Мюррей “Их дуулга”-ын анхны цомоо хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Мюррей “Их дуулга”-ын анхны цомоо хүртлээ

Талбайн теннисний оны сүүлийн “Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” наймдугаар сарын 27-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтод Их Британы Энди Мюррей (3), өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Сербийн Новак Жокович (2) нарын хооронд болж Энди  Мюррейгийн ялалтаар өндөрлөжээ. Шигшээ тоглолт  таван сэт үргэлжилсэн бөгөөд эхний хоёр сэтийг Маррей 7:6, 7:5-аар өөрийн болгожээ. Гэсэн ч удаах сэтэд Жокович 6:2, 6:3-аар илүүрэн сэтийг харьцааг тэнцүүлж, улмаар шийдвэрлэх тав дахь сэтэд ялагч тодрох боллоо. Эхний хоёр үеийг өөрийн болгосон Мюррейгийн хувьд тав дахь сэтэд 6:2-оор илүүрхэж анхныхаа “Их дуулга”-ын цомыг хүртэж байна. Тэрбээр энэ жилийн “Уимбльдон”-ы шигшээд шалгарсан ч Федерерт ялагдаж байсан бөгөөд Лондонгийн олимпийн наадмын тоглолтод "Швейцарь цаг"-тай дахин тунаж ялалт байгуулснаар олимпийн аварга болсон. Их Британы тэргүүн теннисчний хувьд 2008 оноос эхлэн "Их дуулга"-ын тав дахь шигшээдээ шалгаран анхны цомоо хүртэж байна. Энди Мюррей тус тэмцээнд түрүүлснээр нэг сая 900 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 2000 оноо хүртжээ.

Энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж, Францын нээлттэй тэмцээний шигшээд Рафаэль Надальд ялагдаж, улмаар Лондонгийн олимпоос медальгүй хоцорсон Сербийн Новак Жоковичийн хувьд “Их дуулга”-ын цомоо зургаа болгох боломж дутлаа.





Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж