Тэрбээр “Сэтгэл гэгээрээсэй”, “Бурхан Буддагийн айлтгал”, “Мэлмий нээхүйн мянган бадаг” зэрэг “30 боть бүтээлийн чуулган” цуврал бүтээлүүдийг хэвлүүлжээ. “Хүмүүс бидний сэтгэлд бурхан, буг хоёулаа зэрэгцэн оршдог гэнэм. Хүн бүхний сэтгэлд орших бурханлиг чанарыг шунал хэмээх шулам саатуулж байдаг аж. Шунал бол зовлонгийн эх үндэс юм. Зовлонгийн гол шалтгаан нь харанхуй бүдүүлэг, тэнэг мунхаг, атаархуу, хомхой сэтгэл юм. Тэнэг мунхаг гэдэг бол үнэнийг үл мэдэгч харанхуй бүдүүлгийг хэлнэ. Таван махбод бүгд огторгуйн махбодод хурна, таван хор бүгд мунхаг сэтгэлд хурна хэмээн” “Сэтгэл гэрээрээсэй” ном эхэлнэ. Түүний номын баярт хүрэлцэн ирж, тухлан саатаарай.
“Сэтгэл гэгээрээсэй” номын чуулган болно
Монгол Улсын Гавьяат эмч, доктор, профессор, дуун хөрвүүлэгч Маналжавын Шагдарсүрэн уран бүтээлийн чуулган буюу 30 боть номын баяраа хийх гэж байна. Ард түмэнд “элэгний” Шагдарсүрэн хэмээх нэрээрээ танил тэрбээр 30 гаруй жил хүний их эмч мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ оюуны хөрөнгө оруулалт хийн олон ном, судрыг орчуулан уншигч түмэнд хүргэсэн билээ. Орос, англи, япон, хятад, төвд, латин хэлнээс орчуулга хийдэг Монголын шилдэг орчуулагчдын нэг тэрбээр 2006 онд “Ялдамхан дүр чинь ямархан үзэсгэлэнтэй”, “Мэлмий нээхүй мянган бадаг” орчуулгын номоороо БСШУЯ-ны “Шилдэг ном” шагнал, 2007 онд академич Б.Цэрэндаш нарын хамт “Элэгний хэсэгчилсэн бүтэц зүй” номоороо Монгол Улсын шинэ бүтээлийн патентыг авч байсан юм. Тэгвэл тэрбээр энэ удаад энэ сарын 13-нд Үндэсний номын сангийн уншлагын танхимд 17.00 цагт номын хур буулгах гэж байна.
Г.ДАША