаар томилжээ.
Тэгвэл хуурамч бичиг баримттай нь тогтоогдчихсон Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Ж.Сүхбаатар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ажилтан Н.Жангарав нар ажлаа өнөөг хүртэл эрхэлсэн хэвээрээ байна.
Зөвлөлийн хурлаар уг асуудлыг цэгцлэх үүднээс эдгээр хүмүүсийг ажилд авсан шийдвэрийг хууль бус гэж үзэн ажлаас нь халахаар болжээ. Ингэхийн тулд хуурамч дипломтой нэр бүхий хүмүүсийг ажилд авсан шийдвэрийг энэ сарын 21-ний өдрийн дотор хүчингүй болгохыг эрх бүхий албан тушаалтанд Төрийн албаны зөвлөлөөс үүрэг болгоод буй юм.
Хэдхэн байгууллагыг шалгахад маш олон хуурамч дипломтон илэрсэн учраас бусад залилан мэхлэгчдийг илрүүлж, таслан зогсоохын тулд урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө батлахаар Төрийн албаны зөвлөл шийдвэрлэжээ. Энэ удаагийн шалтгалтаар голдуу дунд шатны албан хаагчид хуурамч диплом ашиглан төрийн албанд шургалсан нь тогтоогдлоо.
Харин өндөр албан тушаалтнуудыг хэрхэх нь тодорхойгүй байна. Өмнө нь ахынхаа бичиг баримтаар нийслэлийн Авто замын газрын даргаар ажиллаж байсан Д.Бат-Эрдэнийг Авлигатай тэмцэх газраас илрүүлсэн билээ. Гэтэл хотын дарга Г.Мөнхбаяр түүнийг тухайн үед ажлаас нь чөлөөлсөн ч саяхан нийслэлийн харъяа өөр агентлагийн даргаар томилсон юм.
Тэгвэл мэргэжлийн хяналтын газраас хуурамч доктор болохыг нь тогсоосон ч өнөөг хүртэл хууль батлалцаж буй бас нэгэн эрхэм бийг хэлэх юун…
Л.Төгсөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж