Оюутолгойн хөрөнгө оруулагчид мөрөө хавчаад өнгөрөв

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хөрөнгө оруулагчид мөрөө хавчаад өнгөрөв

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал дахин сөхөгдсөнд хөрөнгө оруулагчид мөрөө хавчаад өнгөрчээ.

Бүтээн байгуулалт нь дуусах шатандаа орсон төслийн хөрөнгө оруулагчдын нэг “Turquoise Hill Resources” (Айвенхоу Майнз) компанийн хувьцааны үнэ өнгөрсөн долоо хоногт 15 хувиар нэмэгдсэн байна. Рио Тинто хяналтын хувьцааг нь эзэмшдэг “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны үнэ өнгөрсөн долоо хоногт 9.10 ам.долларт хүрчээ. Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалько” Өмнөговьд нүүрс олборлогч “Саутгоби ресорс”-ын хувьцааг худалдан авах гэрээнээс татгалзсан тухай мэдээлэл цацагдсаны дараа “Turquoise Hill Resources”-ын хувьцааны арилжаа буурсан билээ. УИХ-ын зарим гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, Монголын талын эзэмшлийн 33 хувийг нэмэгдүүлэх тухай Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн талаар өнгөрсөн долоо хоногт бид мэдээлсэн. Оюутолгойн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг УИХ-ын гишүүд өмнө нь ч сөхөж тавьж байсан юм. Гэвч Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”, “Turquoise Hill Resources”-ын удирдлагууд энэ тухай сонсохыг ч хүсэхгүй байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ бол хөдөлшгүй гэрээ, Монголын Засгийн газар энэ гэрээг хүндэтгэх ёстой гэж төслийн гүйцэтгэх захирал Камерон Мак Рэй мэдэгдсэн талаар “Metalbullettin” сайтад мэдээлсэн байна. Рио Тинто групп Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад нийт зургаан тэрбум ам.долларыг зарцуулсан бөгөөд ирэх оны эхээр үйлдвэрлэлийг эхлүүлэхийн тулд нэмж 3.5-4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж