Америкийн жүжигчин, зохиолч, багш, найруулагч өдгөө 75 настай Уолтер Кёниг өчигдөр алдрын одоор шагнуулж, Холливуудын алдрын гудамжинд өөрийн гэсэн одтой болсон байна. Тэрбээр Америкийн телевизийн “Star Trek” цуврал киноны Павел Чеховын дүрд тоглосноороо олонд танигджээ. Уолтер Кёниг энэхүү алдрын одоор шагнуулсан баяр догдлолоо алдрын гудамжинд од залах ёслолын үеэр тэнд хуран цугласан хүмүүстэй хуваалцсан байна. Тэрбээр “Энэ бол миний хүсч, итгэж, мөрөөдөж байсан ч хэзээ ч жинхэнээсээ болно гэж тооцоолж байгаагүй тэр зүйл. Энэ үнэхээр баяртай үйл явдал. Би үүнийг гүнээ хүндэтгэж байна” хэмээжээ. Уолтер Кёнигийн алдрын одыг байрлуулах энэхүү ёслолд түүний гэр бүлийнхнээс гадна “Star Trek” цуврал кинонд түүнтэй хамтран дүр бүтээсэн нэг багийн гишүүд, эртний андууд болох Леонард Нимой, Нишель Никольс, Жорж Такеи зэрэг алдартнууд хүрэлцэн ирж, түүний баярт мөчөөс хуваалцсан байна. “Star Trek” цуврал киноны жүжигчдээс хамгийн түрүүнд Канадын жүжигчин Уильям Шетнер алдрын од авч байсан бол бөгөөд хамгийн сүүлд Уолтер Кёниг уг хүндлэлийн эзэн боллоо.
Уолтер Кёниг алдрын одтой болжээ
Б.АНХТУЯА