А.Шоовдор: Хөтөлийн үйлдвэр дэвшил авчирна

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

А.Шоовдор: Хөтөлийн үйлдвэр дэвшил авчирна

Хөтөлийн “Цемент шохой”ХК-ийн гүйцэтгэх захирал А.Шоовдортой ярилцлаа

Технологийн шинэчлэл том дэвшил авчирна


Танай үйлдвэрийг 2010 онд хувьчлах тухай яриа гараад байсан. Ер нь ч олон жил хувьчилна, хувьчлахгүй гэсэн яриа гарсаар ирлээ. Юу болж байгаа вэ?

Харин тийм ээ. Жил бүр л Засгийн газар манайхыг хувьчлах тухай ярьдаг байсан нь бидний ажилд маш их төвөг бэрхшээл учруулж ирсэн. Тийм яриа гараад байхаар дотоод, гадаадын түншүүдтэйгээ урт удаан хугацааны гэрээ хэлцэл хийж болохгүй, алс хэтээ харсан төлөвлөлт хийж болохгүй, ажилчид хамт олны сэтгэл санаа тогтворгүйтэх гэхчлэн олон зовлон учирдаг байсан. Харин одоо асуудал нэг мөр шийдэгдэж бүх зүйл тодорхой болсон.  Засгийн газраас баталсан “2010 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт”-д манай үйлдвэрийн нэр орсныг харсан хүмүүс л хувьчлах юм шиг буруу ойлгосон юм шиг байна лээ.

Тэгээд яагаад хувьчлах үйлдвэрүүдийн жагсаалтад оруулсан юм бол?
Өөрчлөн байгуулах гэдэг утгаар орсон. Өмнө нь УИХ-аас гаргасан “Төрийн өмчийг 2010-2012  онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолд бүр “Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн цемент үйлдвэрлэх технологийг хуурай аргад шилжүүлэх нөхцөлтэйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах” гэж тодорхой заасан байгаа. Үйлдвэртээ техник, технологийн шинэчлэл хийж орчин үеийн үйлдвэр болгох талаар бидний тавьж байсан саналыг УИХ дэмжиж энэ тогтоолдоо тусгайлан зааж өгсөн юм. Үүнд манай яамны сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар нилээд үүрэгтэй оролцсон болов уу. Ямар ч гэсэн төр засаг бидэнд ийм сайхан боломж олгосонд манай хамт олон их баяртай, урам зоригтой байгаа.  

Үйлдвэрийн яг юуг нь шинэчлэх юм бэ? Энэ ажлаа танайхан эхэлсэн үү?
Манай үйлдвэр цемент үйлдвэрлэх технологийн хоёр шугамтай. Ашиглалтанд ороод 30 шахам жил өнгөрсөн болохоор хуучраад, элэгдэж эвдрээд цаашид үйлдвэрлэл явуулах аргагүй болсон. Өнгөрсөн жил нэг шугамаа бид өөрсдийн хүчээр бүрэн шинэчилж ашиглалтанд оруулсан. Одоо нөгөө шугамаа хуурай аргын гэх цоо шинэ технологид шилжүүлэх ажил эхэлж байна. Энэ бол маш их хариуцлагатай, монголчууд хэзээ ч хийж үзээгүй, нүсэр ажил л даа.

Хэр зэрэг их хөрөнгө, хүч шаардагдах вэ? Тооцоо судалгаа нь бэлэн болчихсон уу?
Техник эдийн засгийн үндэслэл гарчихсан. “Марубени” корпорацийн захиалгаар Японы зөвлөх институт манай үйлдвэр дээр судалгаа хийж, хуурай аргад хэрхэн шилжүүлэх талаар их тодорхой зөвлөмж гаргасан байдаг юм. Бид энэ зөвлөмж, бас өөрсдийн тооцоонд үндэслэн ТЭЗҮ хийсэн. Бид компаний зүгээс хийх ёстой тооцоо судалгаа, боловсруулах бичиг баримтуудаа бэлэн болгосон байгаа. Удахгүй ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлнэ. Үүний дараа хөрөнгө мөнгө шийдвэрлүүлэх саналаа ТӨХ-нд хүргүүлнэ. Шинэчлэлд нийтдээ 51.0 сая ам.доллар шаардлагатай.

Энэ зардал өндөр гэсэн үг үү, эсвэл хямд байна уу?
Шинэ үйлдвэртэй харьцуулахад бага зардал гэсэн үг. Шинэчлэл хийснээр манайх жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэнэ. Гэтэл яг ийм хүчин чадалтай үйлдвэр барих гээд 250.0 сая ам.доллар хайгаад явж буй хүмүүс бий.

Яагаад ийм хямд байгаа билээ? Хямд гэдэг үг чанаргүй гэдэгтэй адил сонсогдох тал байдаг?
Энэ тохиолдолд үгүй юм. Манайх чинь Монгол улсын сүүлийн 30 шахам жилийн бүтээн байгуулалтыг хангаж ирсэн цементийн үйлдвэр шүү дээ. Хуурай аргын технологийн дамжлагын тоног төхөөрөмжүүдээс бусад үндсэн төхөөрөмжүүд, дэд бүтэц, бааз суурь нь бүгд бий. Шохойн чулууны хоёр орд газар, ил уурхай, цахилгаан эрчим хүч, төмөр зам, автозам, ус, дулаан хангамж, склад агуулахууд, байшин барилга, ажил мэргэжлийн туршлагатай хүмүүс, байр орон сууц … гээд олон давуу тал бий.

Шинэчлэлийн ажил удаан үргэлжлэх үү? Хэдэн оноос жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэж эхлэх вэ?
Шинэчлэлийн хэвийн үргэлжлэх хугацаа 8-10 сар. Одоо бид хоёрхон төрлийн цемент үйлдвэрлэж байгаа нь тэр болгон хэрэглэгчдийн хүсэлт шаардлагыг нэр төрлийн хувьд ч, үнэ өртгийн хувьд ч хангах боломж өгөхгүй байна. Хөтөл хотын Дулааны станцын үлэмж их алдагдлыг үйлдвэр дааж авч явдаг зэрэг нийгмийн талын зардлууд цементийн өртөгт нөлөөлдгөөс үнэ нэмэгддэг. Тэгвэл шинэчлэлийн ажил дууссан өдрөөс л бид 7 төрлийн цементийг жилд 1.0 сая тонноор үйлдвэрлэж эхлэх учир нэгж бүтээгдэхүүний өртөг, үнэ буурах боломжтой болно. Хэрэглэгч өөрийнхөө хэрэгцээнд зориулан сонголт хийх өргөн боломж бий болно гэсэн үг.

Цементийн үнэ ямар байх бол?
Манай 1 тн цементийн өөрийн өртөг одоо зуун мянга давчихаад байна. Шинэчлэл хийсний дараа 62000-68000 төгрөг болж буурна. Цементийн борлуулалтын үнэ одоогийнхоос бараг хоёр дахин шахам хямдрана. 2011 оны эхний хагаст шинэчлэл дуусчихвал тэр өдрөөс л бид ийм хямд үнэтэй цемент нийлүүлж эхэлнэ. Ингэснээр манай бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайжирч импортын хямд үнэтэй чанар муутай цементийн хэрэглээг хязгаарлах нөхцөл бүрдэнэ.

Ялангуяа барилгын компаниудад их ашигтай болох нь ээ?
Тэгнэ. Зөвхөн барилгын компаниуд ч гэхгүй Монголын ард түмэн шинэчлэлийн үр ашгийг хүртэнэ. Хямд цементээр барьсан барилга орон сууцны үнэ хямд байх ёстой. Хувь хүн орон сууц, барилга байшин барихад хямд болно. Блок, хавтан гээд барилгын материалын үнэ хямдрана. Зам, гүүр гэхчлэн цемент хэрэглэдэг бүх л төрлийн байгууламж, цементээр үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний өртөг буурч үнэ хямдрана.


Цементийн чанар хүний амь настай холбоотой


Шинэчлэл хийснээр танай үйлдвэр Монголын цементийн хэрэглээг бараг дангаараа хангах боломжтой болох нь. Гэтэл одоогийн хоёр үйлдвэр дээр дахиад дөрөв таван цементийн үйлдвэр нэмэгдэх сурагтай байгаа. Зах зээлийн хомсдол үүсэх юм биш үү?

Хэрэв дотоодын зах зээл дээр цементийн илүүдэл үүсэх юм бол бид экспортлоно. ОХУ-ын хэрэглэгчид манайхаас цемент авах хүсэлт байнга тавьдаг. Орост цемент өндөр үнэтэй, бас хэрэглээ их, олдоц муутай. Бид ашгаа бодвол дотоодын зах зээлд биш гадаад зах зээлд өндөр үнээр борлуулах бүрэн боломжтой.

Оросууд манайхаас биш Хятадаас хямд үнэтэй цемент авах сонирхолтой биш үү?
Манайхан л Хятадын цементийг “хямд, чанартай” гэж ярьдгаас биш оросууд тэгдэггүй. Хятад хүн төлсөн мөнгөнд нь л таарсан бараа өгдөг болохоос чанартай сайн цементийг хямдхан өгнө гэж байхгүй. Манай үйлдвэрийнхтэй адил чанарын цементийг Хятадууд манайхаас хямд өгөхгүй гэдгийг Оросууд мэдэж байгаа л даа. Тэдэнд сайн чанарын цемент хэрэгтэй шүү дээ.

Манайхан Хятадаас муу цемент оруулж ирээд байгаа гэсэн үг үү?
Жижиг үйлдвэрүүдийн стандарт бус хямд үнэтэй муу цементийг манайхан их оруулж ирдэг. Уг нь ийм цементийг барилга, орон сууцанд хэрэглэж болохгүй. Цементийн чанар бол хүний амь настай шууд холбоотой. Хятадад газар хөдлөхөд улсын том үйлдвэрийн сайн чанарын цемент, арматур хэрэглэж барьсан барилгууд л тэсч үлдсэн тухай мэдээлэл гарсан байна лээ. Тиймээс ч Хятадууд жилд 100.0 мянган тонноос доош хүчин чадалтай цементийн болон арматур, төмөр хийцийн жижиг үйлдвэрүүдээ бүгдийг хаах шийдвэр гаргасан. Олон жижиг үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг хянах боломж хомс байдаг, бас аж үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой цемент, арматур гэх мэт бүтээгдэхүүнийг хэн дуртай нь үйлдвэрлээд байдаггүй юм шиг байгаа юм.

Манайд зарагдаж байгаа цементийн сайн, мууг бид яаж мэдэх юм бэ?
Замын-Үүд зэрэг хилийн боомтууд дээр маш сайн лаборатори ажиллуулж, бүх барилгын материалд хяналт тавих хэрэгтэй байна. Дотоодын үйлдвэрүүдийг ч ялгаагүй хянах шаардлагатай. Хятадад хэрэгцээнээс гарсан жижиг үйлдвэрүүдийг хямдхан авчраад юу нь мэдэгдэхгүй юм үйлдвэрлээд л байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр ямар ч хяналт алга. Юу ч үйлдвэрлээд, юу ч хилээр орж ирээд байгаа юм бүү мэд. “100000 орон сууц”, “Утаагүй Улаанбаатар” гэхчлэн олон төсөл хэрэгжихэд цемент, арматур, барилгын материалын хэрэглээ эрс өснө. Ийш нь чанартай чанаргүй юм нийлүүлж ашиг олохыг бодох хүн олширно. Бид газар хөдлөлт, үер усны аюул тохиолдоход амь насанд аюул учрахгүй орчинд ажиллаж амьдаръя гэвэл стандартын шаардлага хангасан барилга барих хэрэгтэй. Үүний тулд стандартын шаардлага хангасан түүхий эд, материал ашиглах ёстой. Чанартай барилга барья гэвэл чанартай цемент хэрэглэх ёстой.
  
Хуурай аргын технологиор үйлдвэрлэсэн цемент нойтон аргаар үйлдвэрлэснээс чанарын хувьд давуу байдаг уу?
Нойтон аргаар сайн чанарын цемент үйлдвэрлэж болохгүй гэсэн юм байхгүй. Оросууд нойтон аргаар маш сайн чанарын цемент үйлдвэрлэсээр ирсэн. Манай үйлдвэр ч гэсэн одоо сайн чанарын цементийг нойтон аргаар үйлдвэрлэж байна. Гэхдээ хуурай аргын давуу тал нь үүнээс дутахгүй сайн чанарын цементийг хоёр дахин хямд өртгөөр, олон нэр төрлөөр үйлдвэрлэж болдгийн зэрэгцээ бүтээмж дөрөв тав дахин өндөр байдаг.   


Оюутолгойд бүтээгдэхүүн нийлүүлэхэд төвөгтэй байна

Танайх Оюутолгойд цемент нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийж байгаа юу?
Тэднийд бид цемент нийлүүлэх санал, холбогдох материалаа хүргүүлсэн. Ердөө есхөн хоногийн дотор материалаа ирүүлэхийг шаардсан учраас бид маш давчуу хугацаанд өдөр шөнөгүй сууж байж саналаа бэлтгэж хүргүүлсэн. Энэ асуудлаар гэнэт намайг дуудсан учир саяхан бид Бээжинд очиж Оюутолгойн удирдах хүмүүстэй нь уулзаад ирлээ.  

Бээжинд үү? “Оюутолгой”ХХК чинь гадаадын хөрөнгө оруулалттай ч гэсэн Монголын компани биш юмуу?
Бээжинд оффистой, тэдэнтэй ажил төрөл ярих монголчууд тийшээ л явахаас өөр аргагүй юм билээ. Бид дөрвүүлээ явсан, чамгүй л зардал гарсан.

Та нар саналаа монгол хэл дээр хийсэн үү? Ер нь яриа хэлэлцээр ямар хэлээр явагддаг юм бэ?
Цемент нийлүүлэх саналаа англи хэл дээр хийж ирүүлэхийг шаардсаны дагуу 60-70 хуудас материалыг эхэлж монголоор бэлдээд дараа нь орчуулсан. Цаг давчуу байхад амаргүй ажил. Бид эндээс орчуулагч хөлсөлж авч явсан. Яриа хэлцлийг англи хэл дээр явуулж байна лээ.

Монгол улсын албан ёсны хэл чинь монгол хэл шүү дээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын компани яагаад монгол хэлийг хэрэглэхгүй байгаа юм бол? Энэ чинь хууль бус юм биш үү?
Ганц энэ ч биш. Бид тэднийд ажилд орох гэж гуйж очоогүй. Хятадын нэг компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэж гуйгаагүй. Монголын төрийн өмчит томоохон үйлдвэрийн газрыг төлөөлж очсон. Монгол улсын Засгийн газартай тэдний байгуулсан гэрээний хүрээнд ажил ярихаар очсон. Манай Засгийн газартай байгуулсан гэрээндээ тэд худалдан авалтынхаа 70%-иас доошгүйг Монголын компаниуд, иргэдээс авахаар тусгасан учраас бид очсон. Гэтэл бидний урдаас юуны Засгийн газар, юуны гэрээ, “бизнес бол бизнес” гэсэн зарчмаар л бид ярина гэх маягаар л хандсан даа.

Магадгүй, та нар хүлээж авах боломжгүй санал тулгаад ч юмуу эсвэл танай цементийн чанар тааруу, үнэ өндөр ч гэх юмуу шалтаг шалтгаан байсан юм болов уу?
Тийм юм байхгүй. Манай цементийг олон улсын лабораториор шинжлүүлэхэд үзүүлэлт нь маш сайн гарсныг тэд өөрсдөө ч хэлж байсан. Бид дотоодын зах зээлд борлуулдаг үнэ л санал болгосон. Гэтэл яах гээд байгаа нь ойлгомжгүй юмнууд хэсэг ярьж байснаа, үнийг 30%-иар хямдруулахыг шаардаад, тэгэх юм бол манайхаас жилд арван мянган тонныг авч болох ухааны юм хэлсэн. Энэ бол дотоодын нэг л компани манайхаас авдаг хэмжээ. Тэднийд тээвэрлэж хүргэх тухайд ч бид маш боломжийн нөхцөл санал болгосон. Харамсалтай нь үүнийг ойлгохын оронд банкны барьцаа тавих, урьдчилж мөнгө байршуулах ч гэх шиг биелүүлэхэд хүндрэлтэй, үндэслэл муутай шаардлагуудыг тавьж байсан.   

Оюутолгойн үйл ажиллагаа эхэлснээр монголчууд ажилтай болох, аж ахуйн нэгжүүдийн бизнес өргөжих, орлого ашиг нь нэмэгдэх, монгол хүн бүрийн, айл болгоны амьдрал ахуй дээшлэх тухай л яригдаад байсан биз дээ?

Тэгсэн шүү дээ. Бид төрийн өмчит компани гэдэг утгаараа ЗТБХБЯ, ТӨХ-оос хүртэл бичиг тооттой очсон. Тэгэхэд л ингэж аашилж байгаа юм чинь хувийн жижиг компаниудын тухайд бол нилээд бэрхшээл учирч магадгүй. Одоо тэд цементээ Хятадаас авто тээврээр татаж байгаа гэсэн.  Нэг өдөр наашаа харж инээж гэрээ байгуулчихаад маргааш нь тэс өөр ааш араншин гаргаад байгаа энэ нөхөдтэй Засгийн газар дахин ярилцах байлгүй дээ. Тэдний ярианаас үзэхэд манай аж ахуйн нэгжүүдийг Хятадын үйлдвэрлэгчидтэй өрсөлдүүлэх байдлаар л сонгон шалгаруулалт хийх бололтой. Манайхыг гэхэд л Хятадын хоёр цементийн үйлдвэртэй өрсөлдүүлэх юм яриад байна лээ. Гэтэл ийм тохиолдолд дэндүү тэнцвэргүй нөхцөл байдал үүснэ гэдгийг тооцоолсон учраас л монголчуудад ажил үйлчилгээний тодорхой хувийг өгөх талаар гэрээнд онцгойлон заасан шүү дээ. Бид асуудлыг ингээд орхихгүй цаашид үргэлжлүүлэн тэдэнд тавих болно. Засгийн газар ч анхаарах байх гэж найдаж байна.
Ярилцсанд баярлалаа.

Т.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж